Трампын дайн манай гарагийг хэрхэн ЦАХИЛГААНЖУУЛАВ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Доналд Трамп цахилгаан автомашинд дургүй, салхин сэнсийг үзэн яддаг. Тэрбээр АНУ-д ногоон эрчим хүчийг хориглохоор хичээж, янз бүрийн аргаар газрын тосны салбарынхныг дэмждэг. Гэвч гагцхүү түүний л хүчин чармайлтын дүнд ногоон ирээдүй дэлхий дахинд газрын тос, байгалийн хийн эрин үеийг ялж магадгүй болоод байна.

Учир нь Трампын Ираны эсрэг хийж буй дайн эрчим хүчний шинэ хямралыг өдөөсөн.

Харин одоогоор Украины эсрэг Оросын дайнаас сургамж авч, цахилгаан автомашин, нарны эрчим хүчид хөрөнгө оруулсан орнууд л энэхүү хямралыг бусдаас амжилттай даван туулж байна.

Ногоон хувьсгалд Хятад, Европын Холбоо тэргүүлж байгаа юм. Учир нь Хятад улс нь дэлхийн үйлдвэр бөгөөд эрчим хүчний түүхий эдийн импортоос хараат тул дэлхийн газрын тос, байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч болох АНУ-тай дэлхийн эдийн засгийн ноёрхлын төлөө хийж буй өрсөлдөөндөө ялахын тулд эрчим хүчний хараат бус байдлаа хангахаар зорьж байгаа. Харин Европын Холбооны хувьд эрчим хүчний түүхий эдийн гол нийлүүлэгчээ /ОХУ/ алдсан.

Газрын тос, байгалийн хийгээс нар, салхины эрчим хүчид шилжих үр дүн нь тодорхой. АНУ Иран руу халдсаны дараа Европт байгалийн хийн үнэ нэг мегаватт-цаг нь 30-аас 50 евро болтлоо өссөн. Харин Орос Украинд халдахад 300 евро хүрч байжээ. Харин Хятад улс газрын тос, байгалийн хийд илүү үнэ төлөх битгий хэл Оросын шингэрүүлсэн хийг Японд гурав дахин нугалсан үнээр борлуулж байна. Учир нь тус улс дэлхийн хямралыг ажрахааргүй их хэмжээний эрчим хүчний нөөцтэй. Энэ нь нарны зайн хавтан, салхин сэнс, усан цахилгаан станцуудын ач. Мөн авто тээврийн хувьсгалын үр шим.

 

 

Цахилгаан автомашин хэдий хэр газрын тос хэмнэдэг вэ

Хятад улс баяртай нь аргагүй цахилгаан автомашинд шилжин сууж, манай гараг дээрх хамгийн том экспортлогч болсон.

Өнгөрсөн онд гэхэд Хятад улсад цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт 2021 оныхтой харьцуулахад дөрөв дахин өссөн нь дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлт.

Тээврийг цахилгаанжуулах үйл явц газрын тосны хямралтай шууд холбоотой.

Зөвхөн цахилгаан автомашиныг сонгосноор дэлхий дахинд өнгөрсөн жил хоногт 2.7 сая баррель газрын тосыг хэмнэснийг Блүмберг агентлагийн шинжээчид тооцоолсон байна. Дөрвөн жилийн дотор энэ тоо хоёр дахин өснө.

Өрнөдийн орнууд газрын тосны шокоо нөхөхийн тулд орчин цагийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй алхам хийхээр шийдсэн нь стратегийн нөөцөөсөө газрын тос нийлүүлсэн явдал юм. Энэ хүрээнд 4-5 сарын турш хоногт гурван сая орчим баррелийг гаргана.

Цахилгаан автомашин байгаагүй бол үүнээс хоёр дахин их шаардагдах ба энэ нь экспортын дэд бүтцийн улмаас бараг боломжгүй. Өөрөөр хэлбэл газрын тос илүү үнэд хүрэх байлаа.

 

 

Байгалийн хийтэй салах ёс гүйцэтгэх нь

Хятад улс цахилгаан автомашинд шилжин сууж, говио нарны зайн хавтангаар хучиж байв. Зорилго нь Ойрх Дорнод, Орос, Австрали, АНУ-ын газрын тосноос хараат байдлаа бууруулах замаар эрчим хүчний аюулгүй байдлаа хангах явдал.

Европ ч Оросын газрын тос, байгалийн хийн хамаарлаасаа салахын тулд ижил алхам хийж байлаа. Аажмаар геополитикийн нөхцөл байдал цэвэр эдийн засгийн ашиг сонирхолд зам тавьж өгч, сэргээгдэх эрчим хүч илүү хямд, хүртээмжтэй болсон. Төсвийн татаасгүйгээр салхин сэнс, нарны зай, цахилгаан автомашинууд уламжлалт төрлийн түлш, тээврийг орлох боломжийн хувилбар болж чаджээ.

Оросын өдөөсөн дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын үед нарны зай, салхин сэнс 20 гаруй хувиар хямдарч, үр ашиг нь өсжээ. Өдгөө тэдгээрийг барьж ашиглалтад оруулахад нүүрс, хий, ус, атомын цахилгаан станцаас ч илүү хямд, хурдан болсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг болж байсан үед ихэнх орнууд өртөг өндөртэй салхин сэнс, нарны зайнаас илүүтэйгээр байгалийн хийг илүү экологид ээлтэй хувилбар хэмээн үздэг байсан.

 

 

Харин Ойрх Дорнод дахь шинэ дайн эл стратегид эргэлзэхэд хүргэсэн юм. Иран Ормузын хоолойг хаасан. Тус хоолойгоор Катар улс дэлхийн байгалийн хийн зах зээлийн 20 хувийг нийлүүлж байв. Өдгөө Катарын хийн хэрэглэгчид дахин нүүрсээ түлж эхэлжээ.

Гэсэн ч сэргээгдэх эрчим хүчид шилжих ерөнхий стратеги өөрчлөгдөөгүй. Зөвхөн тактик нь өөр болжээ.

Өнгөрсөн хямралд Европ ихээхэн хохирсон бол энэ удаад бүгд үр дагаврыг нь амсаж байна. Тиймээс дэлхийн олон улс орон байгалийн хийн шилжилтийг алгасаж, сэргээгдэх эрчим хүч рүү үсрэхийг үгүйсгэх аргагүй. Ингэхдээ эрчим хүчний тэнцвэртээ нүүрсийг хадгалж үлдэх боломжтой гэж Колумбиагийн их сургуулийн профессор Энн Софи Корбо үзэж байна.

Төлбөрөө хамтдаа юу эсвэл тусдаа юу?

Байгалийн хийг сэргээгдэх эрчим хүчээр сольсон улс орнууд газрын тос, байгалийн хийн үнийн өсөлтийг ажрахгүй давж байна гэж шинжээчид онцолжээ.

Гэсэн хэдий ч ногоон технологи эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болж эхлэнгүүт эрх баригчид татааснуудаа хумьсан тул сэргээгдэх эрчим хүчид шилжих шилжилт удааширчээ.

Гэвч дахин шинэ цохилт гарч ирсэн нь Ойрх Дорнод дахь дайн. Энэ нь төрийн дэмжлэгийн асуудлыг дахин гаргаж ирэв. Өнөөгийн эрчим хүчний хямрал 1970-аад оны газрын тосны шокоос ч илүү хүчтэй болох төлөвтэй. Тухайн үеийн нөхцөл байдал эрчим хүчний өөр түүхий эдэд шилжих шилжилтийн хурдасгуур болж байсан билээ. Гэвч үүний тулд шинэчлэл шаардлагатай.

Зарим улс орон ногоон хувьсгал дахь хоцрогдлоо нөхөхийн тулд реформ хийхээ хэдийн зарлаад байна. Тухайлбал, Их Британид өнөөг хүртэл Герман, Балба зэрэг орнуудад чөлөөтэй худалддаг зөөврийн нарны зайг хориглодог. Нарны зайн хавтанг хана, тагт, дээвэр гээд хаана л бол хаана байрлуулж болно. Иран Ормузын хоолойг хаасны улмаас газрын тос, байгалийн хийн үнэ өссөн энэ цаг үед л Их Британийн эрх баригчид тэрхүү хоригоо цуцлахаа амлаж, зөөврийн нарны зайн хавтан оруулж ирэхээр супермаркетуудтай тохиролцож эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top