Жагарын орон хийгээд Балбын нутагт зорчсон тэмдэглэл - 8

2025 оны 01 сарын 28

САРНАТ БУЮУ “ДӨРВӨН ҮНЭН”-ИЙГ АЙЛДСАН ГАЗАР

 

Лумбини цогцолборын төв хэсгийг хунтайж Сидхарта Гуатамагийн эх Махаямад зориулсан Майя Дэви сүм эзэлдэг бөгөөд түүний төрсөн өдрийг дүрсэлсэн эртний дурсгалын чулуу байдаг юм байна. Ариун сүмийн эргэн тойронд Буддын шашны  эртний байгууламжийн үлдэгдэл, бодь мод бүхий археологийн бүс нутаг байдаг. 1997 онд Лумбинийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн.

Сарнат бол Энэтхэгийн Уттар Парадеш мужид, хотын төвөөсөө хойд зүгт байрлах Варанаси /хуучнаар Бенарес/ хотын захын дүүрэг юм.  Будда Шагжамүни “Дөрвөн эрхэм үнэн”-ий сургаалиа энд анхны таван дагалдагчдаа айлдсан түүхтэй.

Сарнат хотын эртний барилгуудын ихэнх нь сүйрсэн бөгөөд XIX зуунд британчууд энд идэвхтэй малтлагууд хийж эхэлсэн байдаг. Тэгээд тэд эртний эх сурвалжуудад дурдагдсан нэлээд олон барилгын үлдэгдлийг олж илрүүлсэн юм. Дамек суварга нь 33 м цилиндр хэлбэртэй цамхаг бөгөөд МЭ 500 онд баригдсан гэж таамаглаж байгаа. Суваргыг Гутевийн тэмдэг гэх гоёмсог цэцэгсээр болон геометрийн загвараар чимэглэсэн. Дармаражика суваргыг Будда анхны номлол айлдсан газарт босгож XVIII зууны үед хэсэгчлэн устгагдсан бөгөөд суваргын дотроос гантиг чулуун урлал, чулуун дээр хийсэн бичээс, керамик  эдлэл олсон байна.

Буддагийн үед энэ газрыг Ришипаттана гэж нэрлэдэг байсан агаад Бенаресаас ирсэн риши нар модных нь сүүдэрт сууж бясалгал хийдэг өтгөн сайхан ойтой байж. Сарнат дахь бугын цэцэрлэгт хүрээлэн өнөөг хүртэл байх ба домогт өгүүлснээр  Дармачакрагийн анхны ном сонсогчдын дотор хоёр буга байсан гэдэг. Орчин үеийн нэр нь бодьсадва Саранганатагийн нэрнээс гаралтай ч гэж үздэг.  Сарнат нь 1000 гаруй жил Буддистуудын шашны төв байж ирсэн бөгөөд  цэцэглэн хөгжиж байх үедээ тус хийд нь 1500 орчим лам амьдардаг, 100 орчим м өндөр суваргатай байсан гэж эртний хятадын аялагч тэмдэглэн үлдээсэн байна. XII зууны төгсгөлд Варанаси, Сарнат аль аль нь мусулманчуудын түрэмгийлэлд өртөж, 1194 онд Айбек гэгчийн дайралтаар тус хийд устаж буддын шашны үйлчлэл зогсоход хүрчээ.

Сарнатыг буддын шашинтнуудын ариун газар болгон сэргээх ажил дээр дурьдсанчлан XIX зуунд эхэлсэн. Одоо энд  Шри-ланка, Бирм, Төвөд, Япон, Тайланд зэрэг олон үндэстнүүдийн буддын шашны урсгалын сүм хийдүүд  энд баригдсан байдаг. Төвөд хэлээр сургадаг Энэтхэгийн цорын ганц их сургууль болох Төвөд судлалын төв сургууль Сарнатад байна. 

БАРИМТ: Бодьсадваг бурханы хутгийг олсныг Эсүрва тэнгэр мэдээд Бурханд очиж “энэ ертөнцийн хүмүүс, амьтдын сэтгэл догширч дийлдэшгүй хэрцгий болов. Иймд та ариун сургаал номлолоо айлдан соёрх” хэмээн сануулав.

БАРИМТ: Ингээд Бурхан багш бээр сургаалыг хүлээн авч чадах сав болж боловсорсон таван даяанчид (өмнө хамт даяан хийж байсан хүмүүс) уулзахаар Бодьгаяагаас Варанаси хот руу залрав. Хотын ойролцоох Арш унасан гөрөөсний ойд тэдэнтэй учиржээ. Ингээд Бурхан багш таван даяанчид анхны алдарт “Хутагтын дөрвөн үнэн”-ийн сургаалаа айлджээ. Улмаар дунд номын хүрд буюу “Хоосон чанар”- ын сургаалаа Ражгирын Гритра гутади (Тас цогцолсон) ууланд, сүүлчийн номын хүрд буюу “Сайтар ялгал”-ын сургаалаа Вайшалид (уужимт) тус тус айлдсан билээ. Энэ мэт Бурхан багш наян нэгэн сүүдрийг зооглотол тасралтгүй ном сургаалаа айлдсаар тоо томшгүй олон шавь нарыг гэгээрлийн мөрд хөтөлсөн юм.

2500 жилийн өмнө Энэтхэг оронд Будда хэмээх ганц хүний үүсгэсэн шашин “хуран үүдсэн бүхэн зовлон” хэмээх энэ хорвоод зовж шаналсан олон хүнд амар амгаланг хайрлаж ирсэн хэдий ч түүний гүйцэтгэх  үүрэг  одоо ч хараахан дуусаагүй байна. Үүнээс цааш ч бас зүсэн зүйлийн асуудал бэрхшээл дундуур амьдрах заяатай орчин үеийн бидний хувьд тэрхүү сургаалын үнэ цэнэ улам улам өсөх учиртай биз ээ...

 

БУДДАГИЙН ГЭГЭЭРСЭН ГАЗАР БУЮУ БОДЬГАЯА

 

Бид газрын зурагт тэмдэглэгдсэн байдлаар нь Банганга гол гэж мэдэж байгаа голыг гүүрээр гараад хоорондоо учиргүй ижилхэн хэсэг толгодын дундуур явсаар уужим сайхан ногоон хөндийд хүрч очлоо. Бихар мужийн нийслэл Патнагаас зүүн өмнө зүгт байдаг Ражгир нь эртний Рагриха буюу шууд утгаараа “Хаадын нутаг” гэсэн нэртэй суурин, харин үүнээс  Буддагийн гэгээрсэн газар буюу Бодьгаяа нь ердөө 30 гаруйхан  км зайтай, дээр нь  зам сайтай учир дорхноо л давхиад буучихна гэж бодсон. Гэвч газар газрын мөргөлчид, аялагчид  эндхийн аялал жуулчлалын гол газрууд, Маха бодхи сүм, Буддагийн гэгээрсэн мод,  Буддын шашинтай янз бүрийн улс орнуудын барьсан сүм хийдүүдийг зорьж автобус, жипнээс эхлээд цахилгаан болон моторт ОТО /гурван дугуйт/ хөлслөн зүтгэцгээх тул мөн л түгжрэлтэй байлаа. Эрт дээр үед Бодь мандала гэгдэж байсан, одоо Бодьгаяа гэж нэрлэгддэг энэ газар Бурхан багшийн гэгээрсэн газар гэдгээрээ алдартай тул арга ч үгүй биз...

Энэ хооронд бид Бурхан багшийн намтар түүхээс уншсан, дуулсан зүйлээ бие биедээ ярьж, мэдлэгээ нэгтгэе гэж шийдлээ.

...Гуатама хан хөвгүүн өсөж 16 нас хүрэхэд хаан эцэг Шудхадана хүүдээ  өөрийн хаан ширээг залгамжлуулахаар шамдан ятгаж, хүүдээ хатан авч өгч, тансаг хурим хийлгүүлж, гоёмсог орд харшид элбэг хангалуун амьдралд умбуулжээ. Эцгийн санаа амарч, Сиддхартаг хаан төрийг залгамжилна хэмээн найдсан хэрэг.  Сиддхарта хөвгүүн хэдийгээр тансаг сайхан амьдралд умбаж байсан ч хэзээ ч жинхэнэ аз жаргалтай байсангүй. Жаргал гэдгийг өнгөцхөн зүйл гэдгийг ойлгож байв. Тэрээр нэгэн удаа хотоос гадагш заларч яваад хотын дөрвөн зүгт эмгэг өвчтэй хүн, өтөлж хөгширсөн хүн, дамнуурга дээрээ үхсэн хүн, ариун явдалт хувраг зэргийг харж болгоогоод орчлонгийн жинхэнэ жам ёсыг ухаарч, түүнд хуврагийн зам таалагдсан учир хувраг болохын мөрөөдөлд автсан аж. Ингээд Сиддхарта 29 насандаа нэгэн шөнө гэрийнхнийгээ унтаж байхад салах ёс чимээгүй үйлдээд ордноос зугтан гарч энгийн даяанч хуврагийн амьдралыг сонгожээ. Хаан эцэг нь хүүгээ тэнэмэл даяанчийн байдлаар цор ганцаар хэсүүчлэн явааг сонсоод түүнд бараа бологчоор 500 хүн явуулсан боловч тэднээс дөнгөж таван хүнийг үлдээгээд бусдыг буцаажээ. Үнэнийг эрэн хайгч Бодьсадва тэрээр таван нөхдийн хамт Ниранзана мөрний хөвөөнд зургаан жилийн турш хатуужлын даяаныг бясалган үйлдэв. Энэ хугацаанд багахан будаа, балга усаар амь зогоон, бусад хоол хүнсийг тэвчсэн тул биеийн өнгө нь хар болж машид турж хатсан аж. Ингэж бие махбодийн хатуужил амсан эдэлсэн төдийгөөр туулсан бурхны хутагт хүрнэ гэдэг бүтэхгүй юм байна хэмээгээд даяан бясалгалаа зогсоожээ.

Бодьсадва тэрээр угаал үйлдэж, тариачны охин Сужатагийн гараас шимт тараг зооглон хүч тэнхээ орж, өнгө зүс сэргээд улмаар Ниранзана мөрнийг гаталж, Бодьгаяа (Очирт суурин) руу залрав.Тэрээр Бодьгаяад ирээд бодь модыг гурвантаа эргэн үйлдээд, түүний дор өвсний наймаачнаас авсан боодол гүши өвсөөр суудал засаж, очир завилгаагаар суун биеэ цэгц сунгаж, ухаан бодлоо саруул тунгалаг болгов. Тэрээр “Бие минь хатаж ч болох, яс мах минь үйрч эвдэрч болох болсон ч олоход бэрх бурхан бодийг олох хүртэл энэ сууринаас үл босно” хэмээн тангараглан гүн бясалгалд оров.

 Бодь модны дэргэд бясалгаж буй тойныг шулмасууд олж мэдээд түүний бясалгалд саад тотгор болохын тулд гоо охид, эмсийн дүрд хувилан хуурах, үзэшгүй аймшгийн муухай дүрд хувилж айлгах, сум харваж, жад шидэж, илд мэсний мөндөр буулгаж хорлохыг оролдсон ч Бодьсадва тэдний өөдөөс асрал, энэрэлийн сэтгэлийг бясалган үйлдсээр бүгдийг ялан дийлсэн гэдэг. Ийнхүү Бодьсадва тэрээр  шулмасын аймгийг дараад 35 нас сүүдэртэйдээ зуны тэргүүн сарын шинийн арван тавны үүрээр Очир мэтийн даяанд шүтэж Бодьгаяад бодь модны дэргэд үнэнийг таньж, төгс гэгээрсэн Бурханы хутгийг олжээ. Үүнээс хойш түүнийг Будда буюу Бурхан багш хэмээн дуудах болов хэмээжээ.

Бурхан Буддаг гэгээрснээс хойш 250 жилийн дараа буюу МЭ 250 онд Ашока хаан Бодьгаяад ирж  Бодь модны хажууд сүм барьжээ. Одоогийн Махабоди сүм нь Ашокагийн барьсан энэ сүмийн  яг үлдэгдэл дээр нь баригдсан тул  Важрасана сэнтий нь  Буддагийн суудал,  орчлон ертөнцийн нэр хүндтэй төв гэсэн байр сууриа хадгалсаар байгаа гэнэ. Товчхон хэлэхэд, Бодьгаяа бол 2500 жилийн өмнө  Бурхан багш гэгээрлийг олж, энэрэн нигүүлсэхүй, оюун ухаан, бүх нийтийн үнэнд суурилсан шашныг үндэслэсэн, Буддизмын өлгий нутаг юм.

...Сүүдэрт нь Будда сууж бясалгаж байсан Бодь мод одоо хүртэл энд ургасан хэвээр байна.  Гэхдээ тодруулбал, Бурхан багшийн сууж байсан тэр бодь мод биш боловч, түүний үрээс үндэслүүлэн ургуулсан  мод гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мод нь 80 фут өндөр, 115 орчим жилийн настай. Мөн бодь модны доор Будда зүүн зүг хандан сууж бясалгалд суусан гэдэг чулуун тавцан байна. 

Буддистуудын өвөрмөц дурсгал, магадгүй энэ төрлийн хамгийн эртний  бөгөөд хамгийн хүндтэй дурсгал болох сүмийн доод хонгил нь 48 м.кв талбайтай бөгөөд  дээшлэх тусам цилиндр хэлбэрээр хүзүүндээ хүртэл нарийсдаг. Дөрвөн буланд нь байх дөрвөн цамхаг нь  гоёмсог,  бүхэл бүтэн, тэнцвэртэй болгон харагдуулдаг. 

Ариун сүм дотор  Будда бодь мод руу нуруугаа харуулан бясалгалд сууж байсан гэх  яг тэр байрлалаар зүүн тийш харсан, сууж буй байрлалаар асар том дүр байна. Хөшөөг хар гантиг чулуугаар хийгээд  алтаар бүрсэн гэж бичсэн байдаг, улбар , шар өнгийн торгоор навтас хийж хэсэг ороож байлгаад дараагийн сүсэгтнүүд торго өргөмөгц сольж нөмөргөнө. Өмнөхийг нь сүсэгтнүүдэд хуваан өгч өөдөс болгон өгнө, тэд нандигнан хадгалахаар авч одно. Бидэнд ч мөн ийм  хувь хишиг олдсон нь талархалтай.

Нисваансын түйтгэрийг дарсан, мэдэгдхүүний түйтгэрийг арилгасан, ялж төгс нөгцсөн, туулсан, бурханы хутагийг олсон Жагарын Дорждан гэж нэрлэгддэг  энэ газарт сайн цагийн  мянган бурхан бүгдээрээ залрах  ерөөлтэй юм гэнэ билээ.

Богд Зонховын “Бурхан багшийн магтаал”-д гардагчлан:

...Авралт та амьтны тусын тулд

Алжаан шантарсан нь өчүүхэн төдий үгүй

Амьтан нугууд ч үргэлж таныг магтан

Ачит эрдмийг тань өгүүлэхдээ  мөн алжаахгүй

Хөлгүй далайн гүн мэт машид агуу таалалтай

Хүчит тэнгэрийн харанга адил сайтар номлох зарлигтай

Хүршгүй Сүмбэрийн оргил мэт үлшгүй хувилгаант лагшинтай

Хотлоор үзэх, сонсох, санахын тус төгөлдөрийг зохиогч танаа мөргөмү

/Н.Цамбанүрдэвийн орчуулгаас/

Маха боди сүм дотор байгаа Бурхан багшийн дүрийг бүтээсэн тухай хоёр янзын хувилбар түүх домог байна. Үүний нэг нь, Бурхан багшийг таалал барих ёсыг үзүүлснээс хойш 100 жилийн дараа Ашока хаан төрсөн. Ашока хаан сүүлд бурхны номыг судалж мэдээд дүрийг нь бүтээе гэж шийджээ. Тэгээд  Бурхан багшийг өөрийн нүдээр үзсэн хүн байна уу гэхэд тэр үед 140 настай гэх өндөр настан  гарч ирээд Бурхан багш бол яг ийм ийм дүртэй, толгойноос нь дандаа гэрэл цацарч явдаг ийм гайхамшигтай дээдэс байсан гэж дүрслэн өгүүлсний дагуу энэ сүм дэх дүрийг  бүтээсэн гэдэг байна. Үүнээс гадна, Дарь эхийн язгууртай нэгэн эмэгтэйн гурван хөвгүүн бурхны номд дагаж ном үзэж сайжирсан гэх бөгөөд бага хүү нь эхийнхээ хүсэлтээр цагаан зандан модоор бүтээсэн гэдэг хоёр дахь хувилбар ч байдаг ажээ.

Үргэлжлэл бий.

Ж.Эрдэнэцогт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top