УИХ-ын гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл нар өнөөдөр /2026.06.12/ Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосян нарыг хүлээн авч уулзлаа. 

Олон  Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгээс энэ сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа хэмээн танилцуулав. Хэлэлцүүлгийн үр дүнд эдийн засгийн эрсдлийг тодорхойлох ба дунд хугацааны төсөөллийг шинэчлэх, бодлогын зөвлөмж боловсруулах ажээ. Тус сангаас өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндлөө.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад, УИХ-аас санхүү, мөнгөний бодлого, зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гаргаж буйг, мөн татварын багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн тухай дурдлаа. Тэрбээр Байнгын хорооны даргын ажлаа хүлээн аваад төв банкны удирдлагуудтай уулзаж, мөнгөний бодлогын асуудлаар санал солилцсон. Эдийн засгийн идэвхжил өндөр байгаа өнөө цагт зээлийн хүүг бодит цагийн горимд шилжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогод түлхүү анхаарна. Шаардлагатай гэж үзвэл төсвийн хуулийг бүрэн шинэчилж, үр дүнд суурилсан тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ авна гэдгийг уулзалтын үеэр онцлов.

УИХ-ын гишүүдийн хувьд ОУВС-гийн зөвлөмжид туссан "Огцом шийдвэр гаргахгүй байх", "Ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтлах" асуудалтай санал нийлж байгаагаа илэрхийлсэн бол Байнгын хорооны дарга тус зөвлөмжид тусгасан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын асуудлыг дэмжих боломжгүй гэв. Учир нь монголчууд ёс заншил, уламжлалаараа бүлэрхэг, нөхөрсөг найрсаг, бие биедээ харилцан туслалцаж амьдарч ирсэн соёлыг эвдэх эрсдэлтэй гэж үзэж буйгаа илтгэсэн. Улсын төсвийн урсгал зардал өндөр, иргэдэд ирэх ачаалал, хүндрэлийг багасгах, амьжиргааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зүгээс холбогдох яам, байгууллага, албан тушаалтан мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагыг тавина гэдгээ илэрхийлсэн 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top