Эрчим хүчний салбарын ЭСРЭГЦЭЛ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гадна, дотнын хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар нэмэгдсэн ч бодит үр өгөөж нь эсрэгцсээр байдаг нэг салбар байна. Тэр нь эрчим хүчний салбар. Станцтай болох гээд 15 жил, экспортолдог улс болно гээд сүүлийн гурван жил, эрчим хүчний салбарын хараат бус байдал гэж хүслийн жагсаалтад оруулаад тав илүү жил болж буй Монгол Улс тог тасалж хязгаарласан бахь байдагтаа л байна. Буруутан нь нам дагасан дарга нар байсаар атал бурууг нь та бид үүрсээр өнөөтэй золголоо.

Хөрөнгө оруулалтын эсрэгцэл

Эрчим хүчний салбарт сүүлийн 8-9 жилийн хугацаанд гаднын зээл тусламжаар олгосон төсөв 1.5 их наяд төгрөг. Тийм ээ та буруу сонсоогүй. Арав хүрэхгүй жилийн дотор гаднынхан ийм хэмжээний мөнгө өгсөн. Гэхдээ байна аа, манайхан эндээ бодлогогүй учраас алдагдал нь бараг нэг их наяд төгрөг болжээ. Гайхалтай нь төсвийн хөрөнгө оруулалт ч нэмэгдсээр байж. Энэ салбарт төсвийн хөрөнгө оруулалт 2021 онд 38 тэрбум төгрөг байсан бол 2026 онд энэ тоо 317.6 тэрбум болтлоо нэмэгдсэн.

Эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. 

Хамгийн сүүлийн тооцооллоор импортын цахилгаанд жилдээ 168 сая ам.доллар төлдөг гэх судалгаа гарчээ. Манай улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1549 мВт. 2023 оны өвөл энэ чадлаас 97 мВт-аар давж, ачаалалтай байж. Энэ нь нийт эх үүсвэрүүдийн суурилагдсан чадлаас давсан үзүүлэлтэй цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон байна. Бүсийн хэмжээнд 2040 он хүртэл одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр барьж үйлдвэрлэх эрчим хүчний чадлыг 3989 МВт хүргэхээр төлөвлөсөн байна.

Бодлогын эсрэгцэл

Хөрөнгө оруулалт татсан мөртлөө л бодлогогүй яваад байсан улс даа. Бодлогогүй дарга ангийн шатлан дэвших дамжлага бааз нь ч эрчим хүчний салбар байсаар ирсэн. Сүүлд сайд хийж байгаа Б.Чойжилсүрэн “Би 2022 оны 8-р сарын 30-наас хойш эрчим хүчний яамыг толгойлж байгаа. Энэ хугацаанд зүгээр суугаагүй” гэж гомдоллосныг уншигч та санаж байгаа л байлгүй. Төсвийн хөрөнгө оруулалт нэмснийг зүгээр суугаагүй гэж ойлгож болох. Гэхдээ энэ их хөрөнгө оруулалт чухам хаашаа урссаныг Б.Чойжилсүрэнгээс өөр хэн ч тааж үл мэднэ.

Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 2021 оныхоос найм дахин өсжээ. энэ их хөрөнгө оруулалт чухам хаашаа урссаныг Б.Чойжилсүрэнгээс өөр хэн ч тааж үл мэднэ.

Уг нь 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” гэгчийг УИХ-ын 63-р тогтоолоор баталж байлаа. Хэрэгжилтийн хугацаа нь 2015-2030 оныг хүртэл хамраад “Эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах, эрчим хүч экспортлогч орон болох нөхцөл бүрдүүлэх” зорилготой баталж байв. Нэгэнт хэрэгжихээсээ өнгөрсөн учраас энэ баримт одоо хүчингүй болчихсон.  Уг нь эрчим хүчний салбар стратегийн ач холбогдолтой онцгой салбар. Г.Занданшатарын багийнхан хогны саванд хийчхээгүй бол “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо эдийн засгийн тэргүүлэх таван чиглэлийн нэгээр эрчим хүчний салбарыг нэрлэсэн юм уг нь. Он дөнгөж гарахтай зэрэгцээд  төрийн өмчийн 33 компани, үйлдвэрийг газрын хувьцааг олон нийтэд худалдана гэсний дотор Дулааны 3 болон 4-р цахилгаан станц, Эрдэнэт-Дархан болон Амаглан дулааны станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иуд багтаж байлаа. Гэхдээ байна аа, нэг их наядын алдагдалтай энэ салбарт хөрөнгө оруулах, олон нийт хувьцааг нь авах сонирхол төрөх үү гэдэг эргэлзээтэй.

Эрчим хүчний салбарыг хөгжүүлнэ гэдэг нь хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоно гэсэн үг. Шат дараалсан олон зөвшөөрөл, журмыг болиод, чөлөөт өрсөлдөөний зах зээл рүү шилжих шаардлага зайлшгүй тулгарлаа. Ердөө ганц жишээ дурдъя. Тухайн аж ахуйн нэгж өөрийн цахилгааны хэрэглээх хангах жижиг станц барих газрын зөвшөөрөл авахад зургаан сар, бичиг баримт бүрдүүлэх процесс 1.5 жил, станцаар асуудлаа шийдэх хүртэл 2.5 жил зарцуулдаг аж.

Романтизмын эсрэгцэл

Чухамхүү дулааны 5-р цахилгаан станц бариад түүнийгээ 2020 оноос өмнө ашиглалтад оруулаад мандан бадрах романтик төсөөлөл байлаа. Гэвч тэгсэнгүй. Анх 2011 онд “ДЦС-5” төсөл дээр олон улсын уралдаанд шалгаруулалт зарласан. Даанч сураг нь гаралгүйгээр 2014-2015 онтой золгосон. Тухайн цаг үед нь концессын гэрээ байгуулж, төслийн талаарх хэлэлцүүлэг ч өрнөж байв. Энэ романтизм улс төрчдийн цээжинд өтөлсөөр бодит байдалтайгаа нүүр тулчихсан. Өнгөрсөн зуны дунд сард “ДЦС-3” томоохон өсөл гарч, энэ оны нэгдүгээр сард “ДЦС-4”-т халаах зуухны гадаргуу гэмтлээ. Лайг нь улс даяараа үүрсэн.

Гэмтэл, осол гарахаас өмнө гишүүд бас их романтизмдаа автсандаа. Тухайн үед Цэнгүүн тэргүүтэй залуу гишүүд эрчим хүчний салбарын реформын тухай ярих болсон. Ярьж, ярьж хэлэлцэж, хэлэлцэж эрчим хүчний үнийг 30% нэмсэн. Нэгдсэн бодлогогүй, дарга ангийн нэг хэсэг нь олох ашиг гэж хардаг энэ салбарт бодлогын шинэчлэл хийлгүйгээр үнийг нэмсэн нь маш том ачаа болсон. Үүнийг нь улсаараа үүрч байгаа. Инфляц нэмэгдэх гол шалтгаан болж аж ахуйн нэгж, иргэдийн өр, орлогын харьцааг 45% болгож нэмэгдүүлсэн. Нэг ёсондоо мөчлөг дагасан эдийн засгийн үндэс нь романтик төсөөлөл байсан юм. Одоо ч үнэ чөлөөл гэдэг романтик нөхөд байна лээ.

Хууль эрх зүйн орчин тодорхойгүй, нэгдсэн бодлогогүй энэ салбарын үнийг оролдохгүйгээр эхлээд эко системийг нь бий болгох гарцаагүй шаардлагатай!!!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top