“Индиана” хар шидээ дахиад хэрэглэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 06

 

NBA-гийн плей-оффын финалын цувралын эхний тоглолтод “Индиана” хар шидээ дахиад хэрэглэлээ. Хар шид гэхээс өөр яах билээ. Энэ плей-оффын турш дөрөв дэх удаагаа итгэмээргүй байдлаар тоглолтыг эцсийн мөчид эргүүлчихээд байгаа юм чинь.

Энэ удаад “Оклахома” тэрхүү хар шидийн хүчийг мэдэрлээ. Тоглолт дуусахад 8 секундын өмнө самбараас ойсон бөмбөгийг “Индиана”-гийнхан аваад довтолсон. Тайриз Халибертон тун эвгүйхэн байдлаас шидсэн ч бөмбөг 0.3 секунд дутуу байхад цагариганд орж, хожил зочин багт оччихов.

Рик Карлайлыг хэдэн сая удаа магтлаа ч гэсэн ингэж 0.3 дээр ялалт авна гэдэг хар шид хэрэглээд буй мэт санагдам. Хамгаалалтдаа сайжруулж, олон талт тоглогчдоор бүрэлдэхүүнээ өргөжүүлж, сайн баг бүтээсэн Карлайлынхан болмооргүй зүйлийг болгож, Халибертон бүтээхээргүй зүйлийг бүтээсээр.

“Тийм бужигнаантай хэцүү үед ч дасгалжуулагч завсарлага авахгүй байгаа биз. Яагаад гэвэл бидэнд их итгэдэг юм. Миний хувьд тоглолтыг шидэлтээр дуусгахаар тэмүүллээ. Чөтгөр аваг гэж, энэ сагс чинь ямар ч сайхан юм бэ дээ. Хожих гоё юм аа. Бид үнэхээр сайхан хожлоо” гэж Халибертон бахархан өгүүлэв.

“Индиана” ер нь яг яаж хожчихов? “Оклахома” тоглолтын 47 минут 59.07 секундын турш тэргүүлж, хожиж явсан гээд бод. Үлдсэн 0.3 секунд нь л “Индиана”-гийнх. Тэгээд тэр хэдхэн сүүлчийн долль ялалт авчирлаа.

“Эцсээ хүртэл итгэж, урагш тэмүүлэх ёстой. Шүглийн сүүлчийн шүглийн дуу дуугараагүй л бол юу ч дуусаагүй гэсэн үг” хэмээн Халибертон бардам мэдэгдэв.

Майлз Тернерийн үг ч мөн энэ утгыг давтлаа. Гэхдээ үг нь арай өөр. “Итгэл, итгэл, итгэл. Бүрэн итгэл. Би энэ амьдралынхаа туршид энд л хүрэх гэж тэмүүлсэн болохоор одоо ухрах эрх байхгүй” гэжээ.

“Индиана”-гийн эмэгтэйчүүдийн багийн од Кэйтлин Кларк ч ордонд ирж, эрчүүдээ дэмжсэн төдийгүй түүний дэмжсэн жиргээнүүд олны анхаарлыг татаж, ялалтад хөтлөөд буй мэт сэтгэгдэл хүртэл төрүүлэх болжээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu