Зам, Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өөрийг нь ор үндэсгүйгээр гүтгэж байна хэмээн мэдэгдээд, энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан гэлээ.
Ингэж гүтгэх болсон учир шалтгааныг тэрбээр тайлбарлахдаа “2018 онд Зам тээврийн яамны өмчлөлд гэрээгээр шилжиж ирсэн замыг “Смарт эко транс” ХХК “Гашуунсухайт-Ганцмод” боомт хоорондох 19,2 км замыг дур мэдэн хучсан. Улмаар улсын өмчийг хувьдаа авахыг санаархаж, замын эрхийг олгохыг надаас шаардсан. Би хууль бус шийдвэр гаргахгүй гэдэг хариу өгсөн.Улсын өмчийг нэг компани зүгээр авна гэдэг байж болохгүй” гэсэн юм.
Тэгвэл улсын замыг дур мэдэн хучиж, хувьдаа авах гэсэн энэ “Дээрэм”-ийн цаана Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат бий.
Эх сурвалжийн мэдээллээр, энэ оны эхээр Н.Энхбатыг дээр нэр дурдагдсан “Смарт эко транс” ХХК-д давуу байдал олгосон гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл ангиар яллагдагчаар татаад байна.
Засаг даргын давуу байдал олгосон гэх “Смарт эко транс” ХХК нь Ханбогд суманд автомашин угаалга, дугуй засвар, сэлбэг эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй компани хэдий ч улсын чанартай 19,2 км замын хучилт, далангийн ажлыг дур мэдэн хийсэн байх ба уг замыг хувьдаа авахыг шаардсан хууль бус үйлдлүүдийн цаана Н.Энхбатаас гадна нэр бүхий эрх мэдэлтний нэр ч давхар яригдаж байна.
Сануулахад, өнгөрөгч хоёрдугаар сарын 5-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Өмнөговь аймагт ажиллаж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат түүний багын найз Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан ажлын байр болон орон сууцанд нэгжлэг хийж байсан ба энэ үед Н.Энхбат нарт хилийн хориг тавьж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )