Амьдралыг сонгож байна | Хар тамхи хүний бүх бие организмыг хүчтэй гэмтээдэг

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хар тамхины гол аюул нь хэдхэн удаа хэрэглэсний дараа дахин хэрэглэх хазаарлашгүй хүсэл төрдөгт оршино. Хар тамхинд донтогч ямар аюултай үр уршигтай болохыг бодохоо больдог. Сэтгэцийн болон бие махбодын хамаарал маш богино хугацаанд үүсдэг болохыг судлаачид анхааруулж байна.  

Хар тамхийг хэрэглэх бүрд тархи, мэдрэлийн системийг хүчтэй гэмтээнэ. Ийм шинжтэй гэмтэл нь логик болон ой тогтоолттой холбоотой тархины хэсэг, мэдрэлийн эсүүдийг гэмтээнэ. Эдгээр нь хэзээ ч дахин сэргэдэггүй. Тиймээс хар тамхичин нийгэмтэй харилцаж чадахаа болино.

Хар тамхи хүний бие организмд ямар аюултай нөлөө үзүүлдэг вэ?

Мансууруулах бодис хүнд хоёр төрлийн нөлөөлөл үзүүлдэг байна. Нэг нь мансууруулах, нөгөө нь хордуулах. Мансууруулах үйлчилгээ нь сэтгэцийн болон бие махбодын хамааралд хүргэдэг бол хордуулах үйлчилгээ нь хүний бүх эд эрхтэн, тогтолцоо, бие организмыг бүхэлд нь гэмтээдэг байна.

Мэдрэлийн тогтолцоонд ноцтой нөлөөлж, тархины эс, захын мэдрэлийг гэмтээдэг. Улмаар ухаан алдах, салгалах, алхаа өөрчлөгдөх, баримжаа алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

 

Мансуурах үйлчилгээ дууссаны дараа айдаст автах, гуниглах, уурлах, сэтгэл гутрах зэрэг сөрөг үр дагаврууд ажиглагддаг байна. Үүний улмаас хар тамхичдын дунд амиа хорлох үзэгдэл өндөр байдаг байна.

Зүрх судасны тогтолцооны хувьд, хар тамхи хэрэглэхэд судас өргөсөж, даралт огцом унаж, зүрхний цохилт цөөрдөг. Зүрхний үйл ажиллагаа суларсны улмаас дотор эрхтэн хүчил төрөгчийн дутагдал, улмаар өлсгөлөнд орно. Харин сэтгэцэд нөлөөлөх бодит хэрэглэхэд эсрэгээр даралт өсөж, зүрхний цохилт нэмэгдэж, судас агшсаны улмаас зүрхэнд ачаалал өгч, харвах эрсдэл үүсдэг.

Амьсгалын тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж, бронхит, уушгины хатгалгаа үүсгэдэг. Амьсгал алдагдаж, бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орж, улмаар тархи, зүрхний булчинг гэмтээнэ. Тиймээс амьсгал зогссоны улмаас үхэх аюултай байдаг аж.

Түүнчлэн, мансууруулах бодис нь ходоодны шарх үүсэхэд нөлөөлнө. Хоол шингэхээ больж, гүйлгэх, өтгөн хатах шинж тэмдэг илэрнэ. Үүний улмаас хар тамхичны бие таагүй үнэртэй болж, арьс нь саарал өнгөтэй болдог.

Элэгний эс асар хурдан гэмтэж, хордсоноор элэгний хорт хавдар үүснэ.

 

 

Хар тамхи, мансууруулах бодис ясны идээт үрэвсэл үүсгэхээс гадна яс хэврэг болж, шүд унадаг байна.

Аюулт бодисыг хэрэглэхэд эрчүүдийн тестостерон, эмэгтэйчүүдийн эстроген дааврын түвшин унана. Үүний улмаас эрчүүд бэлгийн сулрал, үргүйдэлтэй болж, харин эмэгтэйчүүд зулбах эсвэл төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэх аюултай.

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэснээр хүн өөрийнхөө гараар өөрийнхөө амьдралыг төдийгүй гэр бүлийнхээ амьдралыг үгүй хийдэг гэж мэргэжилтнүүд сануулжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top