Залуус удаан хугацаанд төвлөрөх, задлан шинжлэх, гүнзгийгээр сэтгэн бодох чадвараа алдаж байна. Энэ үзэгдлийг “brain rot /тархины ялзрал/” гэж нэрлэж байна гэж Пироговын их сургуулийн мэдрэл судлалын тэнхимийн профессор Карине Бадалян онцолжээ.
Nature Human Behavior сэтгүүлд 2024 онд нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн 35 сая постыг задлан шинжилсэн судалгаа гарчээ. 2017-2020 оны хооронд нийтлэгдсэн постуудын 75 хувийг нь хэрэглэгчид зөвхөн гарчгийг уншиж өнгөрөөснийг эрдэмтэд мэдээллийн хэт их ачаалалтай холбон тайлбарлажээ.
Залуу хэрэглэгч дунджаар өдөрт 237 мэдээлэл буюу дөрвөн минут тутамд мэдээлэл авдаг нь анхаарал сарниж, задлан шинжлэх чадвар нь сулардаг байна.
Залуус удаан хугацаанд төвлөрөх, гүнзгий сэтгэн бодох чадвараа алдаж байна. Үүний нэг шалтгаан нь ой санамжийн аутсорсинг. Өөрөөр хэлбэл ямар ч мэдээллийг утсанаасаа хурдан олох боломжтой тул тухайн мэдээллийг тогтоох гэж хичээхээ больдог. Богино бөгөөд хурдан өөрчлөгддөг контентод дассанаар урт текстийг хүлээн авах, төвлөрөхөд хүндрэлтэй болдог байна.
Neuroimage сэтгүүлийн мэдээллээр, хүмүүсийн тал хувь нь сэтгэл ханамж авахын тулд уншихаа больсон бол 16-24 насны залуусын 25 хувь нь огт ном уншиж байгаагүй аж.
Эрдэмтдийн хэлснээр, 10 хүртэлх насанд хүний тархи идэвхтэй бүрэлдэн тогтож байдаг. Энэ үед дэлгэцийн хэт их хэрэглээ ярианы хөгжлийг удаашруулж, анхаарал төвлөрлийг сааруулж, сэтгэн бодох чадвар, бие даан тоглох чадварыг бууруулж, нийгмийн дадалд нөлөөлдөг байна.
Өөрийгөө хянах, төлөвлөх, шийдвэр гаргах чадвар хөгждөг 10-18 насанд дэлгэцийг хэт их хэрэглэвэл үр бүтээлгүй танин мэдэх дадал сууж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээ, богино хэмжээний дүрс бичлэг зэргээс хамааралтай болох, урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурч, бухимдах нь нэмэгддэг байна.
Харин технологийг зохистой хэмжээнд хэрэглэх нь ямар ч насанд эсрэгээр эерэг нөлөөтэй болохыг эрдэмтэд сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )