Уимблдоны эхний шат дуулианаар дүүрэн өнгөрч байна. Энэ тэмцээнд түрүүлэх магадлал өндөртэйд тооцогдож байсан АНУ-ын Коко Гауффын ялагдлаас эхлээд дээгүүр чансаатай олон тамирчин эхний шатыг давж чадсангүй.
Ролан Гаррост түрүүлчихээд ирсэн Коко Гауффын эрин эхэлж магадгүй хэмээн АНУ-ын зарим хэвлэл мэдээлсэн ч яг эсрэгээрээ явдал боллоо. Гауффыг Украины Даяна Ястремская 7:6, 6:1-ээр тун хялбархан хожлоо.
“Ёстой хөгийн муу тоглолоо. Өнөөдөр яаж ч тоглоод байгаагаа өөрөө ч ойлгосонгүй” гэж Коко Гауфф өгүүлсэн юм. Давуулалт дээрээ хоёр дараалан есөн удаа алдсанаар өөдтэй тоглох боломж ч гарсангүй.
Харин Ястремская “Өнөөдөр надад маш жижигхэн боломж байсан. Нэг ч оноо зүгээр өгөхгүй гэдгийг мэдэж байсан болохоор хамгийн сайнаараа л тоглохыг хичээсэн минь ялалтад хүргэлээ” гэжээ.
Ганц Коко Гауфф ч бус Дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Жессика Пегула, Олимпын аварга Жэн Чинь Вэн нарын зэрэг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дээгүүр харж байсан тамирчид эхний шатыг давсангүй.
Эрэгтэйчүүдээс Дэлхийн чансааны мөн гуравт бичигдэж буй Александр Зверев ч мөн хожигдлоо. Тэрбээр хожигдсоныхоо дараа маш их ганцаардаж буйгаа ярьжээ.
“Талбай дээр би маш их ганцаардах болжээ. Сэтгэлзүйн асуудал байна. Энэ тамын гэмээр мэдрэмжээс салахсан. Гэвч байсхийгээд л ийм бодол төрөөд хэцүү юм. Ер нь би амьдралдаа ч ганцаардмал маягийн хүн л дээ. Гэхдээ сүүлийн үед бүр хэрээс хэтэрлээ. Олон хэцүү давааг давсан ч гэлээ одоо сэтгэлзүйчид хандах цаг болжээ. Өмнө нь сэтгэл санаа минь хэзээ ч үүн шиг хоосорч байсангүй” хэмээн хэлсэн байна.
Новак Жоковичийн хувьд эхний учраа Александр Мюллерийг 6:1, 6:7, 6:2, 6:2-оор хожлоо. “Тоглолтын явцад гэдэс өвдсөн ч аажимдаа гайгүй болсноор эрч хүч минь эргэн ирлээ. Эмч надад ид шидтэй эм өгсний л ач” гэж Жокович өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )