Балбын нутаг, жагарын орноор зорчсон тэмдэглэл - 11

2025 оны 02 сарын 09

ЕГҮЗЭР ХУТАГТ ГОМАН РУУГАА, БИД НЬЮ ДЕЛИ РҮҮ...

 

Егүзэр хутагт маань Тас цогцолсон уулнаас буух замдаа Егүзэр хутагт төвийн төлөөлөл болж ирсэн хоёрынхоо хамт баахан жимс, жигнэмэг худалдан аваад гуйлгачин ядууст тарааж эхлэв. Гуйлга гуйгсад нь бас журамтай юм аа... Замын нэг талд эгнэн суусан хэвээрээ, дээрээс юм тараагаад ирж яваа хүмүүсийг тэвчээртэй хүлээнэ, түүнээс биш амдаж гүйгээд л, овоорч дайраад л сүйд болсонгүй.

-Эдэнд юм өглөө гээд цатгаж чадахгүй, тоо нь гүйцэгдэх биш дээ ухааны юм яригдаад байдгийг санаад би Хутагтыг тэртээ дор буусан хойно нь ярианы далимд  асуугаад авсан...

Хутагт айлдсан нь: Өглөгийн хамгийн дээд нь номын өглөг гэж та нар маань дуулсан байх. Бурхны ном тайлбарлаж өгөхөөс илүү дээд буян үгүй. Хоёр дахь нь аюулгүйн өглөг. Энэ нь бусдад хорлолгүй байвал их өглөг өгч байна, буян хийж байгаа хэрэг гэж ойлгож болно. Гурав дахь нь эд зүйлийн өглөг. Энэ бол өглөгийн доод хэлбэр.. Гэхдээ бид өнөөдөр нэг хүнд ч гэсэн өглөг өгч буян хураая гэж бодсон юм. Өглөгийг агуу болгоё гэвэл эхэндээ өглөгийг өгье гэсэн үнэн сэтгэл, өгч байх үедээ хурдан бөгөөд хүндэтгэлтэй өгөх, өгснийхөө дараа сэтгэл хангалуун байх, ерөөл тавих хэрэгтэй. Энэ дарааллаар зөв өгвөл ёнзог буюу бүрэн төгс өглөг болно гэж багш, дээдсүүд айлддаг, номд ч тэгж өгүүлсэн байдаг юм л даа...

Нэг хүн, нэг хүүхэд ч гэсэн, нэг удаа ч гэсэн өлсөхийн зовлонгоос гараг  дээ л гэж санасан юм. Энэ гуйлга гуйж байгаа хүмүүс  буддын шашны лам хувраг биднийг хараад хазгай муруй боловч  “Ум ма ни бад мэ хум” гэж хэлээд сурчихаж, энэ ч бас нэг сайн зүйл мөн биз дээ... Ер нь хэрэг гарах хүнд л өглөг өгнө гэж бодож өгвөл буруу. Өглөг өгнө гэдэг бол цаад бодьгал хэн байх нь хамаагүй, зөвхөн наад өгч байгаа  хүний сэтгэл л чухал. Үнэнээсээ өгье гэсэн бодлоор, хүндэтгэлтэйгээр өгөөд сэтгэл тань баясаж байгаа бол таны өглөг багадахгүй, гуйлагчдын тоо хамаагүй, бүрэн өглөг болсон гэсэн үг шүү.

Хутагтын энэ яриа сэтгэлд тун сайхан санагдлаа, нээрээ Монгол багш маань “Та өглөг өгч байгаа л юм бол  шидэж, хаяж өгөх гэх хэрэггүй. Гарт нь бариулж, алган дээр нь тавьж өгч байгаарай” гэж сургаж хэлдэг нь энэхэн үед тодхон санагдлаа. Ер нь бол Хутагт энэ хэд хоногт нандин шүтээн бүхий газруудад тахил өргөх, тэнд буй өвчин зовлонтой, орон гэргүй өтгөс, нялхаст өглөг өгөхийн ач тусыг ойлгуулж явсныг дурьдах нь зүйтэй байх аа.

Өглөг өгөх нь биднийг баян эсвэл их эд зүйлтэй байхыг шаарддаггүй. Хаана байх, эсвэл юу хийж байхаас хамаарахгүйгээр  бид өөрийн дуртай зүйл бүрийг, жишээ нь идэж буй  хоол  унд, бидний амьсгалж байгаа цэвэр агаар, сэтгэлд тааламжтай жаргаж буй нарны төрхийг ч  сэтгэлээрээ хуваалцаж өглөгийн сэтгэлийг төлөвшүүлж эхэлж болно. Бидний сэтгэл баясаж буй зүйл бүхэнд бусад бас баясахыг хүсэх хүсэл нь бусдад хэрэгтэй байгаа зүйлийг бодитойгоор өгөх дараагийн үе шатын суурь болдог гэдгийг ойлгов. Бидний сэтгэл баясаж буй зүйл бүхэнд бусад бас баясахыг хүсэх хүсэл нь бусдад хэрэгтэй байгаа зүйлийг бодитойгоор өгөх дараагийн үе шатын суурь болдог гэдгийг ч ухаарч авцгаалаа.

Эл ташрамд V дүрийн Егүзэр хутагтынхаа тухай товчхон ярья. Егүзэр хутагт Данзанлувсанванжал дээдэс бээр 24 дэх жилдээ Бурханы ном үзэж байгаа бөгөөд биднийг очих үеэр Лхаарамбын дөрөв дэх жилийн шалгалтаа дүүргээд, Монгол дахь Егүзэр хутагт төвийн гишүүд, зарим сүсэгтэн олны төлөөллийг хүлээн аваад байлаа.

Тус төвийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхбаатар гэр бүл, найз нөхдийн хамтаар Хутагтаа эргэж очсон тул  тэднийг Дээрхийн гэгээнтэн Далай багшид бараалхуулах, хурал ном хуруулах, гүнцэг өргөх, эргэл мөргөлийн газраар хөтөчлөх ажлыг Хутагт бээр биечлэн үйлдсэний дээр шавь нар, зиндааны нь лам хувраг нар нь  оролцож тусалсан байна. Урт холын түүхтэй, үе үеийн дээдэс багш нар, хутагт хувилгаад, шүтээн сахиусны адистэдтэй дацан дуган, эргэл мөргөлийн газраар номын хүмүүсээр хөтөчлүүлнэ гэдэг хаана, юуг, хэрхэн бясалгах, аврал одуулах, сэтгэлдээ дадуулах хийгээд, үүх түүхийг сонсож, учрыг ухах ховор завшаан гэдгийг бид төдийгүй, буцсан нөхөд ч ам дүүрэн хэлцгээж байна билээ. Хүний нас урт юм шиг санагдах ч, өнөө маргаашийнхаа ажил амьдралын аар саарханд хөтлөгдөж, эргэл мөргөл хийж, буянаа хураах үйлийг цалгардуулах нь бий. Үнэн сүсэг, цаг зав, хөрөнгө сэлтээ зориулаад зөв газраа, эрдэмтэй лам нараар хөтөчлүүлэн буян хураах нь олдохуйяа ховор завшаан ажээ.

