Уг нь хөнгөлнө л гэдэг юм. Гэхдээ сонгуулиар. Сонгуульд ялаад суудалд очихоороо мартчихдаг юм. Мартах, мартахдаа бүр татвараа нэмж мартана. Тэгээд болоогүй “татвар хасах боломжгүй, төсөв тасарчихна” гэж гөрддөг юм. Яг одоогийн байдлаар татварын албанд бүртгэлтэй 265 мянган татвар төлөгч бий. Үүний 26% буюу 72.6 мянган нь 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй гэж Татварын ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Татварын ерөнхий хуульд зааснаар эдгээр татвар төлөгчдөд нийт 30 төрлийн татвар, төлбөр, хураамж оноож байгаа. Хувь хүний орлогын албан татвар нэрээр 10 хүртэлх хувийг, цалингийн орлогоос хамаарч 15-20 хувийг авна. Тэгээд болоогүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэрээр Жилийн орлого 6 тэрбум төгрөг хүртэл бол 10%, 6 тэрбумаас дээш орлогод 25% ногдуулдаг. Ингээд цаашаа явж өгнө. НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэл, онцгой албан татвар, АМНАТ, орон нутгийн шинж чанартай татварууд, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татвар, бусад төлбөр хураамжууд...
Татварын багц хуулийн шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед боловсруулж байлаа. Шийдлээ хүлээсээр энэ хүрсэн. Хоржоонтой нь хоёр ч Засгийн газар унаад, Н.Учралын Засгийн газар дээр хүрч ирлээ. Контекстийг нь харвал одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт ЗГХЭГ-ын дарга байхдаа, одоогийн Ерөнхий сайд Н.Учрал Инновац, цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа УИХ-д өргөн барьж байлаа.
Бүтэн хоёр Засгийн газар дамнаж, батлагдахаа хүлээж буй Татварын багц хуулийн шинэчлэлийг хаврын чуулганы хугацаанд батлах эсэх нь эргэлзээтэй байна.
Энэ хуульд НӨАТ-ын шинэчлэхээр тусгасан. Иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг шатлалтай болгоно. 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 100%, 500,000 - 800,000 төгрөг хүртэл төлсөн НӨАТ-ын 50%, 800,000 төгрөгөөс дээш төлсөн НӨАТ-ын 20%-ийг тус тус буцааж олгох санал тусгагдсан. Мөн НӨАТ суутган төлөгчийн босгыг нэмэгдүүлсэн. Дотоодын болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах, ААН-үүд үндсэн хөрөнгө, суудлын автомашин худалдан авах, мөн ажилчдын сургалт, ёслолын үйл ажиллагаанд төлсөн НӨАТ-аа шууд хасаж тооцох боломжтой болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт данс хаалтыг уян хатан болгох зохицуулалттайгаас гадна Татварын өрийг үл маргах журмаар данснаас татахдаа тухайн дансанд орж ирэх орлогын 80 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалт тогтооно. Хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн нийт дүн нь үндсэн өрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заажээ. Мөн татварын хяналт шалгалт хийгдэх хугацаанд алданги тооцохыг зогсооно.
Түүнчлэн хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулахаас болсон. Тухайлбал иргэн өөрийн өмчийн орон сууцандаа 5-аас доошгүй жил амьдарсан бөгөөд түүнийгээ борлуулж байгаа тохиолдолд 2 хувийн татвараас нэг удаа хөнгөлөх заалт туссан байна. Өмнө нь хэрэгжиж эхэлсэн цалингийн орлогын шаталсан татвар (10%, 15%, 20%)-ыг иргэдэд илүү тэгш, шударга тусах хэлбэрээр дахин засаж сайжруулахаар хэлэлцэж байна.
Манайх төсвийн орлогыг татвараа бүрдүүлдэг. Аж үйлдвэр барагтай хөгжөөгүй, эдийн засаг нь уул уурхайгаас дэндүү хараат улсад үүнээс өөр арга байхгүй л дээ. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгждээ өршөөлгүй ханддаг манайх шиг пост коммунист улс үлдсэнгүй. Яг хоёр жилийн өмнө 2024 нд 17 их наяд төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрчээ. Үүний 60 орчим хувийг нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүд бүрдүүлсэн байна. Татвар гэдэг бол иргэдээсээ төвлөрүүлээд эргээд иргэддээ зориулдаг тийм зүйл. Боловсролын тогтолцоо, эрүүл мэндийн салбар, боловсролын хүртээмж, утаа, түгжрэл зэргийг үүгээр л цэгцлэх ёстой. Гэтэл бид үүнийг зам барих, барилга овоолох гэж ойлгосоор өнөөг хүрлээ. Гэтэл нийгмийн суурь хэрэгцээ шаардлага бараг өөрчлөгдөөгүйгээр барахгүй, зарим талаар 90-ээд оныхоо л түвшинд байдаг. Энэ нь татварын тогтолцоо байндаа тусахгүй байна аа гэсэн үг. Пост коммунист улс орнууд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг хөнгөвчлөх /Н.Учралын хэлдгээр чөлөөлөх/, татварын системийг цахимжуулах чиг хандлагатай байна.
Сүүлийн үеийн чиг хандлагыг нь харвал улс, орон нутгийн татварыг нэмэхээс илүүтэй татварын процессыг ухаалаг, уян хатан, ойлгомжтой, дарамт багатай болгоход төвлөрч байгаа.
Ардын нам сүүлийн гурван сонгуулийн үр дүнгээр 10 жил засаглаж байна. 2028 оны сонгуулийн цикл хүрэхэд энэ тоо 12 болно. Хүний амьдралын нэг үе Ардын нам засаглажээ. Өдгөө нэгдүгээр хүн болсон У.Хүрэлсүх засаг атгаж байхад 2019 онд татварын орчиндоо гар дүрж байв. Дарамт ихтэй, алданги тооцдог, дансыг нь янгинатал түгждэг хатуу тогтолцоо тэр үед л бүрдсэн гэсэн үг. Хоржоонтой байгаа биз...

Сэтгэгдэл ( 0 )