"Динза элч" 88 сургуульд УНШЛАГЫН ТАНХИМ байгуулж өгчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсад анх удаа номын баярыг төв талбайгаас гадна 88 сургуульд “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөнөөр зэрэг нээж байна.


"Динза, Цондоолойгийн анд найзууд" ТББ-ын хөрөнгө оруулалт, Богд банкны ерөнхий ивээн тэтгэлэгтэйгээр хэрэгжиж буй “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250,000 хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийн боломжийг бүрдүүлжээ. 

Ингэснээр анх удаа номын баярыг төв талбайгаас гадна хамгийн олон ерөнхий боловсролын сурагчтай 88 сургууль дээр “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөнийг эхлүүлэн зэрэг нээж байна. Хүүхдүүд номтой ойр байх, хамтдаа унших, уншсан зүйлээ ойлгох, ярилцах, сэтгэх бодит орчинг сургуулиуд дээр бий болгосон байна. Энэхүү нээлтээр 88 сургууль Динза Цондоолойгийн анд найзууд ТББ-аас тохижуулж өгсөн тэрхүү цогц уншлагын орчинг хүлээн авлаа. Үүнд:
 

  • Хамгийн багадаа 50м2 хэмжээтэй хүүхдийн ном уншиж, ойлгож, илэрхийлэн хэрэгжүүлэх хүүхдэд сонирхолтой орчин,
  • Ном хэрэглэгдэхүүн,
  • Хүүхдийн урамшуулал шагнал бүхий цогц бүтээн байгуулалт багтсан байна. 
     


Зөвхөн унших орчин тохижуулаад зогсохгүй унших чадварын багшийн сургалтыг мөн өгч байгаа. Эхний ээлжний 88 сургуульд нэг сургуульд дунджаар 56 орчим сая төгрөг буюу нийтдээ 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Ойрын хугацаанд уг санаачилгыг 12 сургуульд нэмж хэрэгжүүлэн, 5800 багшийг унших чадварыг сайжруулах аргазүйн сургалтанд хамруулахаар төлөвлөөд байгаа гэв.

Монгол Улсын хувьд 2023 онд танилцуулсан хамгийн сүүлийн PISA үнэлгээний үр дүнгээр 10 хүүхэд тутмын 6 нь унших чадварын суурь түвшинд хүрээгүй гэсэн үзүүлэлт гарсан нь анхаарал татаж байгаа. Унших чадвар нь зөвхөн хэл, уран зохиолын хичээлээр хязгаарлагдахгүй, хүүхдийн бусад бүх төрлийн мэдлэг эзэмших, ойлгох, бодох, өөрийгөө илэрхийлэх суурь чадвар болдог.

Иймээс “Монголын ирээдүй уншихад бэлэн” уриатай “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн нь хүүхдүүдийг уншиж ойлгодог, сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна. Одоогоор нийслэлийн 88 сургуульд эхлүүлсэн энэхүү үйл хэргийг цаашид 720 сургуульд өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн хөдөлгөөний хүрээнд “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөний нэрэмжит уралдаан зарлаж, ахлах ангийн сурагчид болон сургуулийн орчинд хүүхдүүдийг дэмждэг багш, захирал, сургалтын менежер, номын санч, сэтгэл зүйч зэрэг томчуудын оролцоотойгоор унших соёлыг үндэсний хэмжээнд сургуулиас сургуульд түгээх зорилт тавьжээ. Ингэснээр 88 сургуулийн туршлага, оролцоо, санаачилгыг 720 сургуульд түгээх үндэс суурийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.

Үндэсний ном уншлагын хөдөлгөөнд идэвхтэй оролцсон багш нар, сургуулийн захирал, менежер, номын санч, сэтгэл зүйч болон сурагчид боловсрол, хөгжлийн тэтгэлэг авах боломжтой. Энэ нь хүүхдийн унших орчныг сайжруулах үйлсэд хувь нэмэр оруулж буй сургуулийн хамт олон, сурагчдын оролцоог бодитоор үнэлэх, урамшуулах чухал алхам болно.

2026 оны тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дахь Динзагийн асарт зочлон, “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөний нээлт, номын баярт хүрэлцэн ирж, хүүхдүүдэд зориулан хамтдаа бүтээж буй уншлагын орчин, сургуулиудын сайн туршлага, сурагчдын оролцоотой танилцах боломжтой.

Өнөөдөр болсон нээлтийн үеэр "Динза, Цондоолойгийн анд найзууд" ТББ-ын ивээн тэтгэсэн авъяас билгийн ундарга болсон "Уран хэлхээ - 2026" наадмын уран бүтээлчид ирж талархал илэрхийлж, бүжгийн үзүүлбэрээр бэлэг барилаа.

“Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн нь хүүхэд бүрт ном унших боломж, орчин, урам зоригийг ойртуулах замаар Монголын ирээдүйг унших, ойлгох, сэтгэх чадвартай байхад нөлөөлөх үндэсний хэмжээний санаачилга юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top