Орос–Монголын залуу геологичдын анхдугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник соёлын хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд өндөр ач холбогдол өгч буй "Орос-Монголын залуу геологичдын анхдугаар олимпиад"-ын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, тус комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков болон хоёр улсын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид, судлаачид, мэргэжилтнүүд оролцлоо.

Монгол Улс бол байгалийн баялаг, ашигт малтмалаар арвин, уудам дэлгэр газар нутагтай орон. Энэ нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрэл, хайгуул хийж, үр ашигтайгаар олборлон, боловсруулах нь улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийн стратегийн нэгэн чухал тулгуур юм.

 Геологи бол уул уурхайн салбарын эхлэл төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь болсон стратегийн чухал салбар юм. Өнөөдөр Монгол Улсад хийгдэж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь нь уул уурхайн салбарт ногдож байна.

Тиймээс геологийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн геологичдыг дэмжих нь маш чухал. Энэ удаагийн олимпиадад Монгол, Оросын 150 гаруй өсвөрийн геологич оролцож буй нь зөвхөн мэдлэг ур чадвараа сорих уралдаан төдийгүй нөхөрлөл, хамтын ажиллагаа, олон улсын туршлага солилцох томоохон арга хэмжээ болж байна.\

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu