ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Өнөөдөр 2021.12.22. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -16 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Армен, Беларус, Киргиз, Орос, Украинд Эрчим хүчний өдөр. Мөн Украинд Дипломат албаны ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Америкийн улстөрч, Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Пол Вулфовиц, жүжигчин Лорэли Белл, Дина Мейер, Канадын хоккейн дасгалжуулагч Дэйв Кинг, Японы гимнастикч, олимпын таван удаагийн аварга Мицүо Цүкахара, Молдавын Ерөнхийлөгч асан Николае Тимофти, Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Бернд Шустер, Их Британийн жүжигчин Рэйф Файнс, Францын жүжигчин, дуучин, фотомодель Ванесса Паради зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1968 оны энэ өдөр:

Монгол-Хятадын харилцаа хурцдаж ирсэн тул МАХН-ын төв хорооны УТТ-ноос “Өмнөд хилийн хамгаалалтыг бэхжүүлэх тухай” тогтоол гаргажээ.

Мөн БНМАУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн цол бий болгож, Улсын хэвлэлийн хорооны техник редактор Ц.Содовт анх энэ цолыг олгожээ.

Мөн БНМАУ-ын гавьяат тээвэрчин цолыг Төмөр замын депогийн машинист Б.Уваад анх олгожээ.

Түүхч Д.Гонгор "Ховдын хураангуй түүх" зохиолоо бичиж, Улаанбаатар хотноо хэвлүүлэв.

Доктор Б.Ренчин "Монгол бичгийн хэлний зүй" зохиолоо бичиж, хэвлүүлжээ.

Энэ өдөр үс засуулвал эд малын гарлагатай.

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Өвлийн туйл болох улирал 00 цаг 45 минутад эхэлнэ. Хүйтний ес эхэлнэ.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top