Зовлон болсон ТӨК

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Зовлонтой нэг тоо хэлэх үү. 8.4 их наяд төгрөг. Энэ ямар учиртай тоо юм бэ гэж үү, Үндэсний аудитын газраас төрийн өмчит компаниудад шалгалт хийхэд илэрсэн зөрчлийн төгрөгөөр илэрхийлэгдэх дүн. Сүүлийн дөрвөн сонгуулийн үр дүнгээр олонх болсон МАН төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй болгоно гэж молиго үмхүүлсэн. Үмхүүлэх, үмхүүлэхдээ “Алсын хараа хорь тавь” гэдэг гоё нэр өгөөд үмхүүлсэн. Тэгтэл хар гаргасан зөрчил нь 8.4 их наяд төгрөг байна. Монгол Улсын нэг жилийн ДНБ-ний 6-7 орчим хувьтай тэнцэх дүн. Хайран биш гэж үү. Яг хоёр жилийн өмнөхөн дөө, ковидын дараахан төрийн өмчит компаниудын 30 орчим хувийг олон нийтэд нээлттэй болгоно гэж байв. Тэгээд яасан. Сонгууль ч дөхөж, Засаг ч шударгын дүрд тоглож ахуйд энэ санаа мартагдсан. Энэ хооронд Ардын намын байгуулсан засаг гурвантаа солигдлоо. Солигдох бүрд Төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулна л гэдэг юм. Одоо Н.Учралын Засгийн газар ч ТӨК-ийн засаглалыг шинэчилнэ гэж ярьж байна.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн тайланд 5.3 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ...

Засаг солигдоод хэн сайд болохоос үл хамаараад тогтож харах бас нэг зүйл байна. Үндэсний аудитын газрын тайлангаас тогтож харах нэг зүйл гэвэл ТӨК-иудын 323 асуудалд холбогдох 5.9 их наяд төгрөгт албан шаардлага хүргүүлж, 612.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоожээ. Бас болоогүй 152.6 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах шаардлагыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Хамгийн ноцтой гэж үзсэн 5 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулахаар болжээ.

Шалгалтад илэрсэн зөрчлүүдээс онцлон дурдууштай компани байгаа нь “Эрдэнэс-Тавантолгой”. Тус компанийн санхүүгийн тайланд 5.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч, аудитын байгууллагаас “хязгаарлалттай дүгнэлт” гаргажээ.

Түүнчлэн “ДЦС-3” ТӨХК байна. Тус компанийн санхүүгийн тайланд 28.3 тэрбум төгрөгийн алдаа илэрчээ. Тус станц 209.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 20 орчим хувиар өссөн боловч эцсийн дүндээ 2.6 тэрбум төгрөгийн ажилласан байна.

Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтаас онцлох таван асуудлыг танилцуулъя.

  1. Санхүүгийн сахилга бат

- Зарим ТӨК төсвөөс гадуур, хяналтгүй зарцуулалт хийсэн.

- Санхүүгийн тайланг бүрэн гаргаагүй, зарим тохиолдолд хуурамч бүртгэл ашигласан.

  1. Хөрөнгө оруулалтын үр ашиггүй байдал

- Төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын зарим төсөл ашиггүй, эдийн засгийн өгөөжгүй байсаар байтал үргэлжилсэн.

- Хөрөнгө оруулалтын шийдвэрүүдэд эдийн засгийн тооцоо, судалгаа хангалтгүй байсан.

  1. Худалдан авалтын зөрчил

- Тендерийн журам зөрчигдөж, зарим худалдан авалт шууд гэрээгээр хийгдсэн.

- Үнийн хөөрөгдөл, давхар гэрээ байгуулах зэрэг эрсдэлтэй үйлдэл илэрсэн.

  1. Удирдлагын өндөр урамшуулал

- Зарим компанийн захирлууд болон удирдлагууд төсвийн хүндрэлийг үл харгалзан өндөр урамшуулал авсан.

- Урамшууллын тогтолцоо нь компанийн үр ашигтай уялдаагүй байсан.

  1. Ил тод тайлагналын дутагдал

- Санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй болгоогүй.

- Шилэн дансны мэдээлэл дутуу, зарим тохиолдолд огт оруулаагүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top