ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Бүгд найрамдах Дагестан улсын тэргүүн Сергей Меликов энэ оны эцэст албан тушаалаасаа бууж, шинэ ажилд шилжинэ гэдгийг зарлалаа. Одоогоор түүнийг ямар албан тушаалд сэлгэн томилох нь тодорхойгүй байна.
Одоогоор түүний орыг Дагестаны парламентын дарга Заур Аскендеров болон Дагестаны Дээд шүүхийн дарга Фёдор Шукин нар орлож магадгүй байгаа юм.
Дагестаны тэргүүнийг сонгуулиар сонгодоггүй. Харин сонгон шалгаруулалт нь олон үе шаттай явагдсаны эцэст ОХУ-ын Ерөнхийлөгч нэг нэр дэвшигчийг сонгоно. Улмаар сонгогдсон нэр дэвшигчийг бүс нутгийн тэргүүнээр сонгох эсэхийг парламентаар хэлэлцэж энгийн олонхийн саналаар тэргүүниг сонгодог юм.
ОХУ-ын армийн генерал Сергей Меликов 2021 онд Дагестаны тэргүүнээр томилогдсон юм. Гэсэн ч дэд бүтцийн асуудал, эрчим хүчний хэвийн байдал хангагдаагүй хэвээр байна. Одоогоос гурван жилийн өмнө 2023 оны 10-р сард Израилийн эсрэг бүлэглэл Дагестаны нисэх онгоцны буудлыг эзэлсэн. Мөн 2024 оны 6-р сард шашны байгууллагуудад халдлага гарч, 20 гаруй хүн амиа алдсан нь түүний засаглалыг сорьсон асуудлуудын нэг байсан юм.
Түүнчлэн гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр Дагестанд үер буусан нь түүний засаглалын хамгийн сүүлчийн сорилт байсан билээ. Үерийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авч чадаагүй нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Түүнчлэн үерийн гамшгийг Дагестаны хөгжилгүй байдалтай холбон тайлбарласан нь Оросын нийгмийн сүлжээнд асар их шүүмжлэл дагуулсан билээ. Улмаар Кремлийн талыг баримталдаг хэвлэлүүд түүнийг албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй тухай мэдээлсээр байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )