Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо” болон “Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны удирдлагуудыг хүлээн авч, ажил олгогчдын төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийлээ.
Холбоодын зүгээс салбарын ажилтнуудын цалин хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлж, нийгмийн баталгааг хангах нэн тэргүүний шаардлагаа танилцуулж, зарим тулгамдсан асуудлаар саналууд илэрхийллээ. Үүнд:
- Ажиллагсдын ачаалал их, ажлын нөхцөл хүнд байгааг харгалзан үзэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, стандарт хэрэгжүүлэх
- Хүний нөөц, сургалтын бодлого, тогтолцоог шинэчлэх
- Технологийн шинэчлэлд хөрөнгө оруулах
- Захиргааны нүсэр бүтцийг танаж, үргүй зардал, авлига хулгайг таслан зогсоох
- Салбарын бодлого, шийдвэр гаргах үйл явцад ҮЭ болон ажиллагсдын төлөөллийг оролцуулах
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хувьд салбарт тулгамдсан олон асуудал байгаа хэдий ч салбарын 17,000 ажиллагсдын эрх ашгийг нэр тэргүүнд тавих нь маш чухал гэдгийг онцолж, дэвшүүлсэн асуудал бүрийг судалж, үе шаттайгаар шийдвэрлэхэд Үйлдвэрийн эвлэлийн холбоодыг тодорхой санал боловсруулж, хамтран ажиллахыг урилаа.
Түүнчлэн салбарын үнэлэмж, бүтээмжийг өсгөх бодлогын өөрчлөлт хийхээр зорьж буй бөгөөд үүсээд буй хүндрэл бэрхшээлийг тарифын зөв бодлого, засаглалын шинэчлэлээр засах боломжтой гэв. Үүний тулд салбарын хуримтлагдсан өр төлбөр, алдагдлыг бууруулж, үнэ тарифыг өртөгт нь ойртуулах замаар цалин нэмэх эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.
Талууд цаашид салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулж, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлд бодит ахиц, шийдэл гарган хамтран ажиллахаар ярилцлаа.

Сэтгэгдэл ( 0 )