
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль болон түүний эхнэр Ким Кон Хи нар 9 сарын дараа шүүх танхимд уулзжээ.
Шүүх хурал Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд мягмар гарагт болсон бөгөөд Ким Кон Хи мэдүүлэг өгөх үеэрээ нөхөртэйгөө анх удаа нэг дор харагдсан байна. Тэд өмнө нь 11-р сард нэг өдөр шүүх хуралтай байсан ч өөр өөр танхимд байсан тул уулзаж чадаагүй.
Юн Сог Ёль болон Ким Кон Хи нар 2025 оны 7-р сард хамгийн сүүлд уулзсан. Мягмар гарагт болсон шүүх хуралд Юн Сог Ёль яллагдагчаар оролцсон бол Ким Кон Хи гэрчийн суудалд суужээ.
Хамгаалагчдын хамтаар шүүх танхимд орж ирсэн Ким Кон Хи тангараг өргөн суудалдаа суухад Юн Сог Ёль түүн рүү харан инээмсэглэсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд дурджээ. Ким Кон Хигээс 40 орчим асуулт асуусан ч тэрээр үг хэлэхээс татгалзан прокурорын багийн тавьсан "Та шүүгдэгч Юн Сог Ёлийн эхнэр мөн үү?" гэх асуултад л "Тийм, мөн" гэж хариулсан байна.
Түүнээс гэрчийн мэдүүлэг авах үйл явц ердөө 30 орчим минут үргэлжилжээ. Ким Кон Хигийн мэдүүлэг дуусч шүүх танхимаас гарах үед Юн Сог Ёль түүн рүү толгой дохин инээмсэглэн үдэж өгчээ.
Энэхүү үйл явдал нь Өмнөд Солонгосын түүхэнд Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай хоёулаа нэгэн зэрэг хоригдож, шүүхээр орж буй анхны тохиолдол болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )