ЗТЯ-наас “Чөлөөлье" санаачлагын хүрээнд дараах 4 чиглэлд бодлогын зохицуулалтыг хэрэгжүүлж байна.
Нэгдүгээрт, олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл авахад тавигддаг шаардлагыг хөнгөвчиллөө. Монгол- Хятад Улсын хооронд байнгын ачаа тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгохдоо нийгмийн даатгал болон татварын өртэй эсэхийг шалгах шаардлагыг хүчингүй болголоо.
2026 оны хоёрдугаар улирлын зөвшөөрлийн хүсэлтийг “Тээврийн нэгдсэн систем”-ээр хүлээн авч, Хавирга, Баянхошуу, Ханги, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын чиглэлд давхардсан тоогоор 563 аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг шийдвэрлээд байна. Мөн олон улсын байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих журмыг илүү уян хатан, зөвлөмжийн хэлбэрт шилжүүлэхээр шинэчилж, тээвэрлэгчдэд хүндрэл учруулж болзошгүй зохицуулалтыг өөрчлөх саналыг боловсруулан хүргүүлээд байна.
Хоёрдугаарт, дотоодын аялал жуулчлалын тээврийн үйлчилгээнд тавигдаж байсан хязгаарлалтыг цуцаллаа. Дотоодын жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн 24 хүртэлх хүний суудалтай тээврийн хэрэгсэлд жолооны хүрдний байрлалаас хамаарч байсан шаардлагыг хүчингүй болгосноор үйлчилгээ эрхлэх боломжийг өргөжүүллээ. Үүний дагуу “Жуулчин” таних тэмдэг бүхий наалтыг холбогдох баримт бичгийг үндэслэн олгож эхэлсэн бөгөөд 2026 оны 7 сарын 07-ны байдлаар нийт 515 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
Гуравдугаарт, автотээврийн бүртгэлийн үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй болголоо. Өмнө нь зөвхөн нийслэлд авдаг байсан Улаанбаатар хотын улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нөхөн олголт, гэрчилгээ солих, улсын дугаар нөхөн авах, эзэмшигчийн бүртгэлийн дөрвөн төрлийн үйлчилгээг харьяалал үл харгалзан Автотээврийн үндэсний төвийн 21 аймаг дахь 23 салбараар авах боломжийг бүрдүүллээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд орон нутагт Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээний нөхөн олголт 103, гэрчилгээ солих 112, улсын дугаарын нөхөн олголт 31, эзэмшигчийн бүртгэл 14 үйлчилгээг иргэдэд үзүүлээд байна.
Дөрөвдүгээрт, цахилгаан автомашины хэрэглээг бодлогоор дэмжиж эхэллээ. Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болон туулах зай уртасгагчтай цахилгаан автомашинд ногоон дэвсгэр бүхий улсын дугаар олгож, нийтийн замын нэгдүгээр эгнээгээр зорчих болон дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2026 оны 7 сарын 7-ны байдлаар 2740 цахилгаан тээврийн хэрэгсэл байна.
Зам, тээврийн яам нь “100 хоног-100 чөлөөлөлт” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй эдгээр шинэчлэлээр төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү ойртуулж, бизнесийн орчныг сайжруулах, хүнд суртлыг бууруулах, тээврийн салбарын бүтээмж, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл ( 0 )