С.Батмөнх: Ардын дуу бол зохиолын дууны “эцэг” юм

О.Шинэтуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

 

"ЗИНДАА" СЭТГҮҮЛИЙН 2019 ОНЫ №14/514 ДУГААРЫН "ӨВ СОЁЛ" БУЛАНГААС ОНЦОЛЖ БАЙНА.


...Ардын дууны ая, нугалаас бүхэн дээр халамцуухан улаан өвгөд завилан сууж байх шиг болдог. Тэгээд мориндоо мордож айл саахалтын хооронд найгалдан шуугилдан давхилдаж явахдаа дуулсан дууных нь шад түрлэг болгон Дэлхийн дээвэр-дээд Тэнгэрт цуурайлаад эргээд улам яруу сайхнаар бидэнд сонсогдох шиг болдог гэсэн сонин мэдрэмж яруу найрагч хүнд төрөх нь бий...

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав


Зохиосон эзэн нь тэр бүр тодорхойгүй, ард түмний амнаас ам дамжин, үеэс үед уламжлагдан дуулагдаж, хувирч өөрчлөгдөж, утга агуулга нь өргөжин тэлж, шүлэг найраглалынх нь урлан улам төгөлдөржиж ирсэн дуунуудыг Монгол ардын дуу гэж нэрлэдэг билээ. Тэрхүү баялаг сан хөмрөгтэй, үнэн бодит амьдралаас сэдэвлэн шүлэглэсэн яруу тансаг бүтээлүүдээс онцлон Монгол ардын дуу судлаач Содномын Батмөнх "Монгол ардын дууны тайлбарт дээж бичиг” хэмээх судалгааны томоохон бүтээл туурвиж, улмаар энэ бүтээл нь “ЮНЕСКО-ийн биет бус соёлын өв судлалын төв”-д бүртгэгджээ. Энэхүү таатай сайхан мэдээг дуулсан даруйдаа эрхэм хүмүүн С.Батмөнх гуайнд зочилж, сэтгүүлийнхээ “Өв соёл” буланд урин залж, хэсэг хугацаанд хөөрөлдөн саатсанаа уншигч танд хүргэж байна.

Их зүйлийг ярилцахын өмнө түүний “ЮНЕСКО-ийн биет бус соёлын өв судлалын төв”-д бүртгэгдсэн судалгааны дээж бүтээл /Ардын дуундаа жаргахын учир/-ийн тухай цөөн зүйлийг дэлгэрүүлье. Эл номыг хянан тохиолдуулсан Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжав “Содномын Батмөнх малын шар бууцны үнэр авч, малчны хотонд төрж өссөний учир Ардын билиг зүйч болох замаа засжээ. Өмнөх зууны 90-ээд оноос Монголын зохиолчдын эвлэлээс уран зохиолын тодорхой төрөл зүйлээр бие даан мэргэшиж буй зохиолч, яруу найрагч нарт тухайн чиглэлээр тодотгосон “чимэг цол” олгодог болсон билээ. Тэр үеэр Батмөнх “Монгол ардын дуун судлаач” яруу найрагч алдар хүртсэн юм.

Тэрбээр “Ардын дуундаа жаргахын учир”-ыг тайлж, Монгол ардын дууны домог гарваль яруу найргийнх нь урлангийн дэг сургууль, уламжлалын асуудлаар судалгааны олон өгүүлэл бичиж, буриад, үзэмчин, барга, сөнөд, цахар зэрэг үндэстэн, ястны олон дууг судлан тэмдэглэж эмхэтгэн “Зүүн монголын ардын 1000 дууны түүвэр” хэмээх томоохон бүтээл хэвлүүлсэн, ардын дуу судлалаар туршлага хуримтлуулсан нэгэн бөгөөд тэдгээрээсээ сорчлон авч энэ номондоо оруулжээ” хэмээн онцлон өгүүлсэн байна.

Содномын Батмөнх нь тооны ухаанаар мэргэжиж, дотоодод дээд сургууль төгссөн хэдий ч соёл, утга зохиолын боловсролоор Москвад суралцаж мэргэшсэн нэгэн болохоор ардын дууны судлалд нягт нямбай, төгс төгөлдөр ханджээ. Ингэж өгүүлэхийн учир тэрбээр эл номондоо Монгол ардын дууг уртын дуу, богино дуу гэж хоёр ай савд хуваан авч үзсэний сацуу шүлэг найраглалын хэв маягаар нь 6 төрөл, 16 зүйлээр ангилан, тус бүрт нь тохирох дуунуудаар жишээ болгосон нь ардын дуу судлалд нэгэн шинэ алхам болсон байна. Ингэснээр уншигчдад ойлгоход дөхөм, уран бүтээлчдэд урын сангаа тодорхой төрөл зүйлээр баяжуулах сайхан нөхцөл бүрдүүлсэн байна гэх бодол төрснийг энд хэлэх нь зүйтэй болов уу.

Дууны тэнгэртэй монгол түмэндээ зориулан бүтээсэн эл бүтээл нь “ЮНЕСКО-ийн биет бус соёлын өв судлалын төв”-ийн өндөр босгыг давж чадсан гол үзүүлэлт бол баримт нотолгооны баялаг эх сурвалжуудад оршиж буй юм. Тодруулбал, эл номыг бүтээхдээ 200 гаруй аман эх сурвалж, 150-иад бичгийн эх сурвалжуудыг ашигласан байна. Энэ бүгд С.Батмөнхийн амьдралынх нь 60 жилийн нөр их хөдөлмөр ажээ. Амьдралынхаа хагас зуун жилийг ардын дуу судлалд зориулсан доктор, профессор Содномын Батмөнх гуайн ярилцлага түүний ЮНЕСКО-д явуулсан проб хувилбартай танилцсанаар эхэлсэн юм.


-Таны эл бүтээл 2016 онд хэвлэгдсэн байна шүү дээ. Гэтэл энэ талаар одоо л мэдэж байдаг?

-“Ардын дуундаа жаргахын учир” хэмээх энэ бүтээл маань ЮНЕСКО-д явуулсан проб хувилбар. 2016 онд зөвхөн ЮНЕСКО-д л зориулан 50 ширхэг хэвлээд 25-ыг нь явуулж, 25-ыг нь би өөртөө авч үлдсэн нь энэ. Би энэ номондоо их харам хандана аа /инээв/. Одоо худалдан борлуулахаар бэлтгэгдэж байгаа хувилбар маань илүү баялаг, арай том болж байна. Номынхоо өмнө ЮНЕСКО-гоос авсан батламж гэх мэт эл номыг бүтээхэд гол түлхүүр учиг болсон зүйлсээ ч оруулж өгч байгаа. Гэхдээ би дахин засварласан 2 дахь хувилбар хэмээн нэрлэхгүй гэж бодож байна. Энэ бол яахав дээ, “ЮНЕСКО-д юм болж чадах нь уу” гэж өрж барьж явуулсан юм шүү дээ. Тэрний шүүмжийг Д.Цэрэнсодном гээд мундаг академич бичсэн. Тэгэхдээ “Энэ бүтээл бол монгол ардын дууны тайлбар шинж чанартай болсон юм” гэж бичсэн байдаг юм.

Эл бүтээл маань 2017 оны долдугаар сарын 10-нд ЮНЕСКО-гийн судалгааны төвд бүртгэгдсэн байдаг. Түүнээс хойш хүмүүст мэдэгдүүлээгүй шалтгаан нь өөрөөр нэмж, сайжруулж гаргахаар төлөвлөж байгаатай холбоотой.

-Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Ш.Сүрэнжав гуай мялаалга үгийг өргөжээ. Түүнийг уншаад л цааш сонирхох сэдэл төрж байна?

-Шаравын Сүрэнжав хэмээх энэ эрхэм намайг анх Монголын Зохиолчдын эвлэлд батлан дааж оруулсан удирдагч багш юм шүү дээ. 1972 онд “Яргуй” зусланд сурч байх үе буюу оюутан ахуй цагт минь... Сү багш миний гаргасан бараг бүх номыг хянан тохиолдуулсан байх аа. Одоогийн гаргахаар бэлдэж байгаа хэвлэлтээ ч өнгөрөгч оны /2018 он/ тавдугаар сард би Сү багшдаа үзүүлээд амжчихсаан.

-Ардын дуу судалж эхлэх сэдлийг хэн өгөв. Ном бичих болсон шалтгаан юу байв?

-2016 онд бидний дарга байсан н.Балхаажав гээд хүний 90 насны ой болоод хэсэг нөхөд уулзсан юм. Тэр үед ЮНЕСКО-гийн Монгол дахь Байгаль, соёлын өв хамгаалах сангийн тэргүүн, СГЗ Н.Уртнасан, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров хоёр шидэл хоргоогоод болдоггүй. “Чамд л их “новш” байгаа даа тэрийгээ юм болгож бичээдхээч” гээд... Юу гэхээр энэ хоёр 2016 оны графикаараа Уртын дууныхаа араас Монгол ардын дууны судалгааны ажил хийх эрэлттэй болсон байж л дээ. Тэрийг нь би хийж өгсөн юм.

-Аливаа зүйлийг судалж, үүх түүхийг нь хайна гэдэг маш урт цаг хугацааг зарцуулах ажил. Та энэхүү судлалаа хэдий хэр хугацаанд амжуулсан бэ?

-Надад түүхий эд нь байсан учраас тэр хоёр уран бүтээлч олзолж байгаа юм л даа. Олзлох ч яахав нэгэндээ буян болж л байгаа юм /инээв/. 1956 онд би сургуульд орохоосоо өмнө авга эгчийнхээ нөхрийн буянаар монгол бичиг сурснаас хойш өнөөг хүртэл гэж яривал үндсэндээ амьдралынхаа 60 жилийг зориудаар биш, хобби маягаар ардын дуу судлалд зориулсан байгаа юм. 60 жилийн хур хөрөнгө гэсэн үг юм уу даа.

АРДЫН ДУУГ ДЭЭД ЯЗГУУРТ НОЁД, ХУТАГТУУД ИХЭВЧЛЭН ЗОХИОЖЭЭ

-Энэ тань нэг талаараа судлалын баримт бичиг, нөгөөтэйгүүр хойч үедээ үлдээж буй үнэт өв юм даа?

-Тиймээс ЮНЕСКО-д явуулсан бүтээл маань маш хариуцлагатай зүйлийн учир өмнө нь өөрт цугласан баримтуудаасаа шүүн тунгааж, архиваас дахин нэмж судлан бичсэн. Ер нь энэ ардын дууг чинь тансаг дээд язгуурт ноёд, хутагтууд их зохиодог юм байна шүү дээ. “Бор борын бялзуухай” гэдэг дууг Хүүхэн хутагтын хойд дүр зохиосон. “Нарийн зул хул” гээд дуу бий. Тэр дууг Говийн Догшин хутагтын IV дүр Жамьян-Ойдовжамц зохиосон. Домог нь, Эрдэнэ зуу хийд нэг жил оготнод баригдаад сүйд болж. Бараг л сүм дуганыг нь нураах дөхөж. Энд тэндээс хүн авчраад үзүүлээд байдаг, ер засал авдаггүй. Тэгээд ““Говийн Ноён хутагт” гээд их номтой, нэртэй цуутай мэргэн хүн байдаг” гэсэн түүнийг дуудъя гэж л дээ. Тэр хүн урилга заллагаар ирээд номоо уншиж, сан тавиад буцах гэж байтал Түшээт хан аймгийн нэг ноён Манжаас их том шагнал аваад ирж таарсан гэнэ. Тэгсэн нөгөө хутагт маань Манжийг үздэггүй хүн байж таараад нөгөө ноёны тархийг ташуураараа хага цохиод алчихсан байдаг. Нөгөө хутагтыг чинь юун буцааж хүргэх байхав эцэнхий морин дээр зайдан унуулаад хоёр хөлийг нь хооронд нь уяад Манжид аваачиж тушаах гээд хоёр хүн аваад явж. Эцэнхий морь чинь нарийхан байна шүү дээ. Тэгээд л “Нарийн зул хул” гэх гэмшлийн дуугаа зохиосон гэж үздэг. Түүнийг нь дагалдан явсан шадар лам Жигмидгончиг тэмдэглэн авч олонд түгээсэн гэдэг. Мөн “Хурмаст тэнгэр” гэж дуу байна. Тэрийг мөн л Догшин хутагтын V дүрийн хувилгаан Дулдуйтын Данзанравжаа зохиосон гэж үздэг.

