Б.Жавхлантөгс: Багынхаа найзуудыг гомдоож явсандаа харамсдаг

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө


"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачилсан BE STRONG реалити шоу нэвтрүүлэг яг энэ цаг үед Монголын телевизүүдийн эфирт цацагдаж байгаа хамгийн анхаарал татсан контентын нэгээр нэрлэгдсээр байна. 

Бие, сэтгэл, харах өнцөг, үзэж туулсан амьдрал, өөрийгөө өөрчлөх хүсэл, тэмүүлэл, алдаа оноо бүхнээ олны өмнө ил гарган илэрхийлэх өвөрмөц шийдэл, сонирхолтой оролцогчдыг нэгтгэсэн BE STRONG шоу нь энэ төрлөөр хийгдэж байгаа үндэсний хэмжээний анхны реалити болж байгаа. Тийм ч учраас олны анхаарал, шүүмжлэл, эгдүүцлийг тэвчээртэй хүлээн авахаа илэрхийлсэн оролцогчид дугаараас дугаарт сонирхолтой сэдвээр ярилцаж, өөрсдийгөө илүү тод нээж эхэлжээ.

Өнгөрсөн даваа гарагт цацагдсан дугаарт оролцогчид Ё.Мөнхдэмбэрэлтэй өөрийн өнгөрсөн амьдралын алдаа оноог илэн далангүй хуваалцсан. Нэгэн цагт урлагийн алтан тайзнаа гялалзаж, хүчирхэг хоолойгоороо шуугиулж явсан дуурийн дуучин Б.Жавхлантөгс өөрийнхөө амьдралын уналтын үеийн талаар дараах яриаг дэлгэжээ. 

 


Тэрбээр "Хүний дотор бурхан, чөтгөр, баатар, дайсан бүгд багтсан байдаг шүү дээ. Алийг нь удирдахаа хүн өөрөө сонгодог байх. Одоогоос арав гаруй жилийн өмнө би дэлхий дээрх хамгийн супер нь юм шиг санагдаад, надад муу тал байхгүй юм шиг, хүн бүхэн намайг магтаад л.

Өмнө нь намайг хүн "Чи архи уудаг", "архичин" гэвэл би "бБ архичин биш ээ, зүгээр л найз нөхөдтэйгөө уулзахаараа л уудаг" гэж боддог байсан. Одоо бол тэр бодол маань үнэн биш байсныг ойлгосон. Сард нэг байна уу, жилд нэг байна уу хамаагүй, архи уухдаа дурлаж ууж байна гэдэг чинь "архичин" болчихсон байна аа л гэсэн үг. Түүнийгээ хүн хүлээн зөвшөөрдөггүй юм билээ.

Архичин гэхээр л гудамжинд гарчихсан хүмүүсийг л гэж боддог. Өөрийгөө тэгж боддоггүй. Гэхдээ уучихсан үедээ ялгаа байхгүй шүү дээ. Адилхан л өөрийгөө хянах чадваргүй болчихсон байгаа. Тэгэхээр архичин болчихсон байна л гэсэн үг. 

Өөрийгөө супер, бурхан гэж бодчихсон үедээ багынхаа найзуудыг гомдоосон жишээ их байна. Багадаа найзуудтайгаа харьцдаг байсан харьцаа шал өөр болоод эхлэх ч юм уу. Мөн өөрийнхөө бодож, зорьж явсан замаа алдсан. 

Хүн өрөнд орохоороо өөрийгөө маш их доош нь дардаг юм байна. Өрөнд орж, цаашаа сэтгэлгээний ядууралд ороод тэр өрөө маш том болгож харсан байгаа юм. Түүнийг давж туулж чадахгүй юм шиг санагдаж байсан. Одоо эсрэгээрээ байр нь солигдсон. 

Одоо намайг тухайн үед таксины жолооч хийгээд явж байсан үеэр төсөөлөх нь бий. Тэр хүмүүс миний тэр үед гацчихсан хүмүүс л гэсэн үг. Хүний өмнөөс ичээд л. Хүн ичмээр ажил биш шүү дээ. Би хөдөлмөрлөөд гэр бүлээ тэжээгээд л явж байсан" хэмээлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 
 

Түүний хувьд энэхүү шоунд оролцож, өөрийгөө болон олон нийтийг сэтгэлгээний өөрчлөлтөд уриалж буй. 

Энтертайнмент, сорилт, өрсөлдөөн, нөлөөллийн документари элементүүдийг хослуулсан Be Strong шоу 18 дугаарыг үзэгчдэд толилуулна.

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралын шинэ шийдвэрүүдийг харуулж, үзэгчдэд урам зориг өгч, хүн бүр өөрийгөө хөгжүүлэхэд чиглэх реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт ТВ8мягмар, баасан гаригт Channel-11 телевизээр үзэгчдэд хүрч байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top