Егүзэр хутагт бээр уулзсан бүхэндээ  сэтгэлийн амгаланд орших, буян үйлдэхийн тухайд нэгээхэн ч гэлээ хэрэг тустай ном сургаал, тарни тэргүүтнийг айлдах нь нүднээ илт бөгөөд Тас цогцолсон ууланд очих замдаа  хамт  явсан хүмүүстээ  Бурхан багшийн сургаал номлолын охь шим болсон  "Бурхан болох зам мөр"-ийг айлдсан Билиг барамидын судрын "Дадияата ум гади гади бара гади барасам гади боди суухаа" гэдэг тарнийг хэлж өгч, тэд нар нь уг тарнийг цээжилчихсэн буусан зэргээс анзаарагдаж байлаа. Ингээд V Егүзэр хутагт маань дагалдах хүмүүсийн хамт Бангалораар дамжин Өмнөд Энэтхэгийн Гоман дацан руугаа морилох боллоо. Харин манай багийнхан дотоодын нислэгээр нисч Нью Делид хүрэх, тэндээсээ шөнөжин давхиж Энэтхэгийн баруун хойд хэсэгт орших Дармасала хот хүрч маргааш өглөө нь Далай багшид бараалхахад бэлэн байх яаруу учир гарсан тул мужийн төв Патна хот руу хөдөллөө.

 

МАШИНААР, ОНГОЦООР,  БАС МАШИНААР...

 

Патнагийн Нисэх онгоцны буудал дээр ирээд байтал Дарамсалад Дээрхийн гэгээнтэнд бараалхах хуваарьт өдөр  нэг хоногоор наашилсан гэсэн мэдээ ирсэн тул Шинэ Делид буусны дараах төлөвлөгөөнд ч өөрчлөлт орлоо. Цамбаа лам маань ёстой л утас халтал ярьж байж шуурхай зохицуулалт хийснээр Делид онгоцноос буумагцаа биднийг хүлээж байх гурван машины нэгт нь ачаагаа хийж буудал руу явуулаад, нөгөө хоёрт нь хуваагдаж суугаад шууд Дарамсала руу шөнөжин давхих зорилго тавигдаж байна.

Одоо хамгийн түрүүнд яах вэ гэвэл,  Энэтхэгийн дотоод нислэгийн харьцангуй бага хэмжээнд зөвшөөрөгддөг жинд нь  тааруулан ачаагаа өгнө, гар тээшинд хүнд юмнуудаа хийгээд, тэгэхдээ юу ч болоогүй юм шиг шүд зуун алхаж онгоцонд орно, маш хөнгөн зүйл байгаа мэт  харагдуулахын тулд онгоцны үйлчлэгчийн тусламж авалгүй, гар тээшээ суудлын дээд талын зайнууд руу хөп хап гээд л түүртэлгүй өргөөд шидчих ёстой болно. Гэхдээ бас огт зүдрээгүй царай гаргаж, үргэлж инээмсэглэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол үйлчлэгч сэжиг аваад  хүн бүрийн гар тээш гэх гурваас дөрвөн ширхэг, тэгээд маш хүнд юмнуудыг дахин жинлүүлэх шаардлага тавибал тэгээд л дуусах нь тэр...

Гэтэл, гэнэт манай  дугаарын аялалын нислэгийг хойшиллоо гэж  зарласан гэх  нь тэр...  “Дахиад гурван цаг л саатах юм бол бид машинаар яаж ч давхиад маргааш өглөөний  08:00 цагт Дээрхийн гэгээнтэн Далай багшийн орд өргөөний үүдэнд зогсож байж чадахгүй болно. Тэгвэл тийшээ  очихын ч хэрэг байхгүй л дээ”. Би бол ингэж бухимдаж байсан.  Бусад маань ч дуу шуу нь гарахаа больчихов, харин Цамбаа лам “Бүгдээрээ   Бурхан гурван эрдэнэд аврал одуулъя” гэж уриалснаар бүгд амандаа маани, тарни тоолж гарлаа.

40-50 минутаар хоёр ч дахин хойшилсны эцэст чанга яригчаар “6Е2185” гэсэн тоонууд уншсанаа зорчигчид онгоцондоо сууна уу... гэж байна гэхэд манай багийнхан “ээ бурхан минь” гэлцсээр хүнд хүнд цүнхнүүдээ чирсээр, онгоцонд суух хүзүүвч рүү чиглэлээ... Ташрамд зөвлөхөд утсандаа Энэтхэг дугаартай байх нь чухал юм билээ, аминд орсон шүү, бас багийн нэг хоёр гишүүн маань 50 мянган төгрөгөөр сим карт авсан гээд тэд зав чөлөөгөөрөө интернэтэд  чөлөөтэй “тонгочиж”  явсаныг хэлье.  Мань мэт нь яахав даа, хоолны газар, буудалд хаана л орно, Wi Fi-ныхаа кодыг хэлээд аль, хийгээд өгөөч гэж гуйсан шиг л явлаа л даа...

