Трамп иранчуудыг газрын хөрснөөс арчина гэж сүрдүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ойрх Дорнодын бүс нутагт байрлаж буй АНУ-ын хөлөг онгоцнуудад цохилт өгөхийг завдвал иранчуудыг газрын хөрснөөс арчина гэж сүрдүүлжээ.

“Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа Цагаан ордны тэргүүн мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээнд Ираны тал илүү уян хатан болсныг онцолсон байна.

Үүнээс өмнө Доналд Трамп Ормузын хоолойд “Project Freedom” ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн билээ. Тус ажиллагаа нь Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцнуудыг аюулгүй гаргахад чиглэсэн. Хүмүүнлэгийн энэ ажиллагааг хөндлөнгөөс тасалдуулахыг оролдвол хүч хэрэглэнэ хэмээн анхааруулж байсан юм.

Түүнчлэн, Трампын мэдэгдсэнээр, АНУ Энэтхэгийн далайд саатуулсан Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудаас хураан авсан газрын тосны ихэнх хэсгийг авсан байна.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын дэргэд суугаа Ираны байнгын төлөөлөгч Амир Саид Иравани тус байгууллагын Аюулгүйн зөвлөлд хаягласан захидалдаа АНУ Ираны арилжааны хөлөг онгоцнуудыг эзэлж авсан нь түрэмгийлэл бөгөөд далайн дээрмийн үйлдэл хэмээн тодорхойлж, НҮБ-ын дүрмийг зөрчсөн энэхүү үйлдэлд хариуцлага тооцохыг уриалсан. Олон улсын эрх зүйн дагуу Иран улс эсэргүүцэх эрхтэй хэмээн онцолж, АНУ-ын тал Ираны “Majestic”, “Tifani” хөлөг онгоцноос 3.8 сая баррель газрын тосыг “булаан” авсныг дурджээ.

Ираны баяжуулсан ураны талаар Доналд Трамп энэ нь үнэ цэнгүй, ашиглах болсон байх талтай гэж мэдэгджээ. Ямартаа ч АНУ баяжуулсан ураны нөөцийг авах хүсэлтэй байгаагаа Трамп илэрхийлсэн байна. Мөн Ираны тал пуужингийн хөтөлбөрөө хязгаарлах ёстой гэж тэр мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top