Улаанбуудайн элит үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр худалдан борлуулж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 2026 оны хаврын тариалалтын ажлын хүрээнд үрийн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон сэлгээний таримлын үр болон ургамал хамгааллын бодис, бордооны нөөц бүрдүүлэлт, ханган нийлүүлэлт, борлуулалт, хөдөө аж ахуйн техникийн борлуулалтыг зохион байгуулж байна.

Үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэлт, борлуулалт

  Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс 6 төрлийн нутагшсан сортын 7,338.0 тонн үрийн улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлсэн ба өмнөх оны үлдэгдэл нөөц 3,306.0 тонн, нийт 11.8 мянган тонны нөөц бүрдүүлсэн. Энэ нь нийт 88.7 мянган га талбайд тариалалт хийх хэмжээний үрийн улаанбуудай юм.
  Үрийн улаанбуудайн үрийг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулж 280 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид 15 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгоод байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тонн элит үрийн улаанбуудай нийлүүлэгдэн, компанийн “Хөтөл” салбараас олгож байна. Импортын элит үрийг биржийн арилжаагаар оруулахгүй шууд худалдан борлуулж байгаа бөгөөд урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөөд зээлээр авах боломжтой.

Ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт, хангалт

  2026 оны тариалалтад шаардлагатай ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлтийг импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулж, тариаланчдад намрын ургацаараа эргэн төлөх нөхцөлтэй дамжуулан зээлээр олгох ажлын бэлтгэлийг бүрэн хангажээ.
  2026 оны тариалалтад зориулан 21 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 3.6 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис, 20.0 тэрбум төгрөгийн 8600 тонн бордоо дамжуулан зээлийн үйлчилгээгээр борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 99 иргэн, аж ахуй нэгжид 10,560 тонн/литр эрдэс бордоо 9,6 тэрбум, 18 аж ахуй нэгжид 2,590 литр үр ариутгал, тариалалтын өмнөх болон ургалтын үеийн хог ургамлын эсрэг ургамал хамгааллын бодис 165,3 сая төгрөгийн борлуулалтыг тус тус хийгдээд байна.

Төмс, хүнсний ногооны үрийн хангалт нийлүүлэлт

  Үрийн төмс нийлүүлэгч 4 аж ахуйн нэгжтэй 3500 тонн нийлүүлэх дамжуулан зээлийн хамтран ажиллах гэрээ байгуулсан ба үүнээс 1200 тонн нийлүүлэлт хийгдэж өнөөдрийн байдлаар 296 тонн үрийн төмс 19 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид худалдан борлуулаад байна.
  ХХААХҮСайдын 2026 оны А/165 дугаар тушаалаар нийт 600 сая төгрөгийн үнэ бүхий хүрэн манжин, шар лууван, байцааны үрийг худалдан борлуулж ажиллах үүрэг ирсэн. Гурван төрлийн хүнсний ногооны үрийг хүлээн авч 7 салбарт байршуулан, бүсчилсэн хэлбэрээр зээлээр олгож ажиллаж байна.

Тэжээлийн болон сэлгээний таримлын үрийн нийлүүлэлт, борлуулалт
  Дамжуулан зээлийн үйлчилгээгээр тэжээлийн болон сэлгээний таримлын үрийн нийлүүлэх 5 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан 7 төрлийн таримлын үр худалдан борлуулж байна.
Өнөөдрийн байдлаар овьёосны үр 840 тонн, вандуйн үр 3 тн, арвайн үр 20 тонн, эрдэнэ шишийн үр 600 кг, тосны ургамлын үр 3,1 тонн тус тус худалдан борлуулаад байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top