ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Өнөөдөр 2021.12.24. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -19 хэм, шөнөдөө -28 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Зул сарын баярын битүүн. ОХУ-д Цэргийн алдрын өдөр, Ливид Тусгаар тогтнолын өдөр.  

Энэ өдөр термодинамикийг үндэслэгчдийн нэг, Английн физикч Жеймс Прескотт Жоул, Оскарын шагналт жүжигчин Майкл Кортис, Английн зохиолч Жеймс Чейз, Афганистаны дөрөв дэх Ерөнхийлөгч Хамид Карзай, Пуэрто Рикогийн алдарт дуучин Рики Мартин, ОХУ-ын алдарт дуучин Дима Билан нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1801 оны энэ өдөр Английн механикч, зохион бүтээгч Ричард Тревитик анхны уурын хөдөлгүүртэй автомашиныг танилцуулжээ.

1851 оны энэ өдөр Вашингтон дахь Конгрессын номын санд гал гарчээ.

1871 оны энэ өдөр Египетийн Каир хотноо Аида дуурь анх удаагаа тавигдаж байв.

1968 оны энэ өдөр АНУ-ын сансрын “Apollo 8” хөлөг хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны тойрог замд оржээ.

1979 оны энэ өдөр Франц “Ariane” пуужин тээвэрлэгчээ амжилттай хөөргөв.

1994 оны энэ өдөр Алжирт “Air France” компанийн 232 зорчигчтой онгоцыг барьцаалжээ. Хоёр хоногийн дараа Францын Марсель хотод хүчнийхэн дайран орж, зорчигчдыг суллаж байв.

Энэ өдөр үс засуулвал өлсөж ундаасна.

Эл өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top