Эмийн чанарын үндэсний лавлагаа лабораторитой болно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ч.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн хэрэгжилттэй танилцлаа.

Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд 2025 оны аравдугаар сараас эхэлсэн барилга угсралт, засвар шинэчлэл, тавилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусч, одоогоор батлагдсан хуваарийн дагуу тоног төхөөрөмжийн суурилуулалт, нүүлгэлтийн ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар эм шинжлэх лаборатори жилд 2000–2500 дээжид шинжилгээ хийж, шинжилгээний хүлээгдлийн хугацаа 90–100 хоног байна. Харин Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор хүчин чадал 2 дахин нэмэгдэж, шинжилгээний хүлээгдэл мэдэгдэхүйц буурах юм. Ингэснээр Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү бүрэн хангах боломж бүрдэнэ.

Энэхүү лабораторийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд барилгын зураг төсөл, барилга угсралтын ажил, тавилга болон багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх бүх ажлыг тус байгууллага хариуцан зохион байгуулж байна. Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэр төрлийн 78 төрлийн багаж, тоног төхөөрөмж болон туслах хэрэгслийг нийлүүлж, ажилтнууд, шинжээчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар:

 

  • Жилд шинжилгээ хийх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ
  • Шинжилгээний нэр төрөл нэмэгдэнэ
  • Эмийн чанар, аюулгүй байдлын үнэлгээг илүү хурдан, үр дүнтэй хийх боломж бүрдэнэ
  • Шинжилгээний хүлээгдлийн хугацаа богиносно
  • Шинжилгээний илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна
  • Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-ын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдана
  • Дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэнэ

Ийнхүү Үндэсний лавлагаа лабораторийг байгуулснаар Монгол Улс эмийн чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, иргэдийг аюулгүй, чанартай эмээр хангах чухал нөхцөл бүрдэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top