Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 орноос 62-т орж, 1 байр УХАРЛАА

2023 оны 06 сарын 20

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-ыг танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагын Монгол дахь албан ёсны түнш бөгөөд, Монгол Улсын мэдээллийг жил тутам нэгтгэн илгээхийн зэрэгцээ тухайн онд тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийг тодорхойлон хамтран ажилладаг. 1989 оноос хойш жил тутам тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д дэлхийн 64 улс орнуудын өрсөлдөх чадварыг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 335 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмжсэн, хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа гэдгээрээ онцлогтой. Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон.

Тэгвэл Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон ЭЗБӨЧСТ-ийн зүгээс танилцуулж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-т өрсөлдөх чадвар хамгийн сайн улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд эрэмбэлэгджээ.

Харин өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улсууд байна. Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноотой байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт болжээ.

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРЧ БОЛОХ СОРИЛТУУД:

 

-Инфляцын түвшин өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй.

-Ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудлууд хэвээр байна.

-Валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт хийх  шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна.

-Сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй.

-Орос-Украины дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон Бээжин   Тайваны хоорондох хурцадмал байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.

Сануулахад, 2022 оны тайланд Монгол Улс 61-т эрэмбэлэгдэж байсан юм. Энэ нь 2021  оноос 1 эрэмбээр ухарсан үзүүлэлт болж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(59.153.112.142) 2023 оны 06 сарын 20

хулгайчуудынхаа тоогоор өрсөлдвөл монгол улс тасархай 1 рт

1  |  0
Top