“Баавгай болохсон” киноны зохиолыг бичиж, өөрөө найруулагчаар нь ажилласан инээмсэглэл дүүрэн 30 гаруй насны бүсгүй өмнө ирж суулаа. Саарал цамцтай, яаруухан алхаатай, огт түгдрэлгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ хүн Каннын кино наадамд Монгол киног анх хөтөлж очсон.
Бид жилийн өмнө уулзахаар тохирсон ч амьдралын ширүүн салхи өөр тийш эргэсээр одоо л нүүрээ харалцсан нь энэ. Хоёр ч бага насны хүүхэдтэй эх хүний хувьд амралтын өдрөөр гадуурх ажлаа бөөгнүүлж байгаад амжуулахаар гарахдаа зориуд цаг гарган уулзаж буйд нь талархан угтлаа. Түүнтэй эхлээд Монгол киноны талаар ярилцахыг эрмэлзсэн юм.
-Өөрийн тань ярилцлагуудыг харахад, Монгол киноны талаар ярьсан нь цөөн. 1990-ээд оноос өмнө буюу нийгэм солигдохоос өмнө “Гарын таван хуруу” гэхчлэн олон сайн кино байдаг. 1990-ээс өмнөх үеийн Монгол кинонуудын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Би тэр үеийн кинонуудын талаар ярих гэхээр үзэл суртлын шүүлтүүрээр дандаа орж, өөрийнхөө хэлмээр байгаа зүйлээ ухаалгаар нууж гаргаж байж л хүргэдэг байсан гэхээр сэтгэл хөндүүр байдаг юм.
-Далд утгаар илэрхийлдэг байсан гэсэн үг үү?
-Тийн. Тийм болохоор тэр үеийн уран бүтээлчдийн тухай бодохоор сэтгэл хөндүүрлэдэг. Хэрвээ Главлит гэж байгаагүй бол ямар кино болох байсан бол гэдэг нь дандаа сонин санагддаг болохоор тэр талаар ярилцах, хэлэлцэх хүсэлгүй, бас шүүх ч хүсэл төрдөггүй. Зүгээр л их хөндүүр байдаг. Тэр хүмүүс яг хиймээр байсан зүйлээ хийсэн бол гэх бодол төрдөг.
-Өөрөө тэгвэл тэр үеийн кинонуудыг үзэхээс, ярихаас зугтааж байна гэсэн үг үү?
-Тийн. Яагаад гэвэл шүүлтүүрт орж, үзэл суртлын дайчин зэвсэг гэдэг нэр аваад, заавал үзэл суртал дамжуулах хэрэгсэл маягаар ашиглаж байж шүү дээ. Би соён гэгээрүүлэх гэдэг үгэнд их дургүй. Санаатайгаар соён гэгээрүүлэх гэдэг аюултай.
-Бас л нэг бодлого яваад байна гэж үздэг үү?
