БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд Тобуро Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён сонгогчдын 49.4 хувийн санал авч, ялалт байгууллаа гэж тус улсын Сонгуулийн төв комисс мэдээлжээ.
Саналын хуудасны 95 хувийг тоолж дуусахад Өмнөд Солонгосын хэвлэлүүд И Жэ Мён ялсан тухай мэдээлж байв. Эрх баригч Иргэний хүч намын нэр дэвшигч Ким Мүн Су 41.1 хувийн санал авсан байна. Сонгогчдын ирц 79.4 хувьд хүрчээ.
БНСУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч И Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2025.06.04/ орон нутгийн цагаар 06.21 цагт албан ёсоор эхэлсэн тухай Чунан илбо сонин мэдээлжээ. 06.15 цагт Сонгуулийн төв комисс нэгдсэн хуралдаан хийж, сонгуулийн дүнг нэгтгэж, батлав. “06.21 цаг болж байна. Сонгуулийн төв комисс БНСУ-ын ерөнхийлөгчөөр И Жэ Мён сонгогдсоныг зарлаж байна” гэж Сонгуулийн төв комиссын дарга Но Тхэ Ак мэдэгджээ. Тэр мөчөөс эхлэн И Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлсэн байна.
Өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )