"ЭФЭС-2026" хамтарсан сургуульд оролцлоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНТУ-д зохион байгуулагдсан “ЭФЭС-2026” олон улсын хамтарсан сургуульд манай цэргийн алба хаагчид амжилттай оролцлоо.

Команд штаб, байлдааны буудлагатай оператив-тактикийн тус хээрийн сургууль хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад 2026 оны 04 дүгээр сарын 06-наас 05 дугаар сарын 21-ний өдрүүдэд явагдав.

50 орны 10 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцсон уг сургууль бүс нутгийн аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагааг хөгжүүлэх, агаар, тэнгис, хуурай зам, кибер орчинд нэгдсэн ажиллагааг зохион байгуулах зорилгоор 2 үе шаттай явагдлаа.

Нэгдүгээр шат буюу оператив-тактикийн команд штабын сургуульд манай офицерууд оролцож штабын бэлтгэлээ дээшлүүлсэн бол хоёрдугаар шатны хээрийн дадлага, байлдааны буудлагатай хээрийн сургуульд мотобуудлагын салбарын бие бүрэлдэхүүн оролцож ур чадвараа нэмэгдүүллээ.

Тус сургуулийн хаалтын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй зочид уригдан оролцлоо.

Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал БНТУ-ын Хуурай замын цэргийн командлагч генерал Мэтин Токэлтэй уулзаж, хоёр орны Хуурай замын цэргийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top