-Тийн. Чинечитта гэдэг Италийн маш гоё кино үйлдвэрийг байгуулсан хүн бол Бенито Муссолини байхгүй юу. Фашистууд кино урлагийн хүчийг маш их ашиглаж, үзэл суртал ухуулгаа хийсэн. Нийгэм зүв зүгээр байж байснаа нэг л өдөр нэгийгээ алаад шатаагаад саван хийчихье гээд, түүнийгээ жирийн юм гэж нийтээрээ хүлээн зөвшөөртөл бага багаар нөлөөлсөн байдаг. Кино урлагийг энэ мэтээр маш их ашиглаж байсан түүх бий. Кино бол маш их хүчтэй. Тиймээс найруулагчийн суудал дээр чөтгөр суувал маш их аюултай. Энэ сандал дээр ямар хүн сууж байна вэ гэдгийг дандаа ухамсартайгаар харж байх ёстой. Би өөрөө ч гэсэн юм хийхдээ өөртөө шүүмжлэлтэй хандаж байх ёстой. Чи ийм үзэл санаа түгээж болж байна уу? гэж дандаа бодож байх ёстой гэж боддог. Тэгэхээр соён гэгээрүүлэх гэдэг гоё үгийг урдаа барьж байсан байх. Би Монголын өмнөх үеийн кино бүтээгчдээ хүндэлдэггүй бол биш. Кино хийж байсанд, Кино үйлдвэртэй байсанд талархдаг. Киноны урт түүхтэй байсандаа ч баяртай байна. Гэхдээ үнэхээр гайхамшигтай байсан шүү, алтан үе шүү гэж шүтэх хүсэлгүй. Бас үгүйсгэх хүсэлгүй. Ер нь хүрэх хүсэлгүй. Харин эсрэгээрээ 1990 он гараад Г.Жигжидсүрэн найруулагч “Бүлээн нурам, “Амин мөр”, “Хүн чулууны нулимс” гэдэг гурван кинотой “Мөхлийн ирмэгт” гээд трилоги хийж байлаа. Гэх мэтчлэн сод бүтээлүүд байна шүү дээ. Энэ бол уран бүтээлчид хунирч байж байгаад гараа өргөөд “Аа аа” гэж тэнийсэн юм шиг мэдрэмж төрдөг. “Бүлээн нурам” чинь галзуу санаа шүү дээ. Тиймээс би 1990-ээд оноос хойшх киног нэрлэх дуртай. Би дээд үеэ хүндэлдэг шүү гэдгээ дандаа хэлэх хүсэлтэй. Би хэзээ ч дээд үеэ үл ойшоож байгаагүй. Намайг мэдэх хүмүүс бол үүнийг сайн мэднэ. С.Бямбаа найруулагчийн бүтээлийг биширч хүндэлдэг. Ийм найруулагч Монголын кино урлагт байдагт нь баярлаж явдаг. Хоромхон уулзаад хэдхэн үг солихдоо л толгойд маш их юм бодуулсан үгс хэлдэгт үргэлж талархаж, баярладаг.
-Тэгвэл 1990-ээс хойшх үеийн Монгол киноноос үзээд суучихдаг нь ямар бүтээл байна?
-Ганц л Монгол киног би гарч байвал үзээд суучихдаг. Тэр бол Б.Бадар-Ууган найруулагчийн “Шинэ үсгийн багш”. Жаахан байхдаа үзээд, хүүхдийн гэнэн сэтгэлээр их гоё байсан. Том болоод үзээд ч их гоё байдаг. Зурагтаар гарч л байвал суугаад үздэг.
-Анх ямар кино үзээд “Энэ ямар гоё юм бэ?” гэх бодол төрж байв?
-Жаахан байхдаа Үндэсний телевизээр бямба гаригийн орой болгон гаргадаг кинонуудыг хүлээн, догдолж үздэг байлаа. Бас UBS Video гээд бүтэн сайнд таван кино гардаг байсан. Харин ямар гоё кино вэ гэж бодож байсан нь бол The Shawshank Redemption, тэгээд Forest Gump –ийг үзээд ийм юм хийдэг хүн болох юмсан гэж бодож байсан.
-Монгол болон гадаадын жүжигчдээс хамгийн их үнэлдэг нь хэн бэ? Энэ жүжигчний киног үзэхэд ямар ч байсан сайн байдаг даа гэж бодсон хүн байна уу?
-Жүжигчид их өөрчлөгддөг шүү дээ. Сүүлд шинэ “Гладиатор”-т тоглосон Пол Мескал жүжигчний хувьд их таалагддаг. Үүнээс өмнө Aftersun, Normal People гэдэг кинонуудад тоглож байсан. Яг зориулж юм бичмээр санагддаг /инээв/. Өөр бас Уильям Дефо. Би дахиад том мөрөөдөлтэй баймаар байгаа байхгүй юу. Уильям Дефог кинондоо тоглуулж чадах тийм хүн болохсон гэж мөрөөддөг.
-Яагаад болохгүй гэж. Залуудаа анхны киногоо ийм сайн хийсэн юм чинь мөрөөдөлдөө хүрэх хугацаа бас байна шүү дээ...
-Дефо залуу найруулагчдад нээлттэй их гоё жүжигчин. Хөгшрөөд л байхаар нь “Ёо, хурдлаач ээ!” гэж өөрийгөө яаруулдаг /инээв/. Энэ хүнд зориулж юм бичих юмсан гэж боддог. Миний ойр дотноос бол авъяастай гэж харж байгаа жүжигчин бий. Миний “Шар автобус” богино кинонд тоглосон Г.Бямбажаргал гээд жүжигчин. Миний дотны найз байхгүй юу. Бямбажаргалд зориулж юм бичихсэн гэж бодож байгаа.
-Өөрийн чинь ярилцлагуудыг уншиж суухад “Одоо хар комеди хийхээр зохиолоо бичиж байгаа” гэж ярьсан байсан. Тэр зохиол юу болж байгаа вэ?
-Би тэр зохиолоо найман хуудас гаргачихаад үргэлжлүүлээд бичих гэхээр маамуугаа хараад суугаад байгаа болохоор болдоггүй. Зохиол бичихэд их судалгаа хэрэгтэй. Тийм юм үзэж туулсан хүмүүстэй уулзах хэрэгтэй. Факт чек хийх хэрэгтэй. Яг тэр сэдвээр судлаачидтай уулзах хэрэгтэй. Тэгж байж оригиналь зүйл босож ирнэ.
-Энэ кино утаа, боловсрол руу чиглэсэн байх уу?
-Утаа бол яалт ч үгүй чиглэх ёстой сэдэв. Нэн тэргүүний асуудал. Утааны асуудлыг тойрсон л зүйл хийхгүй бол болохгүй. Миний сэтгэл санааг зовоож, миний эх орондоо амьдрах хүслийг үгүй хийж байгаа зүйл бол утаа. Миний хүүхдүүд, монголчууд ийм утаагаар амьсгалаад л байвал гэхээс айдас төрж байгаа. Тэгэхээр холбоотой сэдвүүд л орж ирээд байгаа юм. Би өөртөө бол хайрын тухай сэдвүүд яагаад болохгүй гэж хэлж л байдаг. Утааны асуудал ард талд , background нь байх болно. “Баавгай болохсон” дээр би боловсролын сэдвийг хөндсөн бол энэ удаад эрүүл мэндийн салбар талаас нь хийнэ.
-Гадаадын нэгэн кино шүүмжлэгч “Баавгай болохсон”-ы тухай бичихдээ Монгол улс яг Өлзий хүү шиг шинэчлэгдэж өөрчлөгдөж буй Дэлхий ертөнцөд өөрийнхөө байр суурийг олохын тулд хүндрэл зовлонтой тулж яваа гэж бичсэн байсан...
-Тэгж ойлгогдож болно. Гэхдээ Өлзий бол том утгаараа өөрсдийгөө тусгах гэсэн дүр. Аягүй бардам, байгаа нөхцөл байдал нь их хүнд. Гэхдээ түүнийгээ хэнд ч, юунд ч үзүүлж харуулах дургүй.
-Одоо нөгөө эрчүүд уйлдаггүй гэх манайхны үзэл харагдаж байна лээ...
-Тийн, тэгээд бас тусламж эрдэггүй. Хүнд муугаа үзүүлэх дургүй. Бид нарын нийтлэг төрх.
-Тэгээд Өлзий хүү өвгөнтэй хамт байхдаа л уйлдаг шүү дээ. Яагаад тэр өвгөний дэргэд уйлж байгаа юм бол гэж бодож байлаа. Эмэгтэй хүний хажууд уйлах хэцүү. Аав нь ослоор өөд болчихсон. Өөрөө бараг аав болчихсон хүү байгаа шүү дээ...
-Хайртай нохойгоо алдах мөч гэдэг бол энэ чигээрээ үргэлжлүүлж болохгүй гэсэн дохио. Энэ чигээрээ бардамнаад, асуудлаа нуугаад байвал, асуудалтайгаа нүүр тулахгүй дараад байвал, юу ч болоогүй юм шиг яваад байвал хайртай юмнуудаа алдаж эхэлж байна шүү гэдэг дохио. Тэр бол дүрийн өөрчлөгдөх момент. Тусламж эрж, жинхэнэ нөхцөл байдлаа хичнээн ичгүүртэй ч гэсэн харуулж, шийдэл хайж олж байгаа. Одоо бол бид яг ийм байгаа. Манай нийгэм, гэр бүл дотроо, эсвэл хувь хүн маш их асуудалтай. Тэрийгээ ил болгох дургүй. Нуух хүсэлтэй. Тэрнээсээ болоод бидний асуудал улам ужгирч байгаа. 27 хувь нь ядууралтай гэдэг тоо хоёр гурван Засаг дамжаад ерөөсөө өөрчлөгдөөгүй. Энэ чигээрээ байх биш. Асуудлыг хүлээн зөвшөөрмөөр байгаа юм. Манай улс ядуу юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ядаж л 4 хүний 1 нь нэн ядуу гэсэн судалгааны дүр гарсан байсан. Тэр 1 хүнийгээ хүлээн зөвшөөрөх дургүй. Жишээ нь намайг Монголоо муухайгаар харууллаа чи гээд уурлаад байгаа байхгүй юу.
-Тийм ээ, тийм шүүмжлэл яваад байсан...
-Тэр чинь би энэ улсын асуудлыг харуулчихсанд уур нь хүрээд байгаа байхгүй юу. Ийм байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд шийдэл рүү явмаар байна. Хүлээн зөвшөөрөхгүй бол энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л Монгол гэдэг чинь цэлмэг хөх тэнгэр, их гоё цэлгэр тал гэж харуулмаар байвч тэр чинь одоо бэлчээрийн доройтолд орж эхлээд байна. Ямар олон гол мөрөн ширгэж байна. Энэ асуудлаа ярих ямар ч хүсэлгүй байгаа нь нийтээрээ Өлзийбатын дүр.
-Монголоо муухайгаар харууллаа, харлууллаа гэх яриа гарч, зарим олны танил хүн шүүмжилсэн нь харагдаж байсан...
-Зөвхөн олны танил ч биш. Одоо жишээ нь Шведэд амьдардаг нэг залуу “Баавгай болохсон”-ыг үзэхээр очсон юм байна. Хүүхдүүдээ Монголд дуртай болгох гэж хичээж очсон юм гэнэ ээ. Очоод үзсэн чинь хүүхдүүд нь айсан гэнэ. Тэгээд намайг, миний киног доромжилж байгаа байхгүй юу. Гэхдээ эцсийн асуулт юу гэхээр “Монголыг сайхан улс гэж боддог юм бол, үнэхээр бахархаж байгаа юм бол яагаад энд биш Шведдээ амьдраад байгаа юм бэ?”. Тэнд “Би Чингисийн Монгол” гээд цээжээ дэлдээд амьдрах гэсэн чинь би улсынх нь жинхэнэ төрхийг харуулчихсан кино хийсэнд аймаар уур нь хүрээд байгаа. Тэгвэл ухаад ухаад муу юм олдохгүй улс орон болгохгүй, чи өөрөө тэнд юу хийгээд байгаа юм бэ? гэдэг асуулт байгаа юм.
-Өмнө нь Монголын амьдралыг бодитоор нь ингэж гаргаад, Каннын кино наадамд үзүүлж байгаагүй болохоор хүмүүст бас цочирдмоор хүнд туссан юм болов уу?
-Тэгсэн юм болов уу... Дандаа үзэл суртал шингэсэн киногоор хүмүүжсэн хүмүүс байж болно. Жишээ нь холливуд кинон дээр fuck гээд хэлэхэд энд гаргахдаа нэг тон доошлуулаад “Новш минь” гэж орчуулдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм бодит амьдрал дээрх ярианы хэлбэртэй кино үзэж дасаагүй үзэгчид байж болно. Жишээ нь, энэ кинонд миний эмээ тоглосон байхгүй юу. Нэг эмээ байгаа шүү дээ. Тэр чинь миний эмээ.
-Аан тийм үү?
-Тэгээд эмээтэйгээ би Бусаны кино наадамд очлоо. Тэнд эмээ киногоо анх үзсэн юм. Харихдаа эмээ надад “Заавал ингэж хараал ерөөл хэлэхгүй байж болоогүй юм уу, миний хүү?” гэсэн. Миний эмээ кинонд дуртай. Бүх Монгол киног очиж үздэг хүн л дээ. Охин нь ийм кино хийчихсэн байсан нь эмээд хүртэл шоокны, яагаад ингэж байгаа юм бэ? гэх бодол төрүүлсэн. Гэхдээ миний үе ч гэх юм уу, англи хэл устай хүмүүст бол тэр хэллэг огт тэгж тусахгүй. Кино бол амьдралын нэг хэсэг. Амьдралын нэг хэсгийг л харуулдаг. Гэтэл өдий хүртэл ийм кино үзээгүй байна гэдэг бол цензүрдүүлж л байсан байхгүй юу. Тэгээд энэ кинотой учраад аймаар шоок болж байна.
-Мэдээж, магтаалын хажуугаар бас шүүмжлэл ч олон ирсэн. Шүүмжлэлийн талаар юу бодож байгаа вэ?
-Найруулагч бол угаасаа шүүмжлүүлэх заяатай хүмүүс. Киног шүүмжлэх бүр тусгай ажил мэргэжил байдаг. Сайн кино зөвхөн магтаал хүлээхээс гадна бас муу бол муу хэлүүлнэ шүү гэдэгтээ бэлэн байх ёстой. Магтуулахгүй бол хунираад байж болохгүй. Тэгэхээр заавал шүүмжлүүлнэ. Шүүмжлэл, доромжлол хоёр бол өөр л дөө. Мэргэжлийн шүүмжлэлийг заавал байгаасай гэж бараг эрэлхийлдэг.
-Монголд кино шүүмжлэгчид байна уу?
-Байгаа байгаа. Залуучууд маш сайн шүүмжлэгчид гарч ирж байгаа. Мэргэжлийн түвшинд англиар шүүмжлэл бичиж байгаа залуу байна.
-Б.Ганчимэг сэтгүүлч киног тань шүүмжилсэн байсан. Мөн Ч.Номин сайдтай нэг асуудал гарсан. Мөн Урлагийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа жүжигчин Ундралтай бас зөрчилдсөн ч гэх юмуу. Ингээд энэ хүмүүсийн нэрийг хараад, өөрийг чинь бас харахаар дандаа эмэгтэй хүмүүс байгаад байх юм. Эмэгтэйчүүд бие биенийгээ ингээд байгаа нь яадаг юм бол ч гэх шиг бодол төрж байлаа.
-/Инээв/. Би Кино урлагийн зөвлөлийг яагаад байгааг ойлгохгүй байгаа юм. Би кино бүтээх явцад мөнгө аваагүй байхгүй юу. Миний киног гоё, муухай гэж хэлэх нь бол ямар ч асуудалгүй, мөнгө төлж үзсэн хүн мэдрэмжээ л илэрхийлж байна. Ирж үзсэнд баярлалаа. Харин мөнгө авсан, аваагүй гэдэг бол шал өөр асуудал. Аваагүй мөнгийг авсан гэж Ч.Номин сайд парламентийн гишүүдийн өмнө хэлсэн шүү дээ. Кино урлагийн зөвлөл зөвхөн хийсэн ажлаа л ярих хэрэгтэй шүү дээ. “Баавгай болохсон”-д унааны зардал өгсөн гэж ярих ёстой болохоос бүтээх зардал өгсөн гэж ярих ёсгүй. Гадаадад тэтгэлэгт тэнцэхэд чинь хэн нэгэн онгоцны мөнгө өгснөө “Би сургуульд оруулсан, сургасан, бараг төрүүлж өсгөсөн” г эж ярьж болохгүй биз дээ? Энэ бүх гүтгэлэг, цензурдэлт, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэлдээ хэн ч эргэж надаас албан ёсоор уучлал гуйгаагүй. Буруу юм хийсэн бол эргээд уучлалт гуйх ёстой шүү дээ.
-Тэгж хэлэхгүй бол их мөнгө хэлэлгүй авчихсан гэх бодол хамт кино хийсэн хүмүүст тань төрөх байсан уу?
-Тэгнэ шүү дээ. Найзуудаас маань хүртэл надад боломжоороо мөнгө өгсөн. Гэтэл тийм юм сонсохоор найзууд маань надад эргэлзэж эхэлнэ. Мөнгө өгсөн хүмүүс, мөнгө зээлсэн хүмүүс эргэлзэж эхэлнэ. Надад ямар ч мөнгө байхгүй, юмаа хийж чадахгүй байна гэж хэлж байсанд минь франц хамтрагч хүртэл эргэлзэж эхэлнэ биз дээ. Тиймээс би аваагүй гэдгээ хэлэх ёстой. Тэр хүмүүсийн яагаад тэгээд байгааг би үнэндээ мэдэхгүй. “Оскар”-т би бас явахгүй байж болох байсан. Ундралтай огт харилцалгүйгээр явахгүй байж болох л байсан. Гэхдээ “Баавгай болохсон”-ыг “Оскар” руу явуулахгүй байна гэдэг нь Монголын Кино урлагийн зөвлөл Каннын кино наадмын сонголтыг доромжилж байгаа үйлдэл байхгүй юу. Энэ бол Золжаргалаас давсан зүйл. Тэнд Каннын кино наадамд оролцож буй анхны Монгол кино гэж танилцуулсан. Каннын кино наадмынхан ч үүнд баярлаж, хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн ярьж, бичсэн. Каннын сонголт гэдэг бол муу байх боломжгүй. Гэтэл үгүйсгэж байна шүү дээ, тийм ээ. Манай улс жил болгон Каннд очиж павильон авч, эвэнт хийж байна. Тэгтэл намайг гэхээсээ илүү Каннын кино наадмын сонголтыг доромжилчихоод дараа жил яаж очих юм бэ? Яаж дараагийн Монгол кино тэнд очих юм бэ? Тэнд очлоо гэхэд хэн тоож ирэх юм бэ? Монголд яахав намайг ингэж болно. Гэтэл Монголын кино урлагийн нэр хүнд олон улсын тавцанд яах вэ? Ийм сайн киногоо дарчихдаг газар хэн очиж зураг авалт хийхийг хүсэх юм бэ? Энэ хүмүүс татварын буцаан олголт өгнө, манай дээр зураг аваарай гээд, шинэ хуультай болсон гээд байгаа. Яг энэ буцаан олголтыг өгөх юм уу? Яг бизнес гэдэг утгаараа олон продюсер, бусад монгол уран бүтээлчид итгэхээ больчихно. Тэгэхээр энэ хэнд хортой юм бэ? Энэ бол дороос гарч ирж буй залуу уран бүтээлчдэд маш их хортой. Тиймээс би тогоон дотроо цөм хагаръя. Харин олон улсад явах ёстой кино нь явах ёстой. Яагаад гэвэл би улсынхаа нэр хүндийг ингэж авч үлдэх ёстой байхгүй юу. Монгол улсыг буцаагаад коммунист улс болгох оролдлого их явж байна. Гэхдээ тэрийг хүлээн зөвшөөрөхгүй бүтэн үе бий гэдгийг харуулж, нэрээ хамгаалж үлдэх зайлшгүй шаардлагатай. Ийм олон хүн гоё кино гээд биччихсэн байхад улс нь цензүрдчихлээ гэнэ. Энэ энтернэшл медианууд ч уурлаж эхэлнэ. Сая бас яг тийм нэг явдал болсон. Энэтхэг найруулагч эмэгтэйн Каннын кино наадамд Гран При авсан киног улс нь дараад, өөр киног “Оскар”-т явуулчихсан.
-Тэгэхэд яаж хүлээж авсан бэ?
-Интернэшл медиа Энэтхэг улсын энэ шийдвэрийг хүчтэй буруутгасан. Болливудыг байж болшгүй юм хийлээ гэсэн. Мумбайд байгаа гурван эмэгтэйн тухай өгүүлсэн, хүнтэй суугаагүй байж хоёр шашины хүн хоорондоо хайр сэтгэлтэй болж буй тухай, бэлгийн харьцаанд орж байгааг нь дэлгэцэнд харуулж байгаа байхгүй юу. Тэгсэн манай улсыг муухай харууллаа гээд цензүрдчихэж байгаа юм. Яг л энд болсон шиг. Гэхдээ болливуд дотроо киноны маш том зах зээлтэй болохоор заавал гадаад руу гарахгүй ч байсан болно. Бид бол тийм биш. Бид гадагшаа гарах хэрэгтэй байхгүй юу. Бидэнд хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Олон улсын продюсерүүд хэрэгтэй. Эд нар байж гэмээнэ жаахан босож ирэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ итгэлийг алдаж болохгүй.
-“Баавгай болохсон”-ыг өнгөрсөн жил “Тэнгис”, “Өргөө” гээд кинотеатруудаар гаргасан. Үзэгчдийн тоо ямархуу байсан бэ?
-Нэгдүгээр сард Монголд нээлтээ хийдэг кино цөөхөн байдаг. Тиймээс нээлтээ хийхэд өрсөлдөж гарч ирж байгаа кино цөөхөн байсан. Гуравдугаар сарын 8 гээд олон фэнтэй хүмүүсийн кино нээлтээ хийгээд эхэлдэг болохоор тэр үеэр үзэлтийн тоо доошлоод ирж байгаа юм. Эхний гурван өдрийн үзэлтийг бол кинотеатрууд шууд зарладаг. “Баавгай болохсон” бол өнгөрсөн жил нээлтээ хийсэн кинонуудын үзэлтийн тоог оны сүүлд гаргахад эхний тавд байсан шүү.
-Гадаадын сайтыг харж байхад “Баавгай болохсон”-ы орлогыг бас бичсэн харагдсан. Ер нь ашигтай ажиллаж чадсан уу?
-Зарлага нь угаасаа их өндөр кино. Яг зардлаа нөхөөд л дуусаж байгаа. Би бүх хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө буцааж өгч чадсан. Би өөрөө байраа зарчихсан байсан. Одоо буцаагаад байраа авсан. Гэхдээ хамаагүй жижигхэн байр авсан.
-Киногоо хийхийн тулд байраа зарсан уу?
-Тийн.
-Тэгэхээр байр жижигсэнэ гэхээр алдагдалтай шахуу гэсэн үг үү?
-Үгүй ээ, сүүлийн гурван жилд байрны үнэ бараг 50 хувь өсчихсөн үү? Хүмүүсийн цалин бол 50 хувь нэмэгдээгүй шүү дээ. Миний 80 саяар зарсан байрыг буцаагаад авъя гэтэл засвар хийсэн нь 145 сая гэж байсан. Гэхдээ би киноноос олсон ашиг гэдэг юмыг төгрөгөөр ч юмуу, метр квадратаар хэмжихгүй. Энэ киноны авчирч буй нөлөөгөө хангалттай талархахаар хэмжээнд гэж бодож байгаа.
-Миний хувьд кино үзээд хоёр залуу мод мөрлөчихөөд ярилцаад явж байдаг хэсэг сэтгэлд их бууж, гоё хэсэг юм гэж бодож байсан. Өөрөө киноныхоо аль хэсэгт илүү сэтгэл татагдсан бэ?
-Ээжтэй зүүдний сценад их дуртай. Тэр бол миний хувьд маш их утга учиртай сцена байхгүй юу. Зарим хүмүүс үзчихээд баримтат кино шиг байна гээд байгаа. Яагаад гэвэл би тийм реалист кино хийсэн. Сошиал реалист жанр юм чинь. Харин тэр сцена бол артхаус киноны удаан зураг авалттай хэсэг шиг. Гэмтчихсэн самрын мод ойд суугаа ээжийг нь олдог. Ээж нь ойд дуулаад сууж байдаг. Ойртмогц уйлаад, хүүгийн зүүд. Хэзээ ийм монгол ээж байсан юм бэ? гээд байгаа шүү дээ, тийм ээ. Үзэгчид архинд донтчихсон муухай ээж гэж зарим үзэгч дүгнэж байгаа юм. Гэхдээ энэ чинь сайн боловсрол олж чадаагүй, хохирчихсон үе байгаа биз. Бөөн гэмтэлтэй модон дотор, яг нийгэм солигдох үед хохирогч болоод гэмтээд үлдчихсэн хүн байхгүй юу.
