АНУ-д Клубүүдийн ДАШТ шөвгийн найм руугаа орж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн 32 клуб өрсөлдсөнөөс сүүлчийн найм аваргын төлөө өрсөлдөөн рүү орж буй энэ мөчид аль хэдийн тэмцээнээс хасагдсан Лионель Мессигийн “Интер Майами” Бразилын “Палмэйрас”-ыг 5:2, 4:2, 4:0 зэрэг бодит бус дүнгээр хожиж, түүнд нь аргентин довтлогч хет-трик хийж буй бичлэгүүд ютүб сувгуудад дүүрээд амжлаа.
Хөлбөмбөгийн мэдээллийг байнга хардаггүй хүнд бол үнэхээр л Месси галзуурч, ганган хет-трик хийж, баг нь хожсон мэт харагдана. Гэвч энэ тэмцээнд Месси ганц л гоол оруулсан бөгөөд түүний баг үнэндээ “Палмэйрас”-тай хэсгийн сүүлчийн тоглолтод 2:2-оор тэнцэхэд Месси гоол оруулж чадаагүй юм. Харин шөвгийн 16-нд Францын “Парис Сэн Жэрмэйн”-д 0:4-өөр бут ниргүүлж хасагдсан.
Үүнээс гадна “Манчестер Сити”-“Ювентус”-ын тоглолтын хуурамч бичлэг буюу өмнөх тоглолтуудын гоолыг эвлүүлж хийсэн хэсгүүд олноор ютүбд оржээ. “Ювентус”-ын хаалганд Мартин Дубравка зогсох аж. “Ньюкасл”-ын хаалгачийг Турины клубд хээв нэг тоглуулсан иймэрхүү хуурамч бичлэгүүд тоглолт эхлэхээс хэдэн цагийн өмнө орж, олон мянган хүн хууртан үзсэн байна.
“Манчестер Сити” өрсөлдөгчөө 3:2-оор хожиход дасгалжуулагч Пеп Гвардиола хар халуунд зузаан хар куртка углачихаад цахилгаанаа доош буулган суугаа өвлийн гэмээр агшин хүртэл нэмж оруулжээ. Үнэн хэрэгтээ тоглолт 5:2-оор буюу илүү олон гоол өндөрлөсөн юм.
Энэхүү хуурамч бичлэг, эвлүүлгүүдийг Египетийн тоглоом зохиогчид ютүбд байршуулсан бөгөөд нийтдээ 30 гаруй бичлэг нь хоёр долоо хоногийн хугацаанд 14 сая гаруй хандалт авчээ. Нэгэн интернэт хэрэглэгч “Эхлээ ч үгүй байгаа тоглолтын бичлэгийг 800 мянга гаруй хүн үзчихсэн байна гээд бодохоор итгэхийн ч аргагүй алга” хэмээн дуу алджээ.
Хэд хоногийн дараагаар интернэт хэрэглэгчид хуурамч бичлэгүүдийн талаар гомдол мэдүүлснээр Ютүб тэдгээрийг устгаж эхэлсэн юм. Мөн тэдгээр бичлэгүүдийг оруулсан сувгуудыг хаажээ.
Клубүүдын ДАШТ-ийн шөвгийн наймд
Палмэйрас /Бразил/ - Челси /Англи/
Флуминэнсэ /Бразил/ - Аль Хилаль /Саудын Араб/
Парис Сэн Жэрмэйн /Франц/ - Байерн Мюнхен /Герман/
Боруссиа Дортмунд /Герман/ - Реал Мадрид /Испани/ таараад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Мэссий гэхээр нүд нь сэргээд спортын сэтгүүлч байж үнэн шалчигнуур эмэгтэй хүн шиг муулаад үхэх шахана согтуу толгой