НАЛАНДА ХИЙД, ЭРТНИЙ ЭНЭТХЭГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТУУРЬ
Наланда бол Ражгирын ойролцоо байрладаг газар бөгөөд эртний Энэтхэгийн их сургуулиудын хамгийн алдартай нь энд байжээ. Наланда ид цэцэглэж байх үедээ (VII-X зуун) Ази тивийн боловсрол, шинжлэх ухааны томоохон төвүүдийн нэг байсан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Буддын шашинтны сор болсон залуус Төв Ази, Түвд, Хятад, Солонгос, Япон, Индохина, Индонез, Цейлоноос Энэтхэгт ирж, нэр хүндтэй багш нарын удирдлаган дор суралцаж байлаа. Наланда дахь анхны хийдийг Кумара Гупта хаан (МЭ 415-455) барьжээ. Энэ бол буддын шашны лам нарыг сургах семинар байв. Энэ нь хотын ойролцоо байрладаг байсан тул лам нар буддын шашныг судлах хамгийн тохиромжтой төв болгон сонгосон юм. Энэхүү семинарын өсөлт, тэлэлтийн үр дүнд Наландагийн их сургууль мэндэлжээ.
Будда Гупта хаан (МЭ 455-467), Жатагата Гупта хаан (МЭ 467-500), Баладитя хаан (МЭ 500-525), Вижра (525) нар их сургуулийн өргөтгөлд нэмэлт байгууламжийн хувьд хувь нэмэр оруулсан. Баладита хаан 300 фут өндөрт ариун газар байгуулжээ. Түүний хүү Вижра тав дахь хийдийг барьжээ. Харша Силадитя хаан зургаа дахь хийдийг барьсан зэрэг түүх тэмдэглэгдсэн байна. Оргил үедээ 10 мянган оюутан, 1510 багш, 1500 ажилчин байсан, эхлээд аман шалгалтад тэнцсэн хүмүүсийг их сургуульд суралцуулахыг зөвшөөрдөг бөгөөд шалгалт өгөхөд каст, ертөнцийг үзэх үзэл, үндэс угсаа огт нөлөөлдөггүй, энэ нь Буддын шашны хандлагатай бүрэн нийцэж байсан гэдэг. Нэг сонин зүйл бичсэн байдаг нь, тус сургуульд элсэх санаатай ирсэн хүмүүсээс хаалгач нар нь хэцүү асуулт асуусан тул хариулж чадаагүй хүмүүс элсэх саналаасаа татгалзан буцаад явж байсан гэжээ. Их сургуулийн үйл ажиллагааг хааны зарлигаар долоон тосгоны орлогоор дэмжиж байв. Их хөлгөний буддизмыг судлах нь зайлшгүй шаардлагатай, үүнээс гадна шинжлэх ухаан, анагаах ухаан, зурхай, дүрслэх урлаг, уран зохиол, худалдаа, төр засгийг удирдах зэрэг хичээлүүдийг судлах боломжтой байв. Мөн Хиндү философийн зургаан системийг бас заадаг, лекц, мэтгэлцээн, хэлэлцүүлэг нь их сургуулийн сургалтын нэг хэсэг байсан гэжээ. Наланда бол Буддын шашны хамгийн агуу сэтгэгчид болох Нагаржуна, Аряандева, Дармапала, Силабхадра, Сантаракшита, Камаласела, Бхавивек, Дигнага, Дармакирти нар суралцаж, бас багшилж байсан алдартай сургууль юм.
Их сургууль нь 30 акр газрыг хамарсан байв. Энд Ратна Сагара, Ниди, Ратна Ранжана гэсэн гурван том номын сан байсан бөгөөд тэдгээрийн нэг нь есөн давхар байв. Цогцолборын төвд сургалтын том төв буюу зэргэлдээ найман тусдаа цэлгэр танхимтай. Гайхамшигтай үзэсгэлэнтэй павильонууд нь тод өнгийн олон давхар байшингаар титэмлэгдсэн. Тэдгээрийн дотроос цамхагийн орой нь үүлэнд хүрч байсан шинжлэх ухааны ажиглалтын газар ялгарч байсан гэж нэгэн аялагч бичиж үлдээсэн байна. Хашааны эргэн тойронд цугларсан санваартан, зөвлөгч нарт зориулсан олон өрөө бүхий сууцнууд байжээ.
Бие даасан барилгууд нь 60 гаруй метр өндөр байсан бөгөөд таван давхар байшингуудын нэг нь 24 метрийн өндөртэй зэс хөшөөтэй, дээврийг нь алтадмал зэс эсвэл өнгөт хавтангаар бүрсэн, дотоод засал чимэглэлд нь үнэт чулуу, эрдэнийн чулууг ашигласан, ихэвчлэн улаан өнгөтэй барилгууд байжээ гэсэн дүгнэлтийг малтлагын үр дүнд тогтоогоод байна.
Өргөн суурь, хадгалагдаж үлдсэн хананууд нь барилгуудын хэмжээг төсөөлөх боломжийг олгодог. Мөн эндээс сүм хийдийн балгас, лекц танхим, оюутны өрөө, хоол хийх өрөө, агааржуулалт, ариутгах татуургын системийг хэрхэн зохион байгуулж байсныг харах боломжтой байна гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг, бас судалж байгаа гэсэн.
Харамсалтай нь бид хийдийн балгасыг л харж байна. Гэхдээ тэр нь ч гэсэн цар хүрээгээрээ гайхалтай том харагдаж байгаа билээ. Археологичдын үзэж байгаагаар ихэнх барилгууд газар доор буй гэхээр Наландийн их сургууль үнэхээр агуу том гэхээр хэмжээтэй байсан нь эргэлзээгүй юм. Түүхэнд тэмдэглэснээр, 1193 онд лалын шашныг хэт шүтэгч Бахтияр Халжигаар удирдуулсан түрэгийн түрэмгийлэгч армийн довтолгооны үр дүнд их сургууль устгагджээ.
Бхактиар Хилжигийн арми Магадад халдаад, дараа нь тус сургуулийн оюутан суралцагчид, лам нарыг тайван амгалан сууж, яг хооллох гэж байхад нь Наланда руу дайрчээ. Археологийн олдворууд лам хуврагууд хоолоо яаран орхисныг баталжээ. Мянга мянган лам нарыг амьдаар нь шатааж эсвэл толгойг нь тасласан, Наландагийн хамгийн баян номын санг шатаасан ( дам ярианаас үзэхэд хэдэн сар дараалан шатсан гэдэг) зэрэг аймшиг дагуулсан энэ дайралт Энэтхэгт буддын шашинд томоохон цохилт өгч, улмаар мөхөлд ороход хүргэсэн гэж үздэг. Олон Буддын лам нар харгислал, хавчлагаас зугтаж тэд Балба, Түвд рүү дүрвэв.
Ер нь бол, 9-12-р зуунд Наландагийн багш нарын үйл ажиллагааны ачаар Төвдийн буддын шашны уламжлал бүрэлдсэн. Их сургуулиас Махаяана ба Важраяна буддын шашинд үзүүлсэн ерөнхий нөлөө нь юутай ч зүйрлэшгүй гэж үздэг байна.
Наланда хийд нь түүхийн урт хугацаанд оршин тогтнож, үе үеийн мэргэд дээдэс нь Бурхан багшийн сургаалыг дэлхийн хүн төрөлхтөнд өвлүүлэн, хамаг амьтныг амар амгалан, аз жаргал, гэгээрэлд хөтлөж иржээ. Олон мянган бандида нарын сууж гэгээрлийн хутгийг олж байсан, адис жанлав ихтэй шүтээн суварга бүхий энэхүү ариун дагшин орон нь сүсэгтэн олны эргэл мөргөлийн гол газруудын нэг болж байна.
Наланда гэдэг нь чухам ямар утгатай гэхээр хэд хэдэн янзаар тайлбарладаг боловч Налам гэдэг бадамлянхуа, да гэдэг нь өгөх гэсэн үг, хоёулаа нийлээд Бадамлянхуа бэлэглэгч гэсэн утгатай гэнэ. Бадамлянхуа нь мэдлэгийг төлөөлөх учир мэдлэг өгөгч гэсэн утгатай болно гэсэн нь илүү үнэний хувьтай байх аа гэж бид ярилцлаа, тэгж ч итгэхийг хүсч байгаа болохоор тэр биз дээ...
V ЕГҮЗЭР ХУТАГТЫН ЯРЬЖ ӨГСӨН НЭГЭН ТҮҮХ
Энэ авшиг жинлавт газарт сүсэг бишрэлээр хүрэлцэн ирснийг сайшаагаад V дүрийн Егүзэр хутагт маань бидэнд Цогт Наланда хийдэд суралцаж, багшилж Бурхан багшийн гүн хийгээд аугаа их номлол сургаалын гүнд нь нэвтэрч, чинадад нь хүрээд, амьтны аврал болсон, Бурхны номлолыг машид гайхамшигтай тодруулан зохиосон, зарлигийн ач төгс Хутагтын орны мэргэдийн манлай бандида нарын намтар, үйлс зохионгуйгаас нэгэн түүхийг ярьж өглөө.
Сургаал номлолын охь шим болсон увдисыг залгуулж байсан дээдсүүд энд суралцаж байжээ. Тухайлбал Гомболүдэв гэгээн, Арьяандэвийн гэгээн энд суралцаж байсан гэдэг гээд Хутагтын өгүүлсэн нь:
-Нагаржуна гэгээний нас нэлээд хэвийсэн үед Арьяандэв гэгээн мэндэлсэн бөгөөд тэрээр урьдын ерөөл буяны хүчээр Нагаржуна гэгээний хамгийн ойрын шавь болж, бага наснаасаа дээдийн номд шамдсан суралцжээ. Хүү ухаан хурц, буян их, эрдэм номд авьяас чадвартай тул Нагаржуна гэгээний айлдсан ном сургаалыг торолгүй сурч, шавь нарынх нь хамгийн дээд нь болж чадсан байна.
Цогт Наландын хийдэд номонд суралцаж, бага залуу насаа өнгөрөөгөөд Энэтхэгийн Андрапаржи муж буюу Өмнөд Энэтхэгийн Нагаржунаконда гэдэг газарт Балжири ууланд (Лусын оронд зорчих хаалга байдаг нутаг) хутагт Нагаржуна багшаасаа судар, тарнийн ховор нандин увдис ном сонсож, багшийгаа өргөн асарч дэргэд нь бараа болсоор үлдсэн насаа өнгөрүүлсэн гэдэг.
Арьяандэв гэгээний намтарт Наландын хийдэд нүүрлэсэн нэгэн том аюул хорлолыг дарсан бичигдэж үлдсэн байдаг нь тэрсүүд үзэлтэн Мүдэгдаянтай хийсэн тэмцэл юм. Мүдэгдаян нь хүүхэд байхаасаа тэрсүүдийн номын ёс сурахдаа онцгой сайн байсан төдийгүй тэрсүүд нарын шүтдэг Махавашүра тэнгэрийг бясалган түүний буудаг ариун нууранд очиж угаал үйлдэн ариусч залбирал ерөөл их тавьснаар түүнтэй уулзжээ. Тэнгэр түүнд “Чи ямар хүслээр намайг бүтээв?” хэмээн асуухад Мүдэгдаян “Би тийн ялах ба бүхний оройд хүрэхийг хүсч байна. Умайнаас төрсөн хэнд ч дийлэгдэхийг би үл хүснэм” хэмээжээ. Махавашүра тэнгэр, түүний хүслийг болгоож шидэт гурван зүйл өгчээ. Мүдэгдаян энэ гуравтай болсноороо хэнд ч дийлдэшгүй хүчтэн болж, уулзсан болгоныг номоор дийлсээр тэрсүүдийн оройд гарч, алдар нэр нь газар сайгүй түгэж, хүү ч энэ байдалдаа ихэд омог дээгүүр болсон гэдэг.
Түүний ээж нь хүүгээ Бурханы шашны эсрэг үзэлтэй болсонд ихэд санаа зовох болж өдөр бүр Дарь-Эх бурхандаа мөргөн, зүүдээ манах болов гэнэ. Нэгэн удаа эхийн зүүдэнд Дарь эх бурхан ирж “Хүүгээ Наландарын хийд рүү явуулах хэрэгтэй” гэж эш бошгийг үзүүлжээ. Ингээд эх нь хүүдээ хандаж “Хүү минь ээ, ойр хавийн хэдэн хийдүүдээр явж эрдмээр ялсандаа омгорхох хэрэггүй, харин чиний жинхэнэ эрдмийг шалгах газар бол Наландарын хийд юм шүү” хэмээн хэлсэн байна. Энэ бол ээжийнх нь хүүгээ Бурханы номонд оруулах далд санаа нь байж л дээ...
Өөрөөс нь илүү эрдэм чадалтай хэн ч байхгүй гэдгийг нотлохоор омог, ухаан ихт Мүдэгдаян цогт Наландарын хийдийг зорьсон байна. Мүдэгдаян замдаа таарсан бүх хийдийн хуврагуудыг номоор дийлсээр Наландарын хийдийн зүүн зүгээс ирсэн бөгөөд энэ тухай цогт Наландарын хийдийнхэн аль хэдийнээ сонссон байжээ. Мүдэгдаян ирээд “Би бол та нарын хувьд тэрсүүд үзэлтэн. Би та нартай номоор тэмцэлдэхээр ирлээ. Хэрэв би ялагдвал Ганга мөрөнд үйж үхэх болно. Харин та нар ялагдвал миний шашинд орно шүү” хэмээн тохирсон байна. Цогт Наландарын хийдийнхэн түүнийг зөвхөн номын хүчээр бус, ямар нэгэн шид бүтээл оршсон байгааг таамаглаж байсан агаад энэ үед Наландарын хийдэд суралцаж байсан олон мянган лам нар өмнөө барьдаг, хамгийн шилдэг 500 бандидагаа Мүдэгдаянтай тэмцэлдүүлээд дийлж чадаагүй байна. Энэ нь Мүдэгдаянгийн номонд бус харин ухаан, хэл хурц, Махавашүра тэнгэрийн шид хүчийг олсных байжээ...Ийнхүү Хутагт маань дэлгэрэнгүй түүх ярьж өгсөн, харин үүнээс хойшихыг нь би утгачилан товчилж бичих нь сошиал талбарын бичлэгт зохистой байх болов уу гэж бодлоо шүү, уучилж өршөөгөөрэй...
...Тэр үед Арьяандэвийн гэгээн эзгүй, ууланд бясалгал хийгээд суусан байж. Ингээд захиа зурвасаар хэл аваад гэгээнтэн хийд рүүгээ иржээ. Мүдэгдаян түүний ирэх замыг амдаад голын усанд орж, угаал үйлдэж эхэлж гэнэ. Энэ үед нь Арьяандэв гэгээн хүрч очоод түүнээс,
-Чи юу хийж байгаа юм бэ? хэмээхэд Мүдэгдаян:
-Би өөрийн хилэнц нүглээ угаан арилгаж байна гэхэд Арьяандэв гэгээн нэгэн алтан бумбыг хийдээс олж авч ирээд дотор нь баас хийгээд, гаднаас нь угааж эхэлжээ. Мүдэгдаян:
-Чи харин юу хийж байгаа юм бэ? хэмээхэд Арьяандэв:
-Би энэ бумбан доторх баасыг цэвэрлэх санаатай байна гэхэд, Мүдэгдаян:
-Ээ, тэнэг минь ээ. Чи бумбан дотор байгаа баасыг гаднаас нь яаж угаах гэсэн юм бэ? Дотор талаас нь угаагаач ээ, хэмээхэд Арьяандэв:
-Хүн өөрийн биеэ гаднаас нь угаагаад сэтгэлд байгаа хилэнцээ арилгаж болдог юм бол энэ бумбыг гаднаас нь угаахад доторхи баас ч мөн арилах л учиртай даа. Үгүй гэвэл өөрөө надаас тэнэг биш үү? хэмээжээ. Ингээд хоёулаа ном хэлэлцэх болж.
Арьяандэвийн гэгээн багшийнхаа захисны дагуу толь, муур, нүцгэн гэлэн хүн гээд 3 юмтай иржээ. Мэтгэлцээд Арьяандэвийн гэгээн дийлээд ирэх үед нь дээрээс ямар нэгэн юм дуугарч Мүдэгдаянд хэлж өгч туслаад байж, ингэхэд нь Арьяандэвийн гэгээн толио тусгаад гялбуулсан гэнэ. Тэгээд дахиж мэтгэлцэж байтал нэг эмэгтэй дагинас ирээд Мүдэгдаянгийн чихэнд нь юм хэлээд туслаад байхаар нь нүцгэн гэлэнгээ урагш гаргахад цаад дагинас нь ичиж зовоод яваад өгч... Дараа нь хулганын дүрээр ямар нэгэн юм орж ирээд мөн л хэлж туслаад байхаар нь муураа тавьж зайлуулжээ. Номоор мэтгэлцэж ялагдаад Мүдэгдаян зугатаж нисэхэд нь Арьяандэвийн гэгээн хойноос хөөж барьж авчраад Наландын хийдийн номын сан руу оруулаад цоож цуурга хийгээд орхичихож. Мүдэгдаян эхнээс нь ном судар авч үзээд шидээд, дээр нь гарч гишгэж зогсоод, тэгж явсаар хамгийн дээд талаас нэг ном аваад үзтэл Бурхан багш өөрийнх нь тухай бүх юмыг, тэр ч байтугай Наландын хийдэд ном хаялцах гэж ирээд тийм хүнд номоор дийлдэнэ гээд урьдчилан биччихсэн байсан гэнэ. Ингээд Мүдэгдаянд их сүжиг төрсөн, тэгээд Ухула буюу Өө, халаг аа... гэж дуу алдаад шууд наминчлалын ном зохиосон байдаг. Одоо тэр нь Жившаг гээд лам нарын уншдаг, нүгэл наманчилдаг ном байгаа. Ингээд Бурхны шашинд орж Ловон Бавуу нэртэй болсон түүнээс Бурханд магтаал өргөсөн, Дарь-Эхийн үйлсийг магтсан, мөн үйлийн үрийг номлосон “Дурьдлыг ойр агуулах дөрөв” зэрэг олон бүтээлүүд бий гэж VЕгүзэр хутагт бээр бидэнд хэлж өглөө... Эцэст нь, Богд Зонховын зохиосон “Бурхан багшийн магтаал”-д өгүүлснээр:
Бүхий л ертөнцийн хамаг амьтан
Бүгд нэгэн зэрэг, эргэлзээ юугаа тайлахаар хандахад
Бодьгал тус бүрийн өмнө заларч тэр мэтчилэн
Ариун лагшин зарлигаа нэгэн зэрэг үзүүлснээр
Айлдан зохиогоод атгагийг чухал амирлуулсан
Таны лагшин, зарлиг, таалал, нууцын ёс үүнийг
Таалалт Шарваан, Бардига Бодьсадва нар
Тольдон хэчнээн шинживч оюунд үл багтах
Торох Эсрэн, Хурмаст тэргүүтэн ч яахин цэгнэж чадах вэ гэснийг Н.Цамбанүрдэвийн орчуулгаар дурдсу...
Үргэлжлэл бий.
С.Эрдэнэцогт
Сэтгэгдэл ( 0 )