Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны эсрэг дайн эхэлснээс хойш Арабын Нэгдсэн Эмирт Улсад нууцаар айлчилсан гэж түүний тамгын газар мэдэгджээ. Харин АНЭУ-ын эрх баригчид үүнийг няцааж байна.
Лхагва гарагийн орой Израилын ерөнхий сайдын тамгын газар Х сүлжээнд Израилын ерөнхий сайд АНЭУ-ын Ерөнхийлөгч Махаммед бин Заид Аль Нахаянтай хийсэн уулзалт хоёр улсын харилцаанд түүхэн шинэ үеийг эхлүүлсэн гэж бичжээ. Үүний дараахан АНЭУ-ын гадаад хэргийн яам Израилын мэдээллийг няцаасан байна. ”АНЭУ, Израилын харилцаа нь нээлттэй бөгөөд Авраамын хэлэлцээрийн үндсэн дээр явдаг ба тунгалаг бус, албан бус тохиролцоон дээр суурилдаггүй. Тиймээс АНЭУ-ын эрх баригчид албан ёсоор мэдэгдээгүй бол ямар нэгэн зарлаагүй айлчлал эсвэл нууц тохиролцооны талаарх аливаа мэдээлэл нь үндэслэлгүй” гэж мэдэгджээ.
Ройтерс агентлагийн эх сурвалж дурдан мэдээлснээр, Нетаньяху, аль Нахаян нарын уулзалт Омантай хил залгаа баян бүрд болх Эль Айн хотод болсон байна.
Энэхүү мэдэгдэлд гарахаас өмнө АНЭУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Анвар Гаргаш, Абу Даби асуудлыг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө байгаа ч өөрийгөө батлан хамгаалах эрхээ хадгалан үлдэнэ гэж мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )