Хүний амиар үнэлэгдэх "ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ"

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.

Шинэчлэгдсэн хуульд шүүхүүдэд гарсан сул орон тоонд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан шүүгчдийг УИХ-д танилцуулж, томилохоор заасан байгаа.

Өнгөрсөн долоодугаар сард шүүхүүдийн сул орон тоог нөхөхөөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан билээ. Сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт дууссан бөгөөд нийлбэр оноогоор тэргүүлсэн найман шүүгчийг ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэдгээ ШЕЗ-өөс зарласан.

Гэвч энэ сонгон шалгаруулалт нь танил тал, шүүгч  нарын сүлжээгээр дамжиж, эцэс сүүлдээ хүний амь насаар “үнэлэгдэж” байна.

Сонгон шалгаруулалт эхэлснээс хойш шүүгчдийн дундах “хонгил” хөл хөдөлгөөнд орж, нэр дэвшигчид танил тал найз нөхдөө бараадах болсноор энэ үйл явдал эхэлнэ.

Есдүгээр сарын 28-ны өдөр З.Ш гэх эрэгтэй яаралтай түргэн тусламжаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд амь насаа алдсан байна.

Талийгаачийн үхлийн шалтгааныг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж, нойр булчирхай буюу цочмог панкреатит гэж эмч нар дүгнэсэн аж.

Гол учир нь талийгаач З.Ш нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын төрсөн хүү бөгөөд тэрбээр амь насаа алдахаасаа өмнө сонгон шалгаруулалтад оролцож буй М.Пүрэвсүрэн нарын шүүгчидтэй хамт наргиж байжээ.

Түүний бие муудмагц талийгаачийн гэр бүлийн хүн зочид буудлаас ирж авсан гэх бөгөөд тэрээр Баянзүрх дүүрэг дэх гэрээсээ 103-аар, эмнэлэгт хүргэгдсэн ч аль хэдийн оройтсон байжээ.

Ашиг сонирхлын төлөөх тэдний уулзалт, ийнхүү нэгнээ харамсалтайгаар алдаж дууссан ч албан тушаал, эрх мэдэл рүү улайран зүгтэх үйл явц нь тасарсангүй.

Талийгаачтай хамт байсан М.Пүрэвсүрэн сонгон шалгаруулалтад тэнцэж, ШЕЗ-ийн саналаар Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр томилогдохоор зэхэж байна.

Тиймээс ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам Дээд шүүх рүү өөрийнхөө хүнийг зүтгүүлж буй гэх хардлага хуулийнхны дунд гараад байна.

Хэдийгээр Монгол Улсын шүүх хараат бус, бие даасан байх ёстой гэгддэг ч шүүгчид улс төрч, эрх мэдэлтнүүдийн гар хөл болж, тэдний эрх ашигт нийцүүлэн ажилладаг нь нууц биш.

Энд Салхитын мөнгөний орд зэрэг хэдэн арван жишээг нэрлэж болно. Гэвч аалзны тор мэт хэрсэн сүлжээ, шүүхийн авлига хээл хахуулийн асуудлыг таслан зогсоох үүрэгтэй ШЕЗ-ийн дарга нь ийнхүү нэр холбогдож байгаа нь ёс зүйд нийцэх эсэхийг эрх бүхий албан тушаалтнууд анхааралдаа авах шаардлага байгааг харуулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гал(202.21.107.40) 2023 оны 04 сарын 18

Бузар

0  |  0
Top