Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхдээ хасаж болох бүхий л зардлуудыг танахаа мэдэгдэв. Гишүүд ч “Бүх салбарт хэмнэлт хийж байна, ингэхээс өөр аргагүй” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Гэтэл төсвийг нь хасаж болохгүй салбар гэж бий. Үүнийг 126 гишүүний олонх нь, шулуухан хэлчихэд Х.Баасанжаргал гишүүнээс бусад нь бараг ойлгохгүй, хуулиа судлаагүй, зүгээр л сэтгэл хөөрлөөр хандаж байна.
Х.Баасанжаргал гишүүн чуулганы хуралдаанд “...Шүүхийн тухай хуульд “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана. Шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно” гэж заасан. Үндсэн хуульд “Шүүх Улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж ерөнхий байдлаар шүүхийн эдийн засгийн баталгааг баталгаажуулсан. Энэ нь шүүхийн үйл ажиллагааг төрийн бусад эрх мэдлээс тусгаар хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг Үндсэн хуульд хамгаалж өгсний нэг хэлбэр. Шүүхийн эдийн засгийн баталгааг хангах нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх нэг үндсэн нөхцөл болдог” гэдгийг өчнөөн тайлбарласан. Харамсалтай нь Сангийн яамныхан ч, сайд нь ч ойлгосонгүй. “Юун сүртэй юм бэ, бусад байгууллага ч гэсэн адилхан төсвөө тануулж л байгаа. Төсвийн хүндрэл, таналтыг адилхан үүрч байгаа шүү дээ” гээд сууцгааж байна.
Улс орон хямраад, аргаа бараад төсөв хэмнэж байна уу гэтэл уг төсвийн хэмнэлтийг аваад үзэхээр Сангийн сайдын багц 7.3 хувь, Сангийн яамных 4.6 хувь, Ерөнхийлөгчийн төсөв 12 хувь гэхчлэн хасахаар оруулж ирсэн атал хамгийн өндөр нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн төсөв 20.6 хувиар танагдсан байх юм. Үүнээс үзэхэд, улс орны эдийн засгийн хямрал, аргагүй нөхцөл байдал, санхүүгийн сан хөмрөгөөс шалтгаалсан гэж харагдахгүй. “Хуваарилалт нь шог байна” гэж хэн хэзээ ч билээ хэлсэн үгийг манайхан иймэрхүү зүйл дээр жишээ болгон татдаг, түүнтэй адил зүйл энэ удаа ч давтагдаж байна. Өөрөөр хэлбэл, хэмнэлт нь шударга байсангүй.
Ингэснээр иргэд үйлчилгээ үзүүлдэг, ачаалал их атал нурах шахсан актлагдсан барилгуудад, агаар сэлгэх боломжгүй умгар өрөөнд шахцалдан суудаг шүүхийн төсөв танагдаж, шинэ байранд орох боломж хязгаарлагдана. Шүүхийн тухай багц хуульд тусгасан шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байна. Шүүх хурлын танхим стандартын дагуу байна,шүүхэд ханддаг олон мянган иргэн үгээ чөлөөтэй хэлэх, эрхээ хамгаалах эрх нь чөлөөтэй байна гэх мэт шаардлагууд хэрэгжихгүй. Дээр нь вакум орчинд гадаад орчинтой холбогдох, уулзах, ярилцах эрх нь хүртэл хаалттай шүүгчид дотроо сургалт зохион байгуулах, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зардалгүй тул эрх нь зөрчигдөнө. Манай улс хүүхэд, залуусын эх орон, гэр бүлийн үнэ цэнийг өндөрт тавина гэхчлэн том бодлогууд дэвшүүлдэг.Тэр нь ч хоосон амлалт болох нь.
Яагаад гэвэл, ирэх жил Хүүхэд, гэр бүлийн шүүхтэй болно. Хүүхэд, гэр бүлийг хамгаалах цогц бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл Хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулах байр, тоног төхөөрөмж, дагалдах зардлууд нь хасагдчихаар олон жил ярьж ирсэн шинэ шүүхийн асуудал мөрөөдөл хэвээр үлдэхээр болж байна. Иймээс л шүүх эрх мэдлийн байгууллагын төсөвт төрийн бусад байгууллагын адил хавтгайруулсан байдлаар хандаж болохүй. Шүүхийн эдийн засгийн баталгааг Үндсэн хуулиар тодорхойлон зааж өгсний учир энэ юм. Эцэст нь хэлэхэд, эрхээ хасуулаад цагдан хоригдож буй хүн ч гэсэн чөлөөтэй бие засах 00-ийн өрөөтэй байх ёстой биз дээ. Шүүхийн зардал танагдсанаар тэдний эрх ч хязгаарлагдана. Шүүх бол төрийн бусад байгууллагаас өөр бүтэц, бусадтай харьцуулж төсвийг хавтгайруулан танаж болохгүй. Хэмнэлт нэрээр шүүхийн хараат байдлыг “хянадаг” байж бүр ч таарахгүй.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )