Улаанбаатарт өнгөрсөн зургаадугаар сарын 23-29-нд болсон сагсанбөмбөгийн 3х3-ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавъяат тамирчин цол олголоо.
Хэсэгтээ хүчирхэг Бразилыг эхний тоглолтдоо хожоод Олимпын мөнгөн медальт Испанийн шигшээд хожигдсоныхоо дараагаар Олимпын аварга Герман, мөн Украины шигшээг хожсоноор хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн.
Хасагдах шатанд БНХАУ-ын шигшээг хожиж, шөвгийн наймд шалгараад Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээг хожиж шөвгийн дөрөвт гарсан билээ. Энэ ялалтыг Дэлхийн маш олон хэвлэл хамгийн гэнэтийн дуулиантай хожил гэж тодорхойлсон.
Үүний дараагаар шөвгийн дөрөвт Польшийг нэмэлт цагт хожиж, Дэлхийн аваргын мөнгөн медалийн болзлоо манай тамирчид хангаж, монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн.
Тэгвэл өнөөдөр ийнхүү багийн ахлагч М.Цэрэнлхам мөн О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл зохих гавъяагаа шагнууллаа. Н.Нандинхүсэлийн хувьд 18 нас 296 хоногтойдоо Гавъяат тамирчин цол хүртэж байна.
Тэрбээр АНУ-ын шигшээг хожиход сүүлчийн хоёр торгуулийн шидэлтийг итгэлтэй, тун тайван гүйцэтгэж, юу ч болоогүй юм шиг бардам бахдалтай гараа алдлан зогссон агшин энэ тэмцээний хамгийн оргил, ой тойнд тодоор үлдэх мөчүүдийн нэг болсон билээ.
Олон тоглолт дараалан Дэлхийн цувралд хожигдож, шантрахаар хэцүү байдалд олон удаа орсон ч сэтгэлийн тэнхээ заан, зориг зүрх гарган зүтгэсэн Монголын эмэгтэй шигшээ багийнхны энэ амжилт багийн спортоор ямар ч амжилтад хүрч болохын гэрч болж, монгол түмний итгэл сэтгэлийг өндөрт өргөснөөрөө онцгой гавъяатай юм.
Хятадын лигийн “Үхань” багт тоглодог О.Хулан тэмцээний шигшмэл багт нэрлэгдсэн бол Н.Нандинхүсэлийг АНУ-ын Флоридагийн Техникийн Их Сургуулийн сагсанбөмбөгийн баг урьсан тухай мэдээлэл түгээд байна.
Ахлагч М.Цэрэнлхам багаа хэрэгтэй үед зөв залж, зангидаж, хамгаалалтыг бүрэн хариуцсан бол Б.Ариунцэцэг тэмцээний хамгийн олон оноо авсан тамирчдын нэг болсон төдийгүй Польшийг хожиж, мөнгөн медаль хүртэхэд шийдвэрлэх шидэлтийг хийсэн билээ. Ийнхүү бүгдээрээ нэг нэгнээ нөхөн, сэтгэл зориг гарган тоглосон бүсгүйчүүд маань өнөөдөр зохих шагналаа гардлаа. Засгийн газрын зүгээс тамирчдад 500 сая төгрөгийн урамшуулал мөн олгожээ.
Сэтгэгдэл ( 2 )
SEXSEER VANXANI AJIL XNE ANUSDI BOOW XXOOD DOLOOJ BOOWN GOE TAWIYYLI80955877VANXANDI
Ёстой нэг шар үс өрвийлгөж чадсан шүү охидоо манай хүүк азтайч юмуу ийм дайчин охидыг шагнах эрхтэй эх орондоо үнсүүлж тэврүүлж чадлаа охидоо бахархаж бна