ОУЭХА түүхэн дээд хэмжээний газрын тосны нөөцийг чөлөөлөх санал дэвшүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон улсын эрчим хүчний агентлаг Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас ганхаад буй газрын тосны зах зээлийг тогтворжуулах зорилгоор түүхэнд байгаагүй их хэмжээний газрын тосны нөөцийг нийлүүлэх санал дэвшүүлжээ.

The Wall Street Journal сонины мэдээллээр, 1974 онд байгуулагдсан тус агентлаг 2022 онд санал болгож байсан182 сая баррелиас илүү хэмжээний газрын тосны нөөцийг чөлөөлөх санал болгожээ. Шийдвэр энэ сарын 11-нд гарна гэсэн хүлээлт байна. Үүний тулд ОУЭХА-ийн 32 гишүүн орон бүгд дэмжих ёстой.

Тус агентлагийн тэргүүн Фатих Биролийн мэдээлснээр, гишүүн орнууд нь нийт 1.2 тэрбум гаруй баррель газрын тосны стратегийн, 600 сая баррель аж үйлдвэрийн нөөцтэй.

Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн ирэх тавдугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны фьючерс үнэ Лондонгийн ICE бирж дээр 1.2 хувиар буурч, нэг баррель нь 86.72 ам.доллар болжээ.

Rapidan Energy Group компанийн мэдээллээр, Ормузын хоолойгоор хөлөг онгоц зорчих хөдөлгөөн зогссоны улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд түүхэн дэх хамгийн том тасалдал гарчээ. Үүнд дэлхийн газрын тосны нийт нийлүүлэлтийн 20 хувь өртсөн байна. Үүнээс өмнө Сэцийн хямралын үеэр дэлхийн газрын тосны  нийлүүлэлтийн 10 хувь тасалдаж байсан бол 1990-1991 оны Персийн булангийн  дайны үед нийт нийлүүлэлтийн есөн хувь өртөж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top