Ё.Мөнгөнсарнай: Би зүгээр нэг тэргэнцэртэй эмэгтэй баймааргүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачилсан BE STRONG реалити шоу нэвтрүүлэг яг энэ цаг үед Монголын телевизүүдийн эфирт цацагдаж байгаа хамгийн анхаарал татсан контентын нэгээр нэрлэгдсээр байна. 

Бие, сэтгэл, харах өнцөг, үзэж туулсан амьдрал, өөрийгөө өөрчлөх хүсэл, тэмүүлэл, алдаа оноо бүхнээ олны өмнө ил гарган илэрхийлэх өвөрмөц шийдэл, сонирхолтой оролцогчдыг нэгтгэсэн BE STRONG шоу нь энэ төрлөөр хийгдэж байгаа үндэсний хэмжээний анхны реалити болж байгаа. Тийм ч учраас олны анхаарал, шүүмжлэл, эгдүүцлийг тэвчээртэй хүлээн авахаа илэрхийлсэн оролцогчид дугаараас дугаарт сонирхолтой сэдвээр ярилцаж, өөрсдийгөө илүү тод нээж эхэлжээ.

Өнгөрсөн даваа гарагт цацагдсан дугаарт оролцогчид Ё.Мөнхдэмбэрэлтэй өөрийн өнгөрсөн амьдралын алдаа оноог илэн далангүй хуваалцсан. Оролцогч Ё.Мөнгөнсарнайгийн хувьд амьдралын гэнэтийн өөрчлөлтийн дараа хэрхэн эргэн хөл дээрээ босох хүчийг олж авсан тухайгаа ийн хуваалцлаа. 

 

 

Оролцогч Ё.Мөнгөнсарнай "Хүү маань надад хамгийн их нөлөөлсөн. Яг тэргэнцэр дээр суугаад ирсэн чинь яг амьдрал ингээд л дуусаж байгаа юм шиг санагдсан. Эмнэлэг орох хооронд л маш их өвдөлт өгдөг, удаан сууж чаддаггүй байсан. Тэгээд ийм их өвдөлттэйгөөр цааш амьдарч чадахгүй юм байна гэж бодсон. Нэг удаа хүүхэдтэйгээ уулзалгүй хоёр, гурав хоносон юм л даа. Сэтгэл санаа шалаар нэг болчихсон, амиа хорлоё гэсэн хэцүү бодолтой хүүхэд дээрээ очиж байсан юм, ямар ч байсан хүүхэдтэйгээ уулзчихъя гээд.

Уулзаад гарсны араас хүү маань уйлаад "Ээжээ чи эргэж ирнэ биз дээ" гэсэн. Тэр мөчөөс эхлээд л юун үхэх, тэр бодол маань алга болчихсон.

Би нэгэнт ийм болчихсон юм чинь яаж амьдрах билээ гэдгээ яг тэр цагаас эхлэн бодож эхэлсэн. Хөл дээрээ босож магадгүй, тэр хүртлээ би амьдрах хэрэгтэй. Надад мөнгө хэрэгтэй, нийгэмд дахин гарах хэрэгтэй, дөрвөн хана ширтээд суугаад байж болохгүй учраас маш хурдан босож ирсэн. 

Би зүгээр нэг тэргэнцэртэй эмэгтэй баймааргүй байна шүү дээ, гэртээ л байж байдаг. Ямар нэг байдлаар өөрийгөө олоод нийгэмд байр суурьтай байх хэрэгтэй юм байна гэж бодсон маань амьдралаа үргэлжлүүлэхэд тусалсан" хэмээн өөрийн түүхийг хуваалцлаа. 

 

 
 

Түүний хувьд энэхүү шоунд оролцож, өөрийгөө болон олон нийтийг сэтгэлгээний өөрчлөлтөд уриалж буй. 

Энтертайнмент, сорилт, өрсөлдөөн, нөлөөллийн документари элементүүдийг хослуулсан Be Strong шоу 18 дугаарыг үзэгчдэд толилуулна.

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралын шинэ шийдвэрүүдийг харуулж, үзэгчдэд урам зориг өгч, хүн бүр өөрийгөө хөгжүүлэхэд чиглэх реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт ТВ8мягмар, баасан гаригт Channel-11 телевизээр үзэгчдэд хүрч байна. 

 

 
 
 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top