Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.
Гавьяат тамирчин М.Цэрэнлхам: Дасгалжуулагчдаа маш их баярлалаа
Хайртай дотнынхоо хүмүүсийн намайг хараад бахархаж байгаа харцыг нь харах гайхалтай байлаа. Гаргасан амжилтдаа ханахгүйгээр амжилтаа улам ахиулж, олимп, дэлхийн аварга болоорой гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөөсөн.
Баг хамт олныг минь хамгийн сайн чиглүүлж чадсан хүн бол багийн дасгалжуулагч Стив Сер. Дасгалжуулагчдаа маш их баярлалаа гэж хэлье.
Гавьяат тамирчин О.Хулан: Энэ хайр хүндлэлийн хариуг хөдөлмөрөөрөө хариулна
Эрэгтэй шигшээ баг хасагдсаны дараа МОНГОЛЧУУД ямар вэ гэдгийг харуулахыг хүссэн. Монголчууд тэвчээртэй, тэмцэлтэй ард түмэн шүү, бид цөөхүүлээ ч чадалтай ард түмэн гэдгийг харуулахыг хүссэн. Тиймээс шийдэмгий сонголт хийсэн байх.
Гавьяат тамирчин Б.Ариунцэцэг: Шийдвэрлэх шидэлт шидэх үед би өөртөө ч итгээгүй
Ээж маань 10 жилдээ сагсанбөмөгөөр хичээллэдэг байсан. Ээжийн маань суурь надад нөлөөлсөн байх. Хамтдаа энэхүү шагналыг авч байгаадаа баяртай байна. Шийдвэрлэх шидэлт шидэх үед би өөртөө ч итгээгүй. Маш их гайхсан. Тэр шидэлтийг би хэзээ ч мартахгүй. Дэмжиж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараа жилийн ДАШТ-д медалийн өнгөө хувиргаж алтан медаль авахыг хүсэж байна.
Гавьяат тамирчин Н.Нандинхүсэл: 2028 оны Лос Анжелесийн олимпод амжилттай оролцохыг хүсэж байна
Энэ хэмжээнд хүрнэ гэж бид мөрөөддөг байлаа. Мөрөөдөл минь биелж байгаад одоо хүртэл итгэж чадахгүй байна. Би 10 настайгаасаа эхлэн сагс тоглож эхэлсэн. Идэвхтэй хичээлээд 3-4 жил болж байна.
Анхны медаль маань Монгол Улсын багийн спортын хамгийн том медалт болж байгаад баяртай байна. Бидний хамгийн ойрын зорилго 2028 оны Лос Анжелес хотод зохион байгуулагдах олимпын наадам байгаа.
Сэтгэгдэл ( 0 )