ТӨР БА ТУСГААР ТОГТНОЛ
“Төрийн минь сүлд өршөө” гэж дэлхийн хэдэн улсын иргэд залбирч, хүндэлдэг талаар үнэндээ хэлж мэдэхгүй юм. Гэхдээ дэлхийн түүхэнд төрт ёсыг анхлан бий болгож чадсан монголчуудын хувьд энэ бол зүгээр нэг үг биш. Төрөө хүндэтгэх нь их ухаан болтлоо хөгжиж, үүнийгээ төрөө дээдлэх, өвгөдөө хүндлэх, ах дүүсээ хайрлах зэргээр хуваан авч үздэг байж. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүндлэхээсээ зүхэх нь ихсээд байна уу гэж бодогддог юм. Мэдээж төр гэдэг өөрөө биет бус зүйл. Гэвч ухааныг нь чиглүүлж яваа, уламжлалт ёсыг нь хэрэгжүүлж, залгамж халааг нь авч яваа үе, үеийн хүмүүсийн зөв мөр, хүндлэлт сэтгэлийн хэмжүүрээр олон нийт хүлээж авдаг.
Тэгвэл амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуусаас эхлээд насны нар нь хэвийж яваа ахмадууд хүртэл төр, төрийн албан хаагчдыг гоочилж, элдэв бусаар шүүмжлэх болжээ. Ер нь тусгаар тогтнолгүй төр, төргүй тусгаар тогтнол гэж байхгүйг төрийн хууль цаазны “Малгай”-н дор дулаацаж яваа иргэд нь ч дарга нар нь санаж явах ёстой билээ.
ТҮҮХ ХИЙГЭЭД ТУСГААР ТОГТНОЛ
Энэ дэлхийд эх оронгүй хүн нэгээхэн ч үгүй. Харин эх орон, элгэн нутаг нь тусгаар тогтносон, бие даасан, бүрэн эрхт эсэхээс хамаг зүйл шалтгаална. Хаана ч, хэний ч өмнө “Би Монгол Улсын иргэн, Монгол хүн” хэмээн нүүр бардам хэлж, харц дээгүүр зогсох аз жаргал, амар тайван цаг үеийг бидний өвөг дээдэс өөрсдийн амь биеэ зориулан бий болгосон. Энэ жил 110 жилтэйгээ золгож байгаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан үйл явцын үнэ цэн, түүхэн гавьяаг өнөөгийн бид, залуу үе маань төдийлөн сайн мэдэхгүй байж болох юм.
Тиймээс л туурга тусгаар орон байхын утга учрыг ирээдүй хойчдоо сануулан сурталчилж байх нь бидний үүрэг мөн. Их Монгол Улсаа байгуулсан тэртээ XIII зуунаас хойш Манжийн дарлалд орж тусгаар тогтнолоо алдсан гашуун түүх бол биднийх. Гэвч Өндөр гэгээн Занабазарын холч ухаан, алтан ургийн ноёдын мэргэн шийдвэрээр дагаар орсон нэртэй боловч дотооддоо хэргээ өөрсдөө шийдэж байсныг түүхийн шаргал хуудас гэрчилнэ. Манжийн төр бөхөж эхэлсэн цаг үеийг алтан ургийн ноёд, Богд хаан, тухайн үеийн сэхээтнүүд соргог ашиглаж чадсан билээ.
Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богдыг улсын хаан ширээнд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхагласан юм.
Үүнээс өмнө хэдийгээр тусгаар тогтнолоо алдсан байсан ч гэсэн бүрэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсныг тагнуулын хоёрхон мэдээгээр харж болохоор байна. Бээжингээс Богд хааныг хороолгохоор тусгай бэлтгэгдсэн бүлэг хүмүүсийг нааш нь явуулахад “Богдыг хамгаал” гэсэн мэдээ нь түрүүлээд ирж байж. Мөн Ховдын хязгаарын Цагаан түнгээр хятадууд дайрахад “Бид энэ тулаанд ялж ч магадгүй. Гэхдээ Нийслэл хүрээний аюулгүй байдлыг чангатга” гэсэн захиа явуулсан байдаг.
Хэдийгээр хэсэг хугацааны дараа автономит эрхтэй болж, тусгаар тогтнолоо эргэн алдсан ч 1921 оны хувьсгал, Халх голын дайнд ялах, НҮБ-д гишүүн орноор элсэх, Ардчилсан хувьсгал тогтох зэргийг томоохон үүтгэл байсантай маргах аргагүй. Хятадын тал 1919 онд Сью Шү Жанаар удирдуулан монголын автономит эрхээс татгалзуулах ажиллагаа явуулж, Богд хааныг шахаанд оруулсан байдаг. Ингэхдээ тухайн үед Дунд голд байсан Шанзав Бадамдоржийн гэрийн үүднээс Богдын ордон хүртэл хоёр эгнээ цэрэг жагсаан хүчийг үзүүлсэн гэдэг.
Үүнээс харахад тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд бүхий л талаараа хүчирхэг байхаас гадна эх орон, элгэн садныхаа төлөө тууштай тэмцэгчдээ хамгаалдаг байх ёстой аж. Учир нь хувьсгалт тэмцлийг эхлүүлж байгаа хүмүүс гэдэг бол цаг үеэсээ түрүүлж сэтгэсэн, боломжийг олж харсан, ирээдүй хойчоо бодсон, ер бусын байдаг мэт. Харин тэднийг нь толгой дараалан устгах, хорлох, ард түмэнд нь гэмт хэрэгтэн мэт харагдуулах ажлыг бусад улс орнууд, дотоодын ухвар бодолтнууд хамтран хийдэг бололтой.
Эрх чөлөөний тэмцлийн гол удирдагч, алтан ургийн ноёдын ихэнх нь учир битүүлгээр хорвоог орхиж байснаас энэ бүхэн харагдана. Нэг үгээр бол өнөөгийн аз жаргалтай амьдрал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж, Төв Азийн цээжинд “Ардчилсан” гэсэн тодотголтой гялалзаж байгаа ирээдүйг бүтээхийн тулд олон хүний амь нас, итгэл сэтгэл шингэсэн. Мэдээж өнгөрсөн зуу илүү жилийн түүхэнд манай улсын бие даасан байдалд цэрэг дайны хэлбэрээр халдсан хэд, хэдэн тохиолдол бий. Энэ нь жижиг буурай Монгол Улсын газар нутгийг хуваан эзэмших их гүрнүүдийн тохиролцоо байсан гэж харах түүхчид ч байдаг.
ТУЛЖ, ТЭГШИТГЭХ ЁСТОЙ ТУСГААР ТОГТНОЛ
Тэгвэл тухайн улсын тусгаар тогтнолд цэрэг дайнаас илүүтэй эдийн засгийн, эрүүл мэндийн, соёл боловсролын гээд олон хэлбэрээр халдаж, өөрсдийн эрхшээлд байлгах боломжтой болсон цаг үед бид амьдарч байна. Тиймээс л өвөг дээдсийнхээ бүтэн амь, бүлээн цусаар тулж босгон, таван тивд тунхаглан зарлаж, хадгалж хамгаалж ирсэн тусгаар тогтнолоо хамгаалах ажилд хэн бүрийн оролцоо чухал. Ялангуяа орчин цагт хүн бүр улсынхаа эх хэл, эдийн засгийн дархлаа байх шаардлага бий.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр заалтад “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн” хэмээн заасан. Үүнээс гадна 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулахыг дэмжин баталсан. Энэ нь Үндсэн хуулиараа тусгаар тогтнол, бие даасан байдлаа хамгаалах чухал алхам болсон гэж улс төр судлаач, түүхчид үздэг. Олон ч хүн энэ ажилд гар бие оролцож, сайн муугаар их ч дуудуулсан.
Саяхан болсон МАН-ын 30 дахь Их хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Парламентад ёсыг сонгодог зарчим, дэлхий нийтийн чиг хандлагад төгөлдөршүүлж, ард түмнийхээ засаглах, төлөөлөх эрхийг хэрхэн хангах вэ гэдэгт онцгой ач холбогдол өгөх нь цаг үе, нийгмийн хөгжлийн чухал шаардлага болж байна” гэсэн нь дээрхтэй утга дүйж буй хэмээн санана. Ингэж парламентын дарга нь хүртэл олон нийтэд ил тодоор зарлаж байгаа нь сайн хэрэг. Харин бид тунхаглан зарласан тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, улам батжуулах, үнэ цэнийг нь олон нийтдээ таниулах ажлыг шат дараатай хийх нь чухал.
“Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэсэн маршал Х.Чойбалсангийн үг энэ бүхнийг батлах захиас мэт ажээ. Язгуурын монголчууд “Шашин, үндсээ хамгаалахын тулд...” хэмээсэн уриан дор нэгдэн тунхагласан 1911 оны тусгаар тогтнолын шашин буюу оюун санаа, үнэт зүйл, үндэс угсаа буюу гал голомт, газар нутгаа хамгаалсан их түүх өнөө бидний цагт мөн чанар, мөнхийн утгаа алдах учиргүй ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
(6)(111).jpg)
Сэтгэгдэл ( 0 )