Монгол Улсыг 500 гаруй тамирчин Азийн наадамд төлөөлнө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Япон Улсын Айчи, Нагояа хотуудад 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Айчи–Нагояа 2026” Азийн XX наадмын бэлтгэл ажлыг хангах, спорт холбоодод наадмын мэдээлэл хүргэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой нэгдсэн уулзалт өнөөдөр Олимпик Хауст боллоо.

Тус уулзалтад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Айчи–Нагояа 2026” Азийн наадмын Монголын багийн ахлагч Х.Баттулга, Х.Булгантуяа, багийн дэд ахлагч Ц.Сандуй, БТСУХ-ны дарга Э.Билэгт болон спорт холбоодын удирдлагууд, ерөнхий нарийн бичгийн дарга нар, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид оролцов.

Уулзалтын үеэр спорт холбоодод Азийн наадмын зохион байгуулалтын мэдээлэл, баг тамирчдын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, анхаарах асуудлууд болон цаашдын зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, санал солилцов.

Мөн тус уулзалтаар спорт холбоодын төлөөлөл багийн ахлагчидтай чөлөөтэй ярилцаж, бэлтгэл хангалт, хамтын ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой санал хүсэлтээ хүргэн, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын баг тамирчид энэ удаагийн Азийн наадамд урьдчилсан байдлаар 32 спортын 54 төрөл, зай, жинд 500 гаруй тамирчнаар оролцох мэдүүлгээ өгөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top