“Байн байсаар бүх дэлхийг бүрхэж гагцхүү нарыг л хэвээр үлдээнэ” гэж Д.Нацагдоржийн шүлэглэсэн нь зөнтэй л байж. Нам нь сарниж намжир нь үлдсэн Ардын намд одоо ёстой нар л хэвээр үлдлээ дээ. Б.Чойжилсүрэнд салхи ажлаа хийсэн шиг, өглөөний нар мандаж ажлаа хийгээд өгчихлөө.
Эрчим хүчний салбараа шинэчлэх нэрээр үнийг нь 30% нэмээд гарсан үр дүн нь ийм. Үнэ нэмэгдээд хоёр жил ч болоогүй байтал “ДЦС 3” турбин дэлбэрч, хүний алтан амь эрсдэн, “ДЦС-4”-т гэмтэл гарлаа. “ДЦС-3”-ын гэмтэл хүйт ороогүй намрын цагт тохиосон нь аз болсон бол “ДЦС-4”-ийн гэмтэл манайдаа л шанаа байлаа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд аж төрдөг бид өвөлдөө гал алдахгүй байх ёстой. Гэсэн ч бид өнөө маргаашийн жижиг гэмтэлд л нийслэлээрээ өнхөрчих гээд байдаг гэмтэй болж.
“Цахим үндэстэн” болох мөрөөдөлтэй Монгол Улс алга урвуулахын хооронд цахиур чулууныхан болчихлоо. Лайг нь хэн үүрэх вэ, нам л лав биш.
Нийслэл хот маань цахилгаан, дулааны хүчин чадлаасаа 60% давчихсан. Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 мВт-ийн хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж байгаа гэх судалгаа гарчээ. Дээрээс нь барайлгах нэг баримт байгаа нь төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын насжилт 10-30 жилээр хэтэрчихсэн. Уг нь энэ судалгаа хоёр жилийн өмнөх судалгаа. Манай дарга нар 2050 гэж хүслийн жагсаалт гаргаад, мега төслүүд гэж төөрөөд, өнөө маргаашийн эрх мэдлийн төлөө дэгээ ороох гэж бэлдээд завгүй байсан цаг. Хэрэв дарга анги тэр үед л анхаараад цахилгаан, дулааны асуудалдаа анхаарчихсан бол өнөө бид лаа бариад, лайг нь үүрэхгүй байлаа.
Л.Оюун-Эрдэнийн засаг унахаас зүг өмнө баахан сэтгүүлчдийг “ДЦС-3” дээр дагуулж, уулзав даа. Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөх ёстой, шинэчлэл зайлшгүй байх ёстой гэдгийг сануулах гээд байсан л санаа. Гэвч санаа нь цаасан дээр буухдаа үнийг нь нэмснээс өөрөөр юуг ч эс хийсэн. Хийсэн ганц зүйл нь сайд асаныг сугалж аваад, шоронд хийсэн л явдал юм даа. Тухайн үед “ДЦС-3”-ийн нэг, хоёр, тавдугаар зуух болон 1-8 дугаар турбин үүсгүүр суурилагдсан байдгаас 9 дүгээр турбиныг л 2015 онд шинэчилсэн байна. Харин бусад найм нь 220 мянган цагаас дээш ажиллассан, хэзээ л бол хэзээ зогсоход бэлэн, үйлдвэрийн баталгаагүй гэж учирлаж байв. Үүнийг нь дарга анги даанч тоогоогүй. Өнөө цагийн өнгөн дээр Ерөнхий сайд болсон Г.Занданшатар томилогдоод удаагүй байхдаа цахилгаан станцуудын төлөөлөлтэй уулзахдаа “Зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүй” гэж маанаг үг айлдаж байсныг уншигч та санаж л байгаа байлгүй. Зээл төлөхөөс өөр аргагүй гэдгийг станцуудад болсон осол харуулчихлаа. Лайг нь ард түмэн идэр есийн хүйтэнд үүрчихлээ. Дарга сайхан загнаж болох ч үр дүнтэйгээ нүүр тулах цаг болчихсон.
Элдэв цаас эрээчээд, түүнийгээ бодлого гэж хаяглаад шүүгээндээ мартаж орхидог нь манай дарга нарын гэм биш зан. Уг нь 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” гэгчийг УИХ-ын 63-р тогтоолоор баталж байлаа. Хэрэгжилтийн хугацаа нь 2015-2030 оныг хүртэл хамраад “Эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг хангах, эрчим хүч экспортлогч орон болох нөхцөл бүрдүүлэх” зорилготой баталж байв. Нэгэнт хэрэгжихээсээ өнгөрсөн учраас энэ баримт одоо хүчингүй болчихсон. Уг нь эрчим хүчний салбар стратегийн ач холбогдолтой онцгой салбар. Г.Занданшатарын багийнхан хогны саванд хийчхээгүй бол “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо эдийн засгийн тэргүүлэх таван чиглэлийн нэгээр эрчим хүчний салбарыг нэрлэсэн юм уг нь.
Монгол Улс импортын цахилгаанд жилдээ 168 сая ам.доллар төлдөг
Хамгийн сүүлийн тооцооллоор импортын цахилгаанд жилдээ 168 сая ам.доллар төлдөг гэх судалгаа гарчээ. Манай улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1549 мВт. 2023 оны өвөл энэ чадлаас 97 мВт-аар давж, ачаалалтай байж. Энэ нь нийт эх үүсвэрүүдийн суурилагдсан чадлаас давсан үзүүлэлтэй цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орсон байна. Бүсийн хэмжээнд 2040 он хүртэл одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр барьж үйлдвэрлэх эрчим хүчний чадлыг 3989 МВт хүргэхээр төлөвлөсөн байна.
“Цахим үндэстэн” болох мөрөөдөлтэй Монгол Улс алга урвуулахын хооронд цахиур чулууныхан болчихлоо. Лайг нь хэн үүрэх вэ, нам л лав биш. Ард түмэн бид үүрнэ. “Ардын нам ард түмнийхээ зүрхэнд” ирнэ гэсэн Н.Учралын үг зөнтэй байж. Тэд хувьсгалын өмнөх үе шигээ лаа бариад ирчихлээ...

Сэтгэгдэл ( 2 )
МАН сүүлийн 35 жилийн ихэнхи хугацаанд төр засагт гарсан хэрнээ яагаад 1 ш цахилгаан станц бариагүй юм бэ? Хэдэн их наядаар идэж уухын оронд 1 ш битгий хэл 10 станц барих мөнгийг та нар идсэн дээ. Сонгогчид МАН- г 2027 2028 оны сонгуульд ялагдуулж бүр мөсөн төрөөс зайлаах шаардлагатай болж. Өөр зам алга.
МАН сүүлийн 35 жилийн ихэнхи хугацаанд төр засагт гарсан хэрнээ яагаад 1 ш цахилгаан станц бариагүй юм бэ? Хэдэн их наядаар идэж уухын оронд 1 ш битгий хэл 10 станц барих мөнгийг та нар идсэн дээ. Сонгогчид МАН- г 2027 2028 оны сонгуульд ялагдуулж бүр мөсөн төрөөс зайлаах шаардлагатай болж. Өөр зам алга.