Патнагаас Шинэ Дели хүртэл хоёр цаг гаруйхан нисдэг болоод ч тэр үү, хоол өгөөгүй. Харин зууш, ундаа, өөр юу юу ч юм зарж худалддаг юм билээ. Хэлний бэрхшээлээс болоод цэс мэсийг нь харж, наймаа сонголт хийж чадаа ч үгүй. Хэлтэй улс бол ам хөдөлгөөд л байсан.

Нэгэнт хоол ярьсных, би Монголынхоо зарим компанийн бүтээгдхүүнийг магтах гээд байна. Жагар хоол монголчуудад бол хэцүү шүү, халуун ногоотой, карри хэмээх амтлагч ихтэй тул олон хүн идэж чаддаггүй. Хоёрдугаарт, бид яаруу давчуу явах үе гарч мэдэх тул хурдан түргэн хоол шөл буцалгаж идэх хэрэгтэй болно, иймд монголоосоо ууталж савласан хоол худалдаж аваарай, бас үхрийн мах шуузлаад атга атгахан хэмжээгээр агааргүй битүү савлуулах хэрэгтэй гэж хөтөч, удирдагч нар хэлж бэлтгүүлсэн нь нарийн учиртай байжээ. Үнэхээр л шар ногоон, эсвэл хүрэн бор өнгөтэй болтол нь карри хийчихсэн хоол нь хоолой давахаасаа өмнө хэл ам хорсгоод мань мэт нь “чикен райс” хэмээх хорголон чинээ тахианы мах  бөөрөнхийлсөн, цагаан будаатай хуурга маягийн хоолыг нь арай зөөлчилж /гэхдээ бас, ямар ч амтлагч, карри хийлгэхгүй гэж өмнө нь хэлүүлж байж  шүү дээ/ идээд явсан. Аа харин, гамбир, бин нь  бол их аятайхаан, манай шуузтай сайхан зохицно. Төвөд хоолны газарт орвол  “момо” гэдэг буузаар дагнасан.

Нутгаас гарахдаа эхнэр бид хоёр “Нарантуул” захын худалдагчаас асуухад “Шувуутайн гол” ХХК-ийн Борцтой гурилтай шөл сайн байх аа, гадаадад явах гэж байгаа хүмүүс их авдаг юм, ялангуяа “Тасалсан гурилтай шөл”-ийг нь сүүлийн үед бүр их асуудаг болсон гэж билээ. Үнэхээр сайн юм билээ. Яаруу үед, ялангуяа хоёр нислэгийн хооронд бол, хаа сайгүй байх халуун усны цэгээс ус аваад жаахан шууз хийгээд идчихнэ. Харин орой буудалдаа гурилтай шөл буцалгаж, тэр хавиар нэг борцны үнэр сэнгэнүүлж байгаад шөлтэй хоол идэж хөлсөө нэг гаргана шүү дээ. Манай үйлдвэрлэгчид юм хийж сурч байгаа юм билээ. Манайхан бас “Талын монгол”, “Юу Би Брэнд” гэсэн хаяг шошготой савласан хоолнууд гаргаж ирж байсан, аль аль нь тун давгүй ээ.

Бас хоол цай буцалгах жижиг цахилгаан тогоо авч явах хэрэгтэй. Хоёр хүн дундаа нэг байвал, нэг тогоонд ээлж хүлээж саатахгүй, зэрэг зэрэг хоолоо хийгээд идэж амжина. Харин нөгөө “вилка” гэдэг залгуурын үзүүрийг нь бол хоёр шонтой, тэгэхдээ уртхан төмөртэйг нь авч явах хэрэгтэй шүү. Шилжүүлэгч, салаалагч байсан ч төмөр шон нь л урт байх нь зөв, яагаад гэвэл Энэтхэгийн  “розетка” нь их гүн нүхтэй юм билээ.

Индира Гандийн нэрэмжит Олон улсын нисэх онгоцны буудалд буугаад ачаа тээшээ дахиад л “бужигнуулах” хэрэг гарлаа. Урьдчилан төлөвлөж ярилцсан байсан тул хүн бүр нэг нэг буланд суугаад, Дарамсалад өмсөх ёслолын дээл хувцас, ойр зуурын хэрэглэх юмнуудаа үүргэвч саванд хийж аваад бусад хувцас хунар, Балба, Бодьгаяагаас цуглуулсан хүж, цөгц, Варанасигаас авсан торго дурдан гээд бүх л зүйлсийг  тээшний  том хайрцаг савандаа чихээд үлдээж байгаа хэрэг. Ингээд онгоцны буудлаас бидний илүү ачааг аваад,  мөн л урьдчилаад ярьчихсан зочид буудлын нэг өрөөнд хүргэж хадгалуулах үүрэг хүлээж хөлс хүчээ тохиролцсон  нэг машины жолооч хархүүд хүлээлгэн өгвэй. Яагаад үүнийг дэлгэрэнгүй бичээд байна вэ гэвэл, дараагийн хүмүүст бас хэрэг болж болуужин хэмээв. Нэг баахан юм чирч явах нь онгоцонд суух байтугай  суудлын машин хөлслөх үед тээр дараасан шахуу болж хүндрэл учруулах тул зарим үед сайтар янзлаж ялгаад, тухайн үед хэрэглэхгүй, үндсэн ачаа тээшээ зочид буудлын хонгилын эсвэл нэг өрөө хөлслөөд хадгалуулж орхиж байвал зүгээр юм билээ л гэж...

За ингээд дахин хоёр “иннова” хэмээх жип машинд хуваагдан суугаад Дээрхийн гэгээнтэн Далай багш морилон суух Дарамсала хот руу шөнө дунд хөдөллөө.  Өмнөх нэгэн дугаарт дурьдаж байсанчлан Цамбаа ламын түнш, түнш гэхээсээ илүү анд нөхөр нь болох, Шинэ Делийн Төвөд хороолол-Манжнукад авто тээврийн үйлчилгээ явуулдаг компанийн босс Жэтү гэдэг нэртэй жагар нөхрийн шуурхай зохион байгуулж өгсөний хүч шүү дээ хэмээн талархан ярилцаад, нөгөө талаар илүү гараад байсан ачаа тээш, хойшлоод байсан нислэг гэх мэтчилэн сандрал түгшүүр арилаад зарим маань машинд ормогцоо  унтаад өглөө.

Одоо санаа зовох ганцхан зүйл л байгаа. Тэр нь маргааш өглөө 08:00 цагт Далай багшийн өргөөний гол хаалган дээр амжиж очсон байх гэдэг л байна. 500 гаруй км газар гэдэг манай Монголд бол амархан, гэвч энэ компанийн машинууд 80 км-ээс илүү хурдтай явбал дуугараад байдаг сигнал шиг юмтай, дээр нь Дели нь өөрөө юм уу, эсвэл захын  дүүрэг, дагуул хот нь мэдэгдэхгүй үргэлжлэх барилга байшингуудаас мултралгүй түгжирсээр нэлээн цаг алдаж яваа болохоор Энэтхэгт бол эрсдэлтэй л хэрэг болж байлаа. Гэвч Дээрхийн гэгээнтэн, дээдэс багш нарын адис жинлав ивгээх буй заа...

Үргэлжлэл бий...

С.Эрдэнэцогт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top