Дартсын домог, Сингапурын алдарт тамирчин Паул Лим Монголд иржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхий дахинд төдийгүй Монголд хурдацтай хөгжиж буй дартсын спортыг монголчуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дартс фестиваль” маргааш (2026.05.14) Улаанбаатар хотноо эхлэх гэж байна.

Тус фестивальд гадаадын олон шилдэг тамирчин оролцохоор Монголд хөл тавьсны дотор дартсын ертөнцын домог, Сингапурын алдарт тамирчин Паул Лим багтжээ.

PDC, BDO, WDF зэрэг томоохон холбоонд 40 гаруй жилийн турш өрсөлдсөн 72 Паул Лимийг домогт тамирчин гэдгийг дартсын спортынхон дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дэлхий даяар нэр хүндтэй болсон энэхүү тоглогч нь Сингапураас гаралтай бөгөөд хэдийгээр нас 70 гарсан ч өнөөдрийг хүртэл тэмцээнд өрсөлдөж, залуу тоглогчдод үлгэр дууриал болж явна. Паул Лим анх 1980 оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 1990 онд BDO World Championship дээр “Төгс лег” (9 dart finish) хийсэн анхны тамирчин болж байв. Энэ нь ДАШТ-ийн түүхэнд анхны 9 сумаар дуусгасан лег байсан бөгөөд дартсын спортын хөгжлийн нэг бэлгэ тэмдэг болсон юм.
 


Тэрбээр Олон улсын тэмцээнд олон орны нэрийн өмнөөс оролцсон цөөн тамирчдын нэг. Тухайлбал, АНУ, Сингапур, Хонконг зэрэг орны нэрийн өмнөөс дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцож байв. Паул Лим “Нас биш, харин хүсэл тэмүүлэл л хүний хязгаарыг тодорхойлдог” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан бөгөөд түүний амжилт, сэтгэл зүрхээрээ тоглох чанар нь сая сая шүтэн бишрэгчид, залуу тамирчдад урам зориг өгсөөр байна.

Алдарт тамирчин Монголд дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Дартс фестиваль”-ийн тайзнаа гарахаар манай улсад хөл тавьсан нь энэ бөгөөд түүний хувьд Монголдл дөрөв дэх удаагаа ирж байгаа аж.

Паул Лим BDO World Darts Championship-ын тайзнаа есөн сумны гараа хийн түүх бүтээсэн, мөн 2024 оны WDF Lakeside ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс гадна PDC Азийн цуврал тэмцээнд хоёр удаа түрүүлж байжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top