ӨЛГӨЦ | “Баатар” Э.Бат-Үүлийн МӨРӨӨДӨЛ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үүл баатар нэгийг бодож. Гэхдээ хоёрыг тунгаасангүй. Утга нь өөрөө гоё л доо гэдэг шиг, уг нь олж харсан нь их л гоё. Трампын айлчлалаас “зах зээл” гэдгийг ойлгож. Трамп Хятадын зах зээлийг гуйж, хариуд нь Жиньпин ч Америкийн зах зээлийг гуйж буй бололтой. Баатар үүнийг нь олж хараад манайх ч гэсэн зах зээлийг гуйх байсан юм гэж гоморхож сууна. Гэхдээ баатрын романтик төсөөлөл Монголд хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Түүний хэлж байгаачлан Хятадтай чөлөөт худалдааны гэрээ хийх ёстой байж. Хариуд нь Тесла үйлдвэрээ барих байж. “Made in Mongolia” утгаараа Хятадын зах зээл рүү гарах байж. Гэхдээ үгүй юм л даа. Тэртээ тэргүй ханах дээрээ тулсан Хятадын зах зээлд Монголд нэвтрэх нь эргэлзээтэй. Хажууханд нь Өвөр Монголын Бугатын район байхад манайханд юу гэж найр тавих вэ. Тэгээд ч манайд ноос  ноолуур, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр брэнд гэхээр юм бараг байхгүй. АНУ-тай худалдааны дайн хийж байхад Теслагийн үйлдвэр Монголд байгуулагдах нь ч худлаа.

Эрх мэдэлтэй байхдаа хийж чадаагүй, ер нь л чадахгүй зүйлээ зөнөг залгахаар мөрөөдөөд, мөрөөдлөөрөө цэцэрхэж суудаг болж.

Ер нь юм гэдэг хоржоонтой юм. Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг улдан эсэргүүцэж байсан нь Үүл баатар өөрөө. Гэхдээ баатар хүний бодол 360 градус хэлбийж болдог л байлгүй. Хоёр хөрш угаасаа гуйхыг тулгадаг юм. Үйлдвэр бариад өгье, хариуд нь зээл гэж тулгана. Тэгэхээр гуйсан болж таарна. Баас, шээсээ хүн шиг боловсруулдаг болъё гэхэд Хятадууд найр тавина. Найр тавихдаа “СВОП” хэлэлцээг тулган, манайхан ч нөгөөхийг нь үмхэж аваад сунгаад байдаг. Угтаа Үүл нь байна уу, Уул нь байна уу Засгийн эрхэнд хэн байхаас үл шалтгаалаад энэ тулгалт байж л байсан. Цаашдаа ч байна. Үүнийг Үүл баатар гадарлаж л байх учиртай. “Эдийн засгийг маань эзэлж байна” гэж уулга алджээ. Эрх мэдлийн цулбуураа хэнд атгуулахаа мэдэхгүй, Ардчилсан намынхаа байрыг барьцаанд тавиад алга болсон намынхан нь толхилцож байхад манай эдийн засаг Хятадаас хамааралтай болчихсон байсан юм. Эдийн засгийн солонгорол гэж хачин сайхан уянгалж болох ч эргээд авах улс нь Орос, Хятадаас өөр хэн ч биш. Солонгорлоо гэхэд энэ хоёроо л бараадна. Долоон уул даваад Монголд ирэнгүүтээ манай бараа, түүхий эдийг авна гэдэг уянга зөвхөн үлгэрт л байдаг эд.

Үүл баатар зөнөж. Зөнөхдөө Трамптай мөчөөрхөх хүртлээ зөнөж...

“Хятадын 50 сая, Оросын 20 хэрэглэгчийг зах зээлээ болгож чадвал...” гэж ирээд уянгалжээ. Тийм зүйл байдаггүй юм. Сибирийн зах зээл угаасаа Монголыг бүү хэл, Хятадыг ч тоохооргүй “ядуу”. Ядуу газар юу зарах вэ бодох хэрэгтэй. Тэд л лав ноос, ноолуур, мах авахгүй нь лавтай. Дээрээс нь Хятадын 50 сая  зах зээл гэж эморчээ. Зөнөчхөөгүй л бол манай үйлдвэрлэлийн чадамж, уул уурхайн бүтээгдэхүүний потенциаль үүнийг хангаж дийлэхгүй. Баатар Үүл баатрын чадлаар өөрөөсөө гэнэт л хоёр сая ажлын байр гаргаад ирэхгүй л бол шүү дээ. Тэгээд ч манайд том компаниуд нь жижиг компаниа бойжуулдаггүй болохоор чадалтай компани цөөн. Байлаа гэхэд том компанийнх нь охин компани байдаг. Тэр охин компаниуд нь Сибирийн бүү хэл захын тосгоны, Хятадын бүү хэл Шинжаан Уйгарын стандартыг ч дийлэхгүй дэндүү сул.

Үүл баатар зөнөж. Зөнөхдөө Трамптай мөчөөрхөх хүртлээ зөнөж. Зөнөг залгасан хөгшчүүдийн үгийг нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргаж сурах хэрэгтэй.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top