ЛУМБИНИ БУЮУ “ЭХИЙНХЭЭ ЗҮҮН ӨРЦНӨӨС МЭНДЭЛСЭН БУДДА
Будда бурханы өөрийнх нь зарлиг айлдварт “Хожим хэн бээр эхээс миний мэндэлсэн, таалал барих ёсыг үзүүлсэн, бурханы хутгийг олсон, анхны номоо номлосон энэ газраар явахад надтай уулзсан юм шиг буян хураана” гэсэн байдаг юм байна.
Лумбини нь Будда Шагжамүни гэгддэг түүхэн Будда Сиддхарта Гаутамагийн төрсөн газар гэдгээрээ алдартай. Тэгээд бид номонд гардагчлан:
Лүмбийн цэцэрлэгт эхийнхээ зүүн өрцөөс
сайтар мэндэлсэн
Эсэрва, Хурмаст, Лусын хаан тэргүүтнээр тахигдан
Алхам алхмаар залран арслангийн дууг дурсган
Гурван мянган ертөнцөө гэрэл цацруулан дүүргэснээ мөргөмү...хэмээн залбирсаар Лумбинигийн цэцэрлэгт хүрээлэнд орж очив. Бурхан багш эхээс мэндэлсэн талаар би юу уншсан билээ гээд бодлоо...
-Бурхан багш урьдын ерөөлийн хүчээр Түшита (Төгс Баясгалант) тэнгэрийн оронд төрж Бодьсадвын дүрээр тэнгэр нарын тусыг хэмжээлшгүй бүтээж байгаад “Би Замбутивд залрах цаг болсон бөгөөд Майдар бээр та нарт намайг орлон дээдийн номыг айлдана” хэмээгээд өөрийн титэм чимгийг Майдарын тэргүүнд өргөөд ийнхүү Замбутивд залрахаар болжээ.
-Энэтхэгийн Шагжа овгийн хаан Шудхадана Гаутамагийн хатан Махамаяа нэгэн өдөр ”Гэрлийн гилбэлгээн дунд үүл хөлөглөсөн зургаан соёот заан буун ирж хэвлийд шингэлээ” хэмээн сонин зүүд зүүдлэжээ. Тэр цагт элдэв янзын гайхамшигт шинж тэмдэг гарч Махамаяа хатан хөл хүнд болсон аж. Хаантан энэ тухай сонсоод ихэд бэлэгшээж ордны шинжээч, түшмэдүүдээ дуудан асуусанд: “Хаантаан хатан их хувь заяатай хүү төрүүлэхнээ” хэмээн айлджээ. Тэрээр ихэд баярлаж хишиг тараан буян үйлджээ. Ийнхүү Бурхан багш эхийн хэвлийд оршсон өдөр нь зуны адаг сарын арван таван байсан учир энэхүү өдрийг Дүйцэн өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.
-Бурхан багш хатан эхийн хэвлийд бойжоод ертөнцөд мэндлэх болмогц Махамаяа хатан төрхөмдөө очиж амарждаг заншлын дагуу хаан эцгийн гэрийн зүг хөдлөв. Зам зуураа Лүмбинийн цэцэрлэгт саатан амсхийн Болгаша модны мөчрөөс барин зогсох агшинд хүү эхийн баруун суганаас нь мэндлээд дөрвөн зүгтээ долоо, долоо алхваас гишгэсэн газар бүрээс нь лянхуа цэцэг ургасан ажээ. Мөн хүүг мэндэлмэгц цэцгэн хур буух, гэрэл цацрах гэх мэт өлзийт сайн шинж тэмдэг олноо гарсан гэдэг.
-Энэ үед ер бусын хөвгүүн мэндэлснийг ууланд даяанчилж байсан мэргэн даяанч Асита зөн билгээрээ мэдэрч, уулнаас бууж ордонд морилоод хүү, түүний шинж төрхийг хараад тэрээр “Хүү тань төрийг барих аваас Чакраварти (Хүрдэн эргүүлэгч) хаан болно. Хэрэв тойн болвоос Үнэхээр туулсан бурхан (Төгс гэгээрсэн бурхан) болно” хэмээв.
-Даяанч Асита хэдийгээр Бурхан мэндэлснийг харсан боловч ном сургаалыг нь сонсож чадахгүйгээ мэдэж харамсан уйлсан гэдэг. Хаан эцэг хөвгүүндээ Сиддхарта (Тус бүтээгч) хэмээх нэр хайрлав... Харамсалтай нь хүүгээ төрүүлээд долоо хоногийн дараа эх нь таалал болжээ.
Сиддхарта хан хүүг мэндэлсэн тухай болон Бурхан багшийн намтар цадигийг эртний энэтхэгийн яруу найрагч, жүжгийн зохиолч, бурханы шашинтан Ашвагхоша одооноос хоёр мянган жилийн өмнө самгарди хэлээр туурвисан“Buddhacharita” буюу “Бурхан багшийн амьдрал” хэмээх туульсдаа яруу тодоор бичсэн байдаг. Энэхүү туульст: “Бяцхан хан хүү Сиддхарта мэндлэх үед үүлгүй тэнгэрт солонго татаж, үүлгүй тэнгэрээс зандан үнэрт хур бууж, улаан, хөх бадам цэцэг асгарч, газраас рашаан ус оргилж байжээ. Бяцхан хан хүү эхээс төрөнгүүтээ ертөнцийн найман зүг рүү долоо долоон алхам алхаж, “Хамаг амьтны тусын тулд эрдэм бүтээхээр ирлээ” хэмээн хүний хэлээр ярив. Бяцхан хан хүүгийн гишгэсэн газарт бадамлянхуа цэцэг дэлгэрч байв” гэжээ.
Будда гэж Хиндү шашны санскрит хэлний "сэрсэн" буюу "ухаарсан" гэсэн утгатай үг болно. Буддын номлол ёсоор нэг эринд 5 будда ирэхээс эдүгээ бидний амьдран байгаа энэ цагийн будда нь Готам Будда бөгөөд тэдгээр таван буддагийн манай энэ цагийн дөрөв дэх нь будда бөгөөд түүнээс урьд Kakusandha , Koṇāgamana, Kassapa нэртэй гурван будда заларч ирж байсан гэдэг домогтой.
Энд Ханхүү Сидхартагийн мэндэлсэн газрыг тэмдэглэсэн эртний шүтээний бунхан байна. Мөн энэ газарт Аугаа их Ашока хаан ширээнд заларснаасаа хойш 20 жилийн дараа ирж байсан тухай бичээс бүхий багана байдаг байна. Түүнээс гадна Ашока хааны үеэс эхлэлтэй олон тооны сүмийн туурь бий. Одоо Лумбини нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, тайван амгалан мөргөлийн хот бөгөөд эндхийн зочид нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Буддын мөргөлчид, бас аялагч жуулчид бөгөөд Буддагийн зам мөрийг даган гэгээрэхийг хүсэгчид олноор бараалхдаг газар болсон билээ.
Бурхан багшийн магтаалд:
Намо гүрү мүни индра яа
Гурван учирт хийгээд эрхэт тэнгэр, асур,
Гандир, лус, арш нарын тэргүүн бүхэн
Гайхамшигт эрдэнийн титэм юүгээ
Гагц таны өлмий дор дэвсэн чимдэг билээ
Гялбаганасан алтангэрэлт цог жавхлант лагшинтай
Гандарсийн эгшиг ч тэнсэшгүй яруу тунсаг зарлигтай
Гольт тоот нарны гэрлээс ч тодорхой таалалтай
Гань тоолшгүй амьтныг залуурдагч Шагжаан овгийн манлай
Цэлмэг огторгуйн мандлын гараг, од, эрхсүүд
Цэлэлзэх далайн мандалд ойн гэрэлтэх шиг
Сүсэг бишрэлийн минь далайд таны эрдмийн гэрэл
Сүүдэр дүрс хольцолгүй машид тодорхой байгуулмуй
Сарны туяанд дэлбээгээ хумисан залуу лянхуа шиг
Салгуу гарын хуруугаа зүрхэн тушаагаа хумиж
Сац нэгэн үзүүрт сэтгэлээр гэгээн дүрийг тань бясалган
Сайвар өчүүхэн магтах дор нигүүлсэнгүйгээр болгоогтун...хэмээн өгүүлсэн байдаг даа...
Энэ бүлгийн төгсгөлд Бурхан багшийн үүсгэсэн Буддын шашныг дэлгэрүүлэгч хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Ашока хааны талаар цухас боловч дурдъя гэж саналаа. Тэр бол МЭӨ 273-232 оны хооронд өнөөгийн Энэтхэгийн ихэнх газар нутгийг захирч байсан Маури улсын эзэн хаан. Тэрээр Энэтхэгийн түүхэнд Aгуу эзэн хаан нэрээр мөнхрөн үлдсэн бөгөөд түүний эзэн гүрэн баруун зүгт орчин үeийн Пакистан, Афганистан, Бангладеш, дорно зүгт Энэтхэгийн Ассам муж, умар зүгт Тамил хүртэл өргөн уудам нутгийг захирч байжээ.
Ашока хааны нэрийг мөнхлөн үлдээх болсон гол үйлс нь байлдан дагуулалт бус, харин Буддын шашныг дэлгэрүүлэгч байсан явдал билээ. Калинга улсыг байлдан дагуулсныхаа дараа МЭӨ 263, эсвэл МЭӨ 265 онд тэрээр Вэди (Хинду) шашныг орхиж Буддын шашинд оржээ. Үүнээс хойш тэрээр, Гаутама Буддагийн олон дурсгалуудыг барьж байгуулах ажлыг хийсэн бөгөөд түүний байгуулсан нийслэл “Арслан хот”-ын тууриас олдсон баганын орой дээр байрлах 4 арслангийн баримал нь одоогийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын төрийн сүлд болсон юм.
Ашока хаан МЭӨ 260 онд Вибхажявада Буддын шашныг (Буддын шашны эртний урсгалуудын нэг) төрийн шашин хэмээн зарласнаар түүхэнд анх Буддын шашинт төрийн бодлогыг баримталж эхэлсэн түүхтэй. Ашока хаан насны эцэстээ Бурханы шашны сахил санваар хүртэн хувраг болсон байдаг. Бурханы эш үзүүлснээр Ашока хаан Энэтхэг даяар Бурхан багшийн шарилын их эрдэнэ (ринсэрэл) залсан наян дөрвөн мянган суварга болон олон их хийдүүдийг бүтээн шашин амьтны тусыг агуу ихээр зохиожээ. Бурхан багшийн ариун нандин газруудыг тэмдэглэн дурсгалын арслант багануудыг босгосон нь одоог хүртэл буй юм билээ.
Үргэлжлэл бий.
Ж.Эрдэнэцогт
Сэтгэгдэл ( 0 )