НАТО-ийн дээд хэмжээний уулзалтаас ямар үр дүн гарах вэ?

Я.Болор | Zindaa.mn
49 минутын өмнө

Туркийн Анкара хотноо НАТО-ийн 36 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болж байна. Энэхүү уулзалт нь тус эвсэл түүхэндээ байгаагүй гүнзгий хямрал, Украин, Ойрх Дорнод дахь дайны үед болж байна. Туркийн Ерөнхийлөгч эл уулзалтыг эвслийн түүхэн дэх шийдвэрлэх уулзалт хэмээн тодорхойлжээ.

АНУ, Европын зөрчил гүнзгийрч, НАТО шинэ сорилтын өмнө

АНУ, Европын холбоотнуудын хооронд үүсээд буй үл ойлголцол сүүлийн нэг жилийн хугацаанд улам гүнзгийрч, НАТО байгуулагдсанаасаа хойших хамгийн хүнд сорилтын нэгтэй нүүр тулаад байна. Энэ нөхцөл байдал нь долдугаар сарын 7–8-нд Туркийн нийслэл Анкара хотод болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болж байгаа бөгөөд олон улсын анхаарал энэ уулзалтад төвлөрч байна.

Өнгөрсөн онд Нидерландын Гааг хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт нь Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараах анхны уулзалт байсан юм. НАТО-д шүүмжлэлтэй ханддаг Трампыг эвслийн хүрээнд тогтоон барихын тулд Европын орнууд, ялангуяа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте ихээхэн хүчин чармайлт гаргасан. Үүний үр дүнд гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 5 хувьд хүргэх түүхэн шийдвэрт хүрсэн нь тухайн үед АНУ, Европын харилцааг тогтворжуулах боломжтой мэт санагдаж байлаа. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нөхцөл байдал эсрэгээрээ өрнөв.

 

 

Доналд Трамп Гринландын асуудлыг дахин сөхөж, Данийн мэдлийн тус аралд АНУ сонирхолтой хэвээр байгаагаа мэдэгдсэн нь Европын холбоотнуудын дургүйцлийг төрүүлсэн. Үүний дараа АНУ, Израил хоёр Европын холбоотнуудтай зөвшилцөлгүйгээр Ойрх Дорнодод цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь мөн зөрчлийг хурцатгасан билээ.

Үүнээс гадна Вашингтон Европ дахь цэргийн хүчээ цөөрүүлэх бодлогоо үргэлжлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Украины асуудлаарх байр суурийн ялгаа ч улам тодорхой болжээ.

АНУ НАТО-гийн хамгийн хүчирхэг гишүүн хэвээр байгаа тул эдгээр санал зөрөлдөөн нь зөвхөн улс төрийн маргаан бус, эвслийн ирээдүйд заналхийлэх хэмжээний асуудал болж хувирсан гэж шинжээчид үзэж байна.

Өмнө нь Европын орнууд дипломат арга замаар Вашингтоны байр суурийг өөрчилж чадна гэж найдаж байсан бол өнөөдөр АНУ-ын оролцоо багассан тохиолдолд гарах эрсдэлийг хэрхэн бууруулах вэ гэдэгт төвлөрөх болжээ.

Анкарагийн уулзалтын өндөр ач холбогдол

Энэ удаагийн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “эвслийн түүхэн дэх шийдвэрлэх уулзалт” хэмээн тодорхойлсон бол АНУ-ын төрийн нарийн бигийн дарга Марко Рубио “НАТО-гийн түүхэн дэх хамгийн чухал уулзалт байж магадгүй” гэж үнэлсэн байна.

Сүүлийн мөч хүртэл Дональд Трамп уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч тэрбээр эцэст нь Анкарад хүрэлцэн очихоор эх орноосоо мордов. Трамп өөрийн шийдвэрийг Ерөнхийлөгч Эрдоганыг хүндэтгэж буйтай холбон тайлбарлаж, хэрэв уулзалт өөр улсад болсон бол оролцохгүй байх магадлалтай байсан гэж байлаа.

Түүнчлэн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Трамптай тогтмол харилцаж, АНУ-ын шинэ удирдлагын байр суурийг НАТО-гийн бодлоготой уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Зарим ажиглагч түүнийг Трамптай хамгийн үр дүнтэй ойлголцож чаддаг Европын улс төрчдийн нэг гэж үнэлдэг. Энэ удаагийн уулзалтыг хүртэл Трампын ажлын хуваарьт нийцүүлэн шахуу хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд эхний өдөр албан ёсны оройн зоог, дараагийн өдөр ганцхан нэгдсэн хуралдаан хийхээр төлөвлөжээ.

 

 

Украин гол сэдэв хэвээр

Анкарагийн уулзалтын хамгийн анхаарал татаж буй асуудлын нэг нь Украины дайн хэвээр байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський уулзалтад оролцож, Доналд Трамптай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

Уулзалтаас өмнө болсон “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтаар АНУ тэргүүтэй орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ дахин баталгаажуулж, агаарын довтолгооноос хамгаалах систем, алсын тусгалтай зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, мөн ОХУ-д үзүүлэх эдийн засгийн дарамт шахалтаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь Москвагийн хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан.

 

 

ОХУ-ын удирдлага АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээг сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа ч Европын орнууд ч мөн ийм хэлэлцээнд оролцох шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь Кремлийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.

Ямар шийдвэрүүд гарах вэ?

Уулзалтын төгсгөлд батлах хамтарсан тунхаглалд НАТО хамтын хамгаалалтын зарчимдаа тууштай үнэнч хэвээр байгаагаа дахин нотлохоор төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, аливаа нэг гишүүн оронд халдсан халдлагыг бүх эвслийн эсрэг хийсэн халдлага гэж үзэх үндсэн зарчим хэвээр үлдэх юм. Мөн Европын орнууд болон Канад батлан хамгаалахын санхүүжилтээ нэмэгдүүлэх, АНУ-тай илүү нягт хамтран ажиллах үүрэг хүлээхээр ярилцаж байна.

Түүнчлэн Иран цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг тунхаглалд тусгахаар төлөвлөжээ. Украинд 2026 онд 70 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх, 2027 онд ч дор хаяж ижил түвшний дэмжлэг үргэлжлүүлэх санал ч хэлэлцэгдэж байгаа боловч Итали, Словак зэрэг зарим улс нэмэлт санхүүгийн үүрэг хүлээхэд болгоомжтой хандаж байгаа аж.

Туркийн боломж

Энэ удаагийн уулзалт Туркийн хувьд олон улсын нэр хүндээ нэмэгдүүлэхэд чухал боломж болж байна. НАТО-гийн хоёр дахь том армитай энэ улс Европ, Азийг холбосон стратегийн байршлынхаа ачаар эвслийн аюулгүй байдлын салшгүй хэсэг болсоор иржээ.

Гэсэн хэдий ч Анкара сүүлийн жилүүдэд ОХУ-аас С-400 агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авснаар АНУ-тай харилцаа нь хурцадсан. Үүний улмаас Турк F-35 сөнөөгч онгоцны хамтарсан хөтөлбөрөөс хасагдсан бөгөөд энэ асуудлыг дахин хэлэлцэх сонирхолтой байгаа нь нууц биш юм.

 

 

Мөн Туркийн батлан хамгаалах үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, зэвсгийн экспорт нь дөрөв дахин өсөж, жилд 10 тэрбум ам.доллар давсан нь тус улсыг НАТО-гийн хүрээн дэх байр сууриа нэмэгдүүлэхэд хүргэж байна.

Анкарагийн дээд хэмжээний уулзалт НАТО-гийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох онцгой ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ, Европын хоорондын итгэлцлийн хямрал, Украины дайн, Ойрх Дорнодын тогтворгүй байдал, батлан хамгаалахын шинэ стратеги зэрэг олон асуудал нэгэн зэрэг хэлэлцэгдэх юм. Хэдийгээр эвслийн гишүүд үндсэн үнэт зүйлс, хамтын хамгаалалтын зарчимдаа үнэнч хэвээр байгаагаа илэрхийлж байгаа ч дэлхийн геополитикийн шинэ нөхцөл байдал НАТО-г дотоодын эв нэгдлээ улам бэхжүүлж, шинэ бодлого боловсруулах шаардлагатай байгааг Анкарагийн уулзалт тод харуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top