-Та номондоо /"Монгол ардын дууны тайлбарт дээж бичиг” / орсон дуунуудаа ямар шалгуураар сонгов. Олны дунд түгээмэл дуулагддагийг нь сонгов уу, аль эсвэл эсрэгээр нь сонголт хийв үү?

-Жинхэнэ судалгааны онолоор хийсэн бүтээл л дээ. Бодит эх сурвалжтай бүтээлүүдийг сонгож оруулсан. Түүн дундаа нийтлэг дуулагддаг дуу ч байна, эсрэгээрээ нэлээд ухаж гаргаж ирсэн дуунууд ч бий.

-Бид хэдийгээр ардын дуугаа дуулаад л мэдээд байгаа юм шиг мөртлөө домог, хуучийг нь тэр бүр сайн мэддэггүй. Гэтэл та 200 гаруй хүнтэй уулзаж, ардын дууны домог хууч яриа, баримт сэлтийг цуглуулсан байсан. Энэ хүмүүсийг яаж олов оо?

-Тийм. Зарим хүмүүс үүх түүхийг их худлаа ярина, сольж холино /инээв/. Энэ номон дээр эх сурвалж авсан 214 хүн гэж бичсэн байгаа биз. Үүн дээр дахиад 10 гаруй эх сурвалж нэмж, олон нийтэд тараах хувилбараа бэлтгэж байна. Мөн проб хувилбарт 120 дууны 804 бадаг дууг судлан тайлбарлаж байсан бол одоо 130 дуу 1000 гаруй бадаг болсон.

Хамгийн авууштай зүйл минь хобби маягаар энд тэнд явж байхдаа сонсож, дуулсан юмаа бичиж тэмдэглэж авсан минь юм. Н.Норовбанзад гуайн яриа гэхэд л “Хөдөлмөрийн баатар” авчихаад нутгийнхнаа уриад Улаанбаатар зочид буудалд найр хийх үед нь таарч уулзан сонсож байсан, нэн чухал баримт байх жишээний. Хойно сурч байхад ЗХУ-ын Монголч эрдэмтэн, Монгол ардын дуу судлаач К.Н.Яцковская гэдэг хүнтэй золоор танилцсан. Энэ хүн Монголыг монгол хүмүүс өөрсдөө ичмээр байдалд ортол нэвт шувт судалсан байсан гэх мэт ховор нандин тохиолоос тэмдэглэж үлдсэн баримт их байна. Эдгээрээс гадна А.Позднеев, А.Д.Руднев, Б.Я. Владимирцов, И.Н.Поппе гээд Орос, Зөвлөлтийн монголч эрдэмтдийн материалыг эргэн сөхөж судалсан. Хутагт, хувилгаадын дуу хэрхэн хийх болсон тухай баримт, нотолгоонуудыг голдуу архиваас харсан.

-Архивлагдаж чадсан байна уу. Бас л багагүй цаг хугацааны шалгуурыг давсан шүү дээ?

-Жишээлбэл, “Догшин хутагт” гэсэн категори руу орж байгаа юм л даа. Тэгэнгүүт Догшин хутагтын тэддүгээр дүр гээд л байж байгаа юм. Тэрүүгээр нь Батмөнх худлаа хэлээгүй шүү гэдгээ баталчихаж байна. Ер нь энэ ажлыг маань хамгийн их дэмжсэн хүн бол Д.Цэрэнсодном гуай. Энэ хүн “Чи ч бидний хийх ёстой ажлыг, улсаас нэг ч төгрөг гаргуулалгүй 60 жилийн турш урсгалаараа явж байгаад өөрөө хийчихсэн хүн байна” гэсэн. Тэгээд л дэмжиж, тодорхойлж НҮБ рүү явуулсан. ЮНЕСКО дээр очоод би өөрөө орос хэлтэйн учир номын тухай танилцуулга, давуу талаа оросоор илтгэл тавьж байж батламжаа авсаан, бас. Би их азтай хүн. 1986 онд Дорнод аймгийн намын хорооны дарга байхдаа Болгарт нэг сар гаруй албан томилолтоор очсон юм. Тухайн үед Боков гэдэг мундаг өвгөнтэй танилцаж байв. Тэгсэн одоогийн ЮНЕСКО-гийн Генеральный директор Ирина Бокова гэж Болгар авгай байгаа байхгүй юу. Тэгээд очоод л хамаг юмаа танилцуулаад зогсож байхдаа Бокова гэж юу билээ шүү юм бодож байгаад нөгөөдөхөөс чинь “Та Болгарын нам төрийн төв хэвлэлийн эрхлэгч Боков гэдэг хүнийг таних уу” гээд л асууж орхилоо. Тэгсэн чинь “Тэр хүн чинь миний эцэг” гээд л эхэлдэг байгаа. Тэр бас их хэрэг болсоон.

-ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өв судлалын төвд бүтээлээ бүртгүүлэхэд яг ямар шалгуур голчилж тавьдаг вэ?

-Энэ ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн зүйл биш шүү дээ. Биет бус өв судалгааны төвд нь бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, судалгааны түүхий эд материал болсон гэсэн үг.

Уртын дуу шиг Дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн биш байхгүй юу. Өвийг судалдаг судалгааны төв гэж тусдаа газартай.

Гэхдээ бид үүнийг чамлаад байх эд биш л дээ. Гэрчилгээн дээрээ “Тайлбарт дээж бичгийг биет бус соёлын өвийн судалгааны өвд бүртгэв” гэж бичсэн байгаа.

БАРГУУДЫН БЭР ҮЛДЭЭХ ДУУ “ХӨӨРХӨН ХАЛИУН” БОЛ ХӨНДЛӨН ТЭНХЛЭГЭЭРЭЭ БҮХ МОНГОЛЫН АРДЫН ДУУ МӨН

-Монгол ардын дуу хэмээн нийтээр нь хамруулан ярьдаг ч, түүнийг дотор нь үндэстэн, ястнаар хувааж болох уу. Үзэмчдийн, баргуудын, төв халхынхны дуулдаг дуу гэж ...?

-Би бол Төв халхын л хүн. Яахав Дорнодод зургаан жил амьдарсан. Тиймдээ ч Барга, Үзэмчин дууг нэлээд судалсан. Номондоо ч нэлээдийг оруулсан байгаа. Гэхдээ ЮНЕСКО-д нэгэнт л Монгол ардын дуу судлалыг бүртгүүлэхийг зорьж байгаа учраас аль нэг ястан үндэстэнд дуу өмчлүүлэхгүй гэж шийдсэн. Халх, буриад, үзэмчин, дөрвөд хэн ч бай дуулж л байвал тэр Монгол ардын дуу гэдэг концепциор хийсэн. Тэрийгээ батлахын тулд жишээлбэл, “ХӨӨРХӨН ХАЛИУН” гээд дуу байна даа. Х.Баянмөнх аварга их дуулдаг. “Адуу малд явж ирээд хоолой, хонго ч янзгүй байна л даа. Гэхдээ яахав Хөөрхөн Халиунаа л аялчихья” гээд л эхлүүлдэг дээ.

Баргууд олноороо нүүж ирж суурьшсан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд томилолтоор ажиллаж байхад Барга хонины үржлийн ферм гэж байсан. Хурган хуцыг Монгол даяар түгээдэг. Тэрний эр хонийг малладаг Баргын Дорж гэж нэлээд биерхүү нөхөр байв. Тэр нөхрийнх бэр буулгах болж л дээ. Манайх шиг айраг цагаа байхгүй болохоор найр наадам нь ч шудруухан өрнөнө. Дуулалдаж, бэлэг сэлтээ өгөлцөж байгаад нар шингэхээс өмнө найраа өндөрлөх ёстой. Найрын гол ёс нь бэрийг зуухны аманд суулгаад, гоё дээлнийх нь хормойг дэвсээд, дээр нь дугуй булантай цай тавьж өгөөд цай үйрүүлдэг нүдүүр бариулчихдаг. Тэгээд баруун талаар сууж байсан бэрийн талынхан босоцгоогоод үүдэнд очиж жагсаж байгаад “Хөөрхөн Халиун” дуулдаг.

... Хөөрхөн Халиун долгион шүү

Хөлөнд нь сууж бариарай

Хүний газар хэцүү шүү

Хүлээн байж дасаарай

Хайчин халиун долгион шүү

Хантайран байж мордоорой

Хайрын газар хэцүү шүү

Хайрлан байж дасаарай... гээд л дуулангуут нөгөө муу бэр чинь мэлмэртэл уйлаад л үлддэг байхгүй юу. Тэгээд би тэр Баргын Дорж гэдэг хүнээс “Хөөрхөн Халиун” гэж их сонин дуу юмаа гэж асуудаг юм. Тэгсэн “Манай баргуудын бэр үлдээх дуу. Ингэж дуулж үлдээхгүй бол бэр дагачихдаг” гэнэ ээ. Тиймээс тэрийг ойлгуулах гэж энэ дууг дуулдаг гэж ярьсан юм. Тэгэхээр энэ дууг Өвөрмонголын Баргууд ч дуулдаг, Дорнодын Хөлөнбуйрт байгаа Баргууд ч дуулж, Арван Баядын аварга Х.Баянмөнх ч дуулж байна. Тиймээс энэ бол хөндлөн тэнхлэгээрээ бүх Монголын дуу мөн гэж концепцио баталсан юм.

-Та залуу ахуй цагтаа урлагийн мундгуудтай их таарч, хууч хөөрч явжээ гэж бодож сууна. Дээр яриандаа Хөдөлмөрийн баатар Намжилын Норовбанзад гуайтай уулзаж, “Уяхан замбуу тивийн наран” дууных нь үүх түүхийг яриулж байсан тухайгаа дурссан?

-Н.Норовбанзад гуайтай нэлээд өвөгжүү болсон хойноо уулзсан юм байна. 1991 он гэхээр 40 гарчихсан байсан. /инээв/ Бид нэг нутгийн хүмүүс л дээ. /Дундговь аймгийн Дэрэн сум/ Нутгийнхан Нооёо, Норовоо эгч л гэнэ.

Тухайн үед Норовоо эгч 60 гаруй жил дуулчихсан атлаа нэг ч удаа тайлан тоглолт хийж үзээгүй байсан юм. Тэгээд анх удаагаа буюу 1991 оны хоёрдугаар сард Улаанбаатарт тайлан тоглолтоо хийгээд тэр үеэр нь “Төрсөн нутагтаа тоглолтоо зохион байгуулаач ээ” гэх урилга, хүсэлт өгсөн юм билээ. Тэр үед Нооёо эгч “Тэгье. Гэхдээ унааг нь та нар шийдээрэй” гэснээр гуравдугаар сарын 1-нд Дундговь аймгийн Төв халхын дуулалт театрт гайхамшигтай тоглолтыг бүрэн бүрэлдэхүүнтэйгээ очиж тоглосон. Тэр үед л анх удаа энэ хүнийг ойроос харж байлаа. Түүний дараа тэрээр “Хөдөлмөрийн баатар” цол хүртэж, түүний амьдралаар “Монголкино” нэгтгэлийнхэн баримтат кино хийхээр Дэрэн суманд ирсэн юм. Тэр үед би анх удаагаа түүнтэй ярилцаж, санал бодлоо солилцох алтан боломж гарч байв. Тухайн үед би Дорнод аймагт намын даргаар зургаан жил ажиллачихсан, тэгээд аймгийн намын хорооны соёл урлаг хариуцсан даргаар оччихсон байсан юмдаг. Норовоо эгчтэй уулзахдаа “Дорнод аймгийн театр Монголын ууган Хөгжимт драмын театр мөртлөө уртын дуучин байдаггүй юм байна. Б.Лхамжав гуайг аваачиж хэдэн жил дуулуулсан ч хүмүүс нь дагаж дуулахаас л цаашлахгүй юм.

Ер нь энэ уртын дуу чинь айраг, найртай их холбоотой юм байна.

Яаж бүх монголчуудыг энэ урлагт дурлуулах вэ, танин мэдүүлэх вэ” гээд хэлээд үзлээ. Тэгсэн эгч “Тэгвэл хоёулаа нийлээд “Монгол ардын уртын дууны анхдугаар наадам” гэж зохион байгуулъя. Төсөв санхүүг нь чи зохицуул” гэсэн. Тэр үед нам ядруухан нь ядруухан. Гэхдээ л алт, мөнгө, хүрэл медаль, 50-30 мянган төгрөгийн мөнгөн шагналтай уралдааныг айзам, бэсрэг, нутгийн, суман уртын дуу гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулсан. Үүнийхээ хажуугаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, би өөрийн бичсэн нэлээд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжээ илтгэл болгон тавьж хэлэлцүүлж байсан.

БАС НЭГ АМЬД ТҮҮХ ЯРЬЯ.  Би энэ бүтээлүүд хүний сэтгэлд хэрхэн буусан юм бэ гэдгийг давхар судалсан хүн л дээ. Би Гурвансайхан сумын /Дундговь аймгийн/ бага сургуулийн 3-р ангийн сурагч байлаа. Тэр үед “мах, гурилын комбинатын соёлын ордон” гэж байсан. Тэр соёлын ордныхон манайд ирж тоглолт хийдэг юм байна. Тус ордны дуучин Б.Лхамжав гээд том дуучин байлаа. Тэр хүн тоглолт дээрээ "Жаахан шарга”-ыг дуулдаг юм. Тэгээд бодсон чинь эсгий тоорцог хулгавчилсан хоёр шарга морьтой эр нэг их өвстэй /Ширээгийн зоогоор .../ зооны ар дагаад гараад ирж байгаа мэт зураглал буудаг байхгүй юу. Тэгээд сүүлд том болсон хойноо Сүхбаатар аймагт ажлаар явж байхад “Ширээгийн зоо” гэх тэр газраар нь очсон чинь нөгөө 1962 онд надад төрж байсан тэр зураглал яг буудаг юм даа. Тэрүүгээр чинь давхиж уруудаад Ганга нуурын шагшуурга руу ордог байхгүй юу. Тэнд “Жаахан шарга” дууны эзэн Инжээ Норов /Дарьгангын Овоон хийдийн унзад лам/ хайртай бүсгүй Янжинлхамыгаа нууж орхиод хоол ундыг нь зөөж өгч байгаад сүүлдээ гэртээ авчирч сэтгэл донголзуур суудаг байжээ гэж домогт нь өгүүлсэн байдаг /Жаахан шаргыг дуулав/

-Таны урлагийн мэдрэмж багад тань илэрч байсан нь тэр юм болов уу?

-Хоосонгүй л байсан юм болов уу даа. Ер нь тэгээд онгод бол баярлахад, уурлахад, уухад ордог гэж ярьдаг. Одоогийн Өлзийт сумын “Буянт баг”, хуучнаар Буянт-Овоо гэж том сум байлаа. 1955 оны 11 дүгээр сарын 12-нд клубэрхүү /лам нар суудаг байсан газрыг соёлын довтолгооны үеэр засварлаж, цуу ямбуугаар дээвэрлээд соёлын төв болгочихсон/ газар кино гаргаж байхад нь олон хүн шатаж үхсэн гэдэг. Тэнд миний нэг төрсөн эгч /2-р ангийн хүүхэд/ байж таараад шатсан юм. Тэрнээс хойш аав ээж, дүү бид хоёрыг үдэш орой кинонд явуулах дургүй болсон. Тэр үед манай хүргэн ах Орго дүү бид хоёрыг анх удаа кинонд дагуулж явдаг юм байна. 1965 онд тэгж анх удаа “Сэрэлт” киног үзэж байлаа. Тэр кинон дээр охиноо үхлээ гээд илүү гэртээ оруулчихдаг. Гэтэл гал гараад юу ч үгүй болоод “Элсэн говьд хонин гүрвэл болж төржээ” гээд байж байхад нь “ааваа” гээд босоод ирдэг шүү дээ. Одоо ч гэсэн энэ талаар ярихаар зүрхээр хатгах шиг болдог юм. Би энэ киног үзээд миний эгч галтайгаа гарч гүйгээд нэг газар амьд байж байсан юм биш байгаадаа гэж их бодсон. /санаа алдав/ Аав ээж минь дүү бид хоёрыг үлдээгээд нутгийн уул хадаар 20 гаруй хоног бэдэрсэн юм билээ. Тэгээд жаахан байхдаа “Талын таван толгой” гээд дууг хонины бэлчээр дээр хангинатал дуулаад л, энэ үйл явдлыг бодоод мэлмэрүүлж өгдөг байлаа. Яг ийм байдлаар дууны тухай мэдрэмжүүд хүнд янз бүрээр буудаг юм билээ.

 ХАМГИЙН ХЭЦҮҮ ТҮҮХТЭЙ ДУУ БОЛ “ШАЛЗАТ БАГАХАН ШАРГА”

-Монгол Ардын дууны түүхийг сонсож, уншиж байхад ихэнх нь хагацал зовлон, их л хэцүү зүйлийн тухай өгүүлдэг юм шиг санагддаг. Дуу зохиогдож байсан цаг үетэйгээ ч холбоотой байх л даа?

-Тийм байх аа. Мөн газар нутгийн байдалтай холбоотой байдаг юм болов уу гэх гаргалгааг би энд гаргаж өгсөн. Говийн 32, хангайн 8 гэж өвөгчүүлийн яриа бий.

Говийн 32 төрөл гэдэгт нь бол “Зэ хө...” гэж эхлээд дуулагддаг дэнэгэр сайхан айзам дуунууд багтана. 32 гэдэг нь бараг бэсрэг шахуу уртын дуу 32 өнгө дагаж тоглосон байдагтай холбоотой. Гэтэл Хангайн 8 гэдэг нь гол төлөв найман өнгө дагаж дуулагддаг. Учир нь хангай бол өндөр өндөр уул хадтай, тэрнийхээ дундуур буусан түргэн урсгалтай голтой. Тэр нь дуу ритмтэй байхад нөлөөлжээ. Тэгтэл тал говийнхон болоод ирэхээрээ тэнгэрийн хязгаар харагдахгүй сайхан тайван талаа хараад л дуулдаг учраас дэнэгэр айзам дуунууд гарчээ гэж үзэх жишээтэй.

Таны асуусан шиг хэцүүхэн цагт зохиогддог гэдэг мөн үнэн. Жишээлбэл, “Шалзат баахан /багахан/ шарга” дуу байна. Ээ дээ мөн чиг хэцүү юм билээ дээ... /санаа алдав/ Миний номын “Аж байдлын уянгат дуу” төрлийн “Элбэрэлт журмын уянгат дуу” зүйлд багтсан байгаа. Энэ дуунаас гадна “Гунан хөх морь”, “Хотгойдын унага”, “Гоолингоо”, “Шар хад” гэх мэт дуунууд бий.

“Шар хад” гэдэг дуу нь хоёр янзын түүхтэй. Нэг нь, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдож байсан Агданбуугийн Амар хэмээх хүн Москвад буудуулахдаа аялсан юм билээ гэдэг. Нөгөөх нь, Солийн Данзанг Шар хаданд аваачиж буудахад тэрээр дуулсан байгаа юм. Яг цаазаар авахуулах гэж байгаа хүний стиль мөн л дөө. ...

Шар хадны маань энгэр дээр

Шар солонго татаад байна

Шаргал уургаа шимүүлж өсгөсөн

Ээжийгээ бодохлоор дэн дун даа хө...

Дэн дун гэхээр хэцүү байгаа биз...

“Шалзат баахан /багахан/ шарга” дууны юу нь хэцүү юм бэ гэхээр... Эхлээд хоёр хүү нь авд явахад аав нь дуулж байгаа шүү дээ.

“...Шалзат багахан шаргаараа

Шаргын говийг туулаарай

Салаа эвэртэй ооныг

Шархдуулал үгүй намнаарай...” гэхэд ээж нь

...Хөхөл дэлтэй бороороо

Хүйсийн говийг туулаарай

Хөх халзан ооныг

Хөндөлдүүлсхийгээд намнаарай...” гэж захидаг.

“Шалзат багахан” гэхээр залуу үрээ, “шархдуулалгүй” гэдэг нь зовоолгүй намнаарай гэж байгаа биз дээ. Ээжийн захиасаар бол наашаа харж зогсож байгаа зээр хүн амьтан нь ялгагдахгүй тул хөндөлдүүлсхийгээд /хажуу талаас нь/ намнаарай гэж байгаа юм. Ингэж захиж явуулж байхад ах дүү хоёр гэнэдсэн байгаа юм л даа. Гэтэл ах нь:

“Зэрэглээ ихтэй газраар

Зээр гөрөөсийг намнаж явлаа

Зээрэн дээлтэй дүүгээ би чинь

Зэрвэс хараад намначихлаа

Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо

Ах чинь юугаа хэлдэг билээ...” гээд тэр ахад их хэцүү байгаа биз... Ийнхүү ах нь сандарч байхад амь тавьж буй дүү нь:

Ус нь үгүй газар

Улиас яагаад ургав

Улс нь үгүй газар

Хоёулаа юунд ирэв дээ.” ... гээд л үргэлжилж байтал ах нь:

Шагайж харвасан нүдий минь

Шаазгай тонших нь яав даа

Хэтрүү харсан нүдий минь

Хэрээ тонших нь ч яав даа” гэж бухимдах цаг дор дүү нь гэрээслэлээ хэлдэг.

Аминаас холдоогүй сүнсээ аав ээждээ даатгая

Алаг жороо морий минь ах минь та аваарай

Ганган шарга морий минь галын хүнд минь өгөөрэй

Ган төмөр хэтий минь ганц хүүд минь өгөөрэй

Цусан зээрд морины минь цулбуурыг битгий чиргүүлээрэй

Цустай цагаан цамцыг минь ээжид минь битгий үзүүлээрэй

Айлын хүн ажигч шүү аятайхан явж очоорой

Гэрийн хүн гэгэлгэн шүү гэнэт битгий дуулгаарай ...

Аавыг минь асуувал айсуй гэж хэлээрэй

Ээжийг минь асуувал ирнэ гэж хэлээрэй

Улаан цурман хүүхдүүдэд минь увуу цувуу хэлээрэй

 Угаас хайртай эхнэрт минь урьтаж битгий хэлээрэй... гэснээр энэ дуу өндөрлөсөн байдаг.

Үүнтэй ижил төстэй хувилбар Агын буриадуудын “Хаяа шилийн арханд” гэдэг дуунд гардгийг Д.Дашням хэмээх хүний гар бичмэл түүврээс харж байсан юм.

-“Уяхан замбуу тивийн наран” дууг хүн бүр мэддэг. Түүний утга учрыг тайлж өгөөч?

-Н.Норовбанзад 1993 онд Японы Фүзүокагийн “Азийн соёлын шагнал” хүртээд нутгийн өргөн олон, ахан дүүс, уран бүтээлийн хамт олноо урин залж найр хийсэн юм. Тэр үеэр түүний дүү хүүхэн Сожмаагийн нөхөр Амаа Сэрээтэртэй хуруу дэмбээ болж байх зуур Норовоо эгч гэртээ цугласан ойрын хүмүүст хандан “Уяхан Замбуу тивийн нараан гэж мөн ч их буянаа өчүүхэн надад хайрлаж байгаа дуу даа хөөрхий” гэж өөрийг нь алдрын оргилд хүргэсэн энэ л эрхэм дуундаа биширч явдаг сэтгэлээ илэрхийлсэн юм.

 

 “Дууны учир нь дээд, доод, дунд гурван тивийн тухай. Энэ насандаа их буян хийсэн хүн хойт насандаа тэр гурван тивийн дээд тивд төрдөг байна. Буянтай хүмүүс юм болохоор өөрсдийгөө өөрсдөө гэрэлтүүлдэг гэнэ лээ. Энэ яваа насандаа нүгэл их үйлдсэн нь доод тивд төрдөг. Тэнд мөнхийн харанхуй байдаг. Харин дунд тив бол бидний амьдарч байгаа энэ Замбуутив буюу Замбуулин. Гагц үүнийг л Наран хэмээх алтан гараг их гэрэл дулаанаар гийгүүлж байдаг. Энэ бол хүмүүн бидэнд заяасан их хувь тохиол. Наран хийгээд Замбуутивийн эл нарийн шүтэлцээг эгүүрд мөнхөд байлгахыг аргадаж монголчууд дээр үеэс “Уяхан Замбуутивийн наран” дууг зохион дуулсан түүхтэй” хэмээн Н.Норовбанзад гуай дурссан байдаг.

 

-Монгол ардын уртын сайхан дуунууд өнөө цагт шинээр зохиогдсон тохиолдол байдаг юм уу?

-Байхгүй ээ. Гэхдээ эртнээс эдүгээг хүртэл дуулагдаж ирсэн уртын дуу шиг ланжгар дуу байхгүй. Тэгэхээр монголчуудын зохиолын дуу төрөн гарах, дуу зохиох угтал сэдэл бол гарцаа байхгүй Монгол ардын дуу мөн юм. Зохиолын дууны эцэг гэж хэлж болно.

-Дууг ойлгож дуулна гэж нэг юм бий. Утгыг нь ойлгоогүй байж зүгээр л дуулдаг дуучид олон боллоо?

-Би энэ талаар эл номондоо “Шүлэг болгон дуу болдоггүй” хэмээх гарчигтай хэд хэдэн санаа дэвшүүлж, шүүмж бичсэн байгаа.

Эх хэлнийхээ жам ёсыг дагаж уран чадварлагаар зохиосон шүлэг л сая дуу болж чаддагийг Монгол ардын урт, богино болон зохиолын дууны өв сангаас бэлхнээ харж болно. Түүнээс биш өлмий өсгий нь тэгшрээгүй, өргөлт, айзам нь жигдрээгүй, мөр бадаг нь цэгцрээгүй, гадаадын аль нэгэн хэлний бүтэц, найруулгаар “монтажилсан” үгийн холбоос гэдэг дуу болох нь байтугай шүлэг ч болж эс чадна.

Манайхны сайн мэддэг “Юндэн Гөөгөө” гэх харилцаа дуу бий. Эл номонд бол “Сайн эрс, сайхан хүүхнүүдийн тухай” төрлийн дуу гэж би дүгнэсэн. Энэ дууны домгийг надад хуучилсан Ширчинжунай өвгөн нэг удаа “Одоо энэ радиогоор яваад байгаа нэвтрүүлэгт Юндэн даавуу цамц, даалимбан дээлээ голоод байгаа юм шиг эсрэгээр нь дуулах юм. Тэхээр чинь дууны мөн чанар алдагдаж, үйл явдал нь урвуугаар ойлгогдож болно шүү дээ” хэмээн шүүмжлээд, хэрэг дээрээ Цэрвүүмаагийн хийсэн чисчүү, торгон цамц, хамба торгон дээлийг голж, түүнийг өөрийг нь тоохгүй байгаа сэтгэлээ Юндэн илэрхийлсэн домогтой юм билээ гэж ярьсан юм. Ингээд ярихаар дууныхаа утгыг ойлгоно гэдэг маш чухал зүйл болж байгаа биз. Гэтэл энэ дууны домгийг огт өөр домогтой хольж ярьдаг хүмүүсийг ч харж л байлаа.

-Сайн эрс сайхан хүүхнүүд гэснээс дуунд мөнхөрсөн сайхан хүүхнүүдийн дуу олон бий дээ?

-Байна аа. “Сэндэр охин”, “Янлинхуар”, “Хээен хуар”, “Цэвэр охин”, “Дунд голын ногоо”, “Хүүхэн Нан-аа”, “Өөшгөө юу даа” гэх мэт дуунуудыг би сайхан хүүхнүүдийн тухай зүйлд оруулсан байгаа.

-Адуучин гээд дуу байдаг. Түүнийг “Учралт уянгын дуу” зүйлд оруулчихсан байх юм?

-Энэ дуу чинь Үзэмчин дуу юм билээ. Бид уг нь Монгол ардын дуу гээд л байдаг. Үзэмчний найран дээр сууж байсан “За хэдүүлээ Дорж ноёноо дурсаад дууг нь дуулъя” гэсэн чинь “Адуучин”-г дуулдаг байгаа. Энэ дуун дээр ая, үгийн зохилдолгоог гайхамшигтай гаргасан байдаг.

 ...Алтан чиг мөнгөн хоёр хундагыг

 Арслан хотын инжаануудаар хийлгэв ээ хө

Асгаруулан мэлтэлзүүлэн уйлаад яах вэ хө

Амар болоод мэндээ суувал уулзанаа шүү дээ хө...” гээд л.

-Ардын дууны үг сонголт гэж бас л гайхалтай өв байгаа юм шүү?

-Хэлээд юу гэхэв. Үгийн урлагийг манай Бавуугийн Лхагвасүрэн маягтай үзүүлнэ шүү дээ. Б.Лхагвасүрэн маань надад “Ардын дууны үгийг чам шиг муу модон хэлтэй тооны багш байтугай монгол хэлийг их талхисан би мэдэхгүй. Би монгол хэлний яруу найрагт цоо шинэ үгнүүд оруулж ирсэндээ заримдаа дүүжлүүлэх ч дөхсөн. Уншаад уншаад ойлгодоггүй юм, Ардын дууны шүлгийг. Таагаад таагаад тааруулдаггүй юм би. Лут гүн утгатай даа...” гэж байсан.

“Дунд голын ногоо” дуунд:

“...Дунд голын ногоо нь хө ургасан байтлаа тарьсан юм шиг ээ хө

Дунжидмаагийн бага охин чинь хө төрсөн байтлаа зурсан юм шиг ээ хө...”

“Янлинхуар”-ын нэг бадагт:

Буурал морьтой Амбуу маамаа минь ээ хө

Булгиулсаар, халгиулсаар гараад ирэв ээ хө

Булгиулсаар, халгиулсаар хүрээд ирснээс хойш хө

Булган чиг нударгыг шалчийтал уйлав аа хө” гээд л ... Энэнээс илүү яаж хэлэх юм бэ.

-Ийм уран үгэнд ая “наана” гэдэг бас нарийн авьяас байх даа?

-Ш.Гаадамба гуай “Монгол ардын дуу нэг хүний амнаас нөгөө хүний ам руу дамжихдаа ая дан нь улам төгөлдөржөөд шүлэг нь аяндаа очиж наалдаад байдаг” гэж ярьдаг байсан юм. Дууны шүлгийн холбоост тааруулж аяыг хийж байх ёстой гэсэн санаа юм болов уу гэж боддог.

-Ардын дууг монголчууд найр наадам дээрээ ихэвчлэн дуулдаг. Гэтэл найран дээр дуулдаг дуу, дуулдаггүй дуу гэж бий?

-Тийм яриа бий. Манайхан “Үлэмжийн чанар”-ыг найр эхлүүлэхэд дуулаад байдаг. Гэтэл энэ маань найрын төгсгөлд дуулагдах ёстой гэж байгаа. “Гоож Нан-Аа”-г завхай дуу гээд найран дээр дуулж болдоггүй. Тэр байтугай “Ар хөвчийн унага” гээд дуу байдаг. Тэрийг олны газар дуулахыг цээрлэдэг юм. Уг нь хөг эгшгийн хувьд сайхан бүтээл л дээ. Яахав унага тамганы орой хуруудаад, дэмбээдээд сууж байхад аялж болно л доо. Гэхдээ бузар муухай домогтой дуу юм билээ. Хөхөө Намжилархуу ... Хүн тэгэхээр ямар үед ямар дууг сонгох, яаж дуулах вэ гэдгээ л мэддэг байх хэрэгтэй байгаа юм л даа. Миний эл номоороо дамжуулан хэлэх гэсэн чин санаа нь бас энэ юм аа.

-Сүүлийн үед ардын дуугаа дуулахаа болилоо гэх боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна?

-1983 онд яг энэ талаар бичиж байлаа. Нэгдүгээрт, ардын дууны өв тээгчид гэж бий. ЮНЕСКО-д бүртгэгдсэн ч бай, үл бүртгэгдсэн ч бай тэднийг сайн судлах ёстой гэж би хувьдаа боддог.

Хоёрдугаарт, тэдний сэтгэж бодож, ярьж хөөрч байгаа баримт, арга барилыг аль болох телевиз радио, интернэтээр хүргэх хэрэгтэй юм.

-Ардын дууны судлалын амьд баримттай уулзаж ярилцсандаа маш их баяртай байна. Танд баярлалаа.

-Монгол түмэн минь ардынхаа дуунд өнө удаан жаргаж суух болтугай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жаргалмаа(66.181.161.2) 2022 оны 05 сарын 11

Маш их баярлалаа. Дуунуудын түүхийг уншиж сэтгэл их хөдлөв. Ном хэвлэгдэн гарахыг тэсэн ядан хүлээж байна

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
Дэрэнгийн хүү(103.229.121.196) 2021 оны 09 сарын 07

Баярлалаа нутгийн ахдаа.

1  |  0
Top