Ч.Отгонбаатар AIPS-ын Дээд шагнал хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

Өнөөдөр Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр, Олон Улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS) байгуулагдсаны 101 жилийн ойн өдөр тохиож байна. 

Энэ өдрүүдэд Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны 26 дахь удаагийн чуулган Хятадын Хонконгод үргэлжилж байгаа бөгөөд Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн 30 улсаас 29 улсын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид оролцож байна. Монголын Спортын сэтгүүлчдийн холбоог төлөөлөн Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал, холбооны Хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар тус чуулганд оролцож байгаа билээ.

Хонконгод болж буй конгрессын үеэр Монголын спортын сэтгүүл зүйд нэгэн шинэ түүх бичигдэн, Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дөрөв дэх ерөнхийлөгч, спорт, олимпизмын нэрт зүтгэлтэн Чүлтэмийн Отгонбаатар тив, дэлхийн спортын хэвлэл мэдээллийн салбарт Монгол Улсын нэрийг өргөлөө. 

Тэрээр Монгол Улсаас анх удаа Азийн спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал болох “Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны алдартан” хэмээх нэр хүндтэй шагналыг энэ өдрүүдэд хүртэв. 

Энэхүү шагнал нь зөвхөн мэргэжлийн ур чадварын үнэлгээ бус, олимпийн үнэт зүйлсийг түгээгч, шударга ёсыг сахигч, спортыг хөгжүүлэгч ховорхон хүмүүсийн гавьяанд олгодог эрхэм нэр хүндийн бэлгэдэл билээ.

Түүний энэ гайхалтай өдөр хүртлэх туршлагаас дурьдвал, 
 

  • Дэлхийн спортын сэтгүүлчдийн конгресст Монгол Улсаа төлөөлөн 21 удаа оролцсон.
  • Азийн Спортын сэтгүүлчдийн холбооны конгресст Монгол улсаа төлөөлөн 14 удаа оролцсон.
  • Олимпын наадамд 12 удаа оролцсон.
  • Өвлийн Азийн наадамд 6 удаа оролцсон.
  • Зуны азийн наадамд 7 удаа оролцон идэвх, оролцоо, удирдлагын нөлөөллийг үзүүлсэн билээ. 
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu