Аваргуудын Лиг | ПСЖ цааш шалгарч, Барса нутаг буцлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Европын клубуудын ноён оргил Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд манай цагаар өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн улирлын аварга, Францын гигант ПСЖ өрсөлдөгч Ливерпүүлийг талбайд нь 0-2 харьцаагаар хожиж цааш шалгарсан бол Испанийн Барселона клуб Атлетико Мадридыг талбайд нь 1-2 харьцаагаар буулган авсан ч нийлбэр дүн 3:2 болж Атлетико Мадридчууд шөвгийн дөрөвт шалгарлаа. Өнгөрсөн шөнө болсон тоглолтуудыг тоймлон хүргэж байна.


Атлетико Мадрид vs Барселона

Хэдийгээр Каталонын нэр төр Барселона клуб нийслэл хотын Атлетико Мадридыг цэнгэлдэх хүрээлэнд нь 1:2 харьцаагаар буулган авсан ч цааш шалгарахад хангалтгүй байлаа. Атлетикочууд эхний тоглолтдоо гоол алдалгүй 2:0 харьцаагаар хожсон нь цааш шалгарахад хангалттай байжээ. Атлетико Мадрид клуб есөн жилийн дараа анх удаа хагас шигшээд шалгарч байгаа нь энэ болсон юм.

Тоглолт эхлэхэд л Барсагийн уулгалсан довтолгоон эздийг тавгүйтүүлж байв. Ердөө 33 секундын дотор Ламин Ямал хаалга руу гайхалтай цохисон ч Атлетикогийн Хуан Муссо түүнээс ч дутахгүй чадвар үзүүлэн хаав. Үүнээс төд удалгүй талбайн эзэд хамгаалалтдаа уучилж болохгүй алдаа гаргаснаас үүдэн Ферран Торрес гайхалтай ур чадвар гарган Ламин Ямалд дамжуулснаар эхний гоол дөрөв дэх минутад оров. Үүнээс хойш эзэд өрсөлдөгчдөө бөмбөг эзэмшүүлэхгүйг хичээсэн. Зүтгэл ч амжилттай болж хагас хамгаалалт учраа олсон мэт харагдаж байлаа. Гэтэл үгүй байв. Мадридын Коке хамгаалалтын шугамд бас нэг алдаа гаргаж үүнийг Ферран Торрес өршөөлгүйгээр Ольмогийн дамжуулалтаар гоолдсоноор нийлбэр дүнг тэнцүүлсэн юм. Барсагийн довтолгооны дарамт үүнээс хойш эрчимжив. Мадридын “Метрополитано” цэнгэлдэх хэсэг зуур намжсан гэхэд болно. Хоёр дахь гоол ороод төдийлөн удаагүй байтал Фермин Лопес гоолын боломжоо салхинд хийсгэх нь тэр. Яг энэ мөчид Мадридын хаалгач Муссо Ферминий нүүрийг гутлаараа өшиглөсөн нь тоглолт удаан завсарлахад хүргэсэн. Гайхалтай нь энэ алдааны төлөө шүүгч ямар нэгэн хуудас өргөөгүй юм. Ийнхүү Барсагийн уулгалсан довтолгоо зогслоо. Энэ нь л тоглолтын эргэлтийн цэг болсон юм. Хэсэг завсарласан тоглолт эргэн эхэлсний дараа төд удалгүй 31 дэх минутад талбайн эздээс Йорентегийн дамжуулалтаар Адемола Лукман гоол оруулав. Аталантагаас энэ улирлын өвлийн наймааны цонхоор Испанийн нийслэлд ирсэн түүний наймаа нүдээ олсон гэдгийг тэр дахин батлан харууллаа.

Барселона ийнхүү Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд сүүлийн 10 тоглолтынхоо 7-д нь хожигдлоо...

Хоёрдугаар үе эхний үеэс тэс өөр дүр зурагтай байлаа. Талбайн эзэд хоошоо сууж хамгаалах болов. Энэ хооронд Барсачууд гоолын боломж үүсгэхээр чармайж байв. Улмаар Ферран Торрес хагасын шугмаас ирсэн бөмбөгийг зөнгөөрөө хаалга руу чиглүүлж, тэр нь гоол болсон ч VAR үзээд тооцсонгүй. Энэ нь хөгжөөн дэмжигчдын цөсийг хөөргөв. Мадридчууд Ламин Ямал болон хагас хамгаалалтыг барихад гол анхаарлаа хандуулсан нь сүүлийн 20 минутыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гол нөхцөл болсон. Ядаж байхад тоглолт дуусахаас 10 хүрэхгүй минут үлдээд байхад Эрик Гарсиа улаан хуудас авч талбайгаас хөөгдөв. Хүн дутуу Барса довтолсоор байсан ч энэ нь нэмэлт цаг гаргахад хангалтгүй байна. Ийнхүү Атлетико Мадрид клуб 9 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа. Дурдах ёстой өөр амжилт байгаа нь Атлетико шөвгийн наймд шалгарсан бүх тохиолдолдоо ялалт байгуулсан явдал. Барсагийн тухайд Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд сүүлийн 10 тоглолтынхоо долоод нь хожигдсон гэх тааруу статистиктай үлдлээ. Одоо тэд Ла лигийн аварга болохдоо л анхаарах үлдлээ.


Ливерпүүл vs Пари Сен-Жермен

Ливерпүүлийнхэнд уг нь хор шар гэж байсан юм. Өнгөрсөн жил шөвгийн 16-д ПСЖ-тэй таарч  хоёр тоглолтод хожигдсон. Ер нь л Аваргуудын лигийн хүрээнд дөрөв тоглоход гуравт нь хожигдчихоод байв. Ядаж байхад шөвгийн наймын эхний тоглолтод ердөө 26% бөмбөг эзэмшээд, ПСЖ-н хаалга руу нэг ч цохиогүй гэх тааруу амжилттай Энфильдэд ирсэн.

Ливерпүүл клуб 2018-2019 оны улиралд Барселонад 3:0-ээр хожигдоод гэртээ ирснээсээ хойш анх удаа 2+ гоолын зөрүүтэйгээр Энфильдэд ирлээ. Ливерпүүл ч үүнийг мэдрээд довтолж эхэлсэн. Гэвч сөрөг довтолгоогоор Усман Дембеле гоол оруулахаа дөхөв. Энэ хооронд Ливерпүүлийн Уго Экитике гэмтэж тоглолт хэсэг хугацаанд завсарлалаа. Түүнийг орлож талбайд Мохамед Сала гарч ирсэн юм. Тэрээр талбайд гармагцаа гайхалтай тоглолт үзүүлсэн нь талбайд эргэн ирснээ зарлаж буй мэт л байлаа. Улмаар хэд, хэдэн довтолгоо зохион байгуулсан ч гоол нэг л орж өгсөнгүй. Нэгдүгээр үеийг ийнхүү хоёр баг өгөө аваатай, харилцан довтлолцож дуусгалаа.

Тоглолтын хоёрдугаар үед Ливерпүүлийн хувьд гайхалтай эхэлсэн. Коди Гакпо довтолсон, Жое Гомез европын тэмцээний хүрээнд анхны гоолоо оруулах гэсэн боловч болсонгүй. Ийнхүү бөмбөг эздэд л байгаад байв. Улмаар ПСЖ клубийн Виллан Пачо Ливерпүүлийн Алексис Мак Аллитерийг унагасан болж VAR нягтлаад торгуулийн цохилт цохих шийдвэрийг хүчингүй болголоо. Ийнхүү 70 дахь минут хүртэл бөмбөг Ливерпүүлд байж хаалга руу зогсоо зайгүй нүдсэн ч эцсийн дүндээ гоол орсонгүй. Ашиглаж чадаагүй боломжууд хариугаа авах дуртай гэдэгчлэн ПСЖ үүнийг нь анаж байгаад гоол оруулах боломжоо бүрэн дүүрэн ашиглав. Тоглолтын 72 дахь минутад Кварацхелиягийн дамжуулалтыг Усман Дембеле гоолдож нийлбэр дүнгээр, үндсэн тоглолтдоо ч тэргүүлж эхэллээ. Үүнээс хойш эздийн тоглолт сэргэн, даруухан хэдэн боломж үүсгэж байлаа. Гэхдээ үр дүнд үрээгүй. Улмаар тоглолтын 90+1 дэх минутад Брэдли Барколагийн дамжулалтыг Усман Дембеле чулуу болгож ПСЖ итгэл төгс тэргүүлж, цааш шалгарах нь нэгэнт тодорхой болов.

ПСЖ Аваргуудын лигийн хагас шигшээд гурав дараалж шалгарсан Францын анхны клуб болов. 

Энэ тоглолтод ялалт байгуулснаар ПСЖ клуб Английн тав дахь клубийг Аваргуудын лигийн хасагдах шатанд буулган авав. Түүнчлэн энэ тэмцээний хагас шигшээд гурван улирал дараалан шалгарсан Францын анхны баг болж түүхэнд үлдлээ. Ливерпүүлийн хувьд байдал маш хүнд байна. Ямар ч гэсэн тэд энэ улирлыг цомгүй үдэх нь тодорхой болсон. Премьер лигтээ эхний таван байрт бичигдэх хүндхэн даалгавартай үлдлээ. Хэрэв тэд эхний тавд орж чадахгүй бол Голланд мэргэжилтэн Арне Слот улирал дуусгаад халагдах аюул учирч болзошгүй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top