-1990-ээд онд сургуулиа төгсөж, дөнгөж амьдралаа эхэлж байсан үеийнхнийг нийгмийн хайчинд орчихсон үеийнхэн гэдэг шүү дээ. Тэр л юм байна, тийм үү?
-Тийн, зарим нэг утгаараа хохирогч. Хүнд гэмтэл үүсэж байна. Бага залуугаасаа итгэж явсан үзэл санаа, нийгмийн тогтолцоо өөрчлөгдчихөөр хэцүү тусна. Би өөрөө яг 1990 онд төрсөн хүн болохоор тэрнээс өмнө ямар байсныг мэдэх ч үгүй. Нэг ч хором тийм нийгэмд амьдарч үзээгүй. Тэгэхээр ойлгох гэж их хичээдэг байхгүй юу. Хүмүүс энэ ээжийн дүрийг буруутгаад ямар ч ялалтад хүрэхгүй, харин яаж туслах вэ, яаж ийм нөхцөл байдлаас нь гаргах вэ гэдгийг л бодох зөв. Архинд орчихсон хүмүүст тусалдаг хэдэн нийгэмлэг байдаг юм бол? Туслах ёстой л гэж боддог. Тэрнээс пий паа гээд бүгд зайгаа барих биш. Зүүд бол хүүгийн толгойд байгаа бодол. Хичнээн ээждээ гомдсон ч их хайртай л байгаа. Энэ сценийнхээ талаар би хамт ажилласан хүмүүстэйгээ их ярилцсан. Гэнэт өөр жанр руу ороод байна гэж хамт ажилласан хүмүүс их хэлсэн. Энийг хасчихъя, оруулахгүй байя ч гэсэн. Тэгсэн ч би тэр сценийг заавал байх ёстой гээд өнгө дээр нь зөвлөгөө аваад ажилласан. Би ажиллая, би илүү эвлүүлэг дээр нь ажиллая гэж байж авч үлдсэн болохоор их хайртай.
-IDMb үнэлгээг нь харахад 7.2 байна лээ. Монголын кинонуудын ийм үнэлгээг ер нь анзаарч байсан уу?
-Би сайн мэдэхгүй байна. Тэгж шалгаж байгаагүй. Гэхдээ хүмүүс киног маань их үзэж, үнэлсэнд баярлаж явдаг даа.
Сэтгэгдэл ( 9 )
Ойр тойрныхон нь бүр эмээ нь хүртэл эсэргүүцээд байхад зөрөөд л байр сууцаа зараад Монголчуудын бузар булайг дэлгээд ч хамаагүй ашиг олно гэж бодсон юм шиг байгаа юм. Амьдралын үнэнийг өгүүлнэ гэдэг чинь баримтат кино хийхийг хэлнэ. Уран сайханы кино гэдэг бол үзэгчдэд баяр баясгалан, итгэл найдвар, инээд хөөр өгөхийг хэлнэ. Кино урлагт суралцаагүй, зоосны нүхээр урлагыг харсан боловсролгүй, тэнэгдүү эмэгтэй байна.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Монголынхоо бузар булайг дэлхийгээр нэг цацаж ашиг олох хэрэг байсан ч юмуудаа
Монголынхоо бузар булайг дэлхийгээр нэг цацаж ашиг олох хэрэг байсан ч юмуудаа
Монголынхоо бузар булайг дэлхийгээр нэг цацаж ашиг олох хэрэг байсан ч юмуудаа
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ТЭНЭГ ХҮҮХЭН
ТЭНЭГ ХҮҮХЭН