Аялал жуулчлалын зээлийн шалгуурыг нарийвчилж, олголтыг ил тод болгоно

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголбанк, арилжааны банкнууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, бодит нөхцөл байдлыг хэлэлцлээ.

Засгийн газрын шийдвэрийн хүрээнд 2026 онд 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг салбарт олгохоор төлөвлөсөн. Гэвч зээлийн эрэлт өндөр байж, өнөөдрийн байдлаар 1053 аж ахуйн нэгжээс 2.3 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн нь төлөвлөсөн эх үүсвэрээс 9 гаруй дахин давсан үзүүлэлт болж байна.

Үүнээс хамгийн их буюу 1.1 их наяд төгрөгийн хүсэлт нэг арилжааны банканд төвлөрсөн бөгөөд санхүүжилтийн хуваарилалтад өөрчлөлт орсноор зарим зээлийн судалгаа удаашрах, хүлээгдэл үүсэх нөхцөл бий болоод байна. Мөн зорилтот бус аж ахуйн нэгжүүд төсөл ирүүлж байгаа нь санхүүжилт жинхэнэ салбарын компаниудад хүрэхэд хүндрэл үүсгэж байгааг талууд онцлов.

Иймд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Үүнд:

1. Зээлийн шалгуурыг тодорхой болгож, аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааг холбогдох бүртгэл, мэдээллийн сантай тулган нарийвчлан шалгах

2. Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, ил тод байдлыг хангах

3. 500 сая төгрөгөөс дээш зээлд хяналтын гэрээ байгуулж, зарцуулалтад хяналтыг сайжруулах

4. Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хуваарилалтыг оновчтой болгох боломжийг судлах

 

Эдгээр арга хэмжээ нь зээлийг зорилтот аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй хүргэж, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дэмжихэд чиглэнэ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top