ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН БА ДАРАМСАЛА
XIV Далай лам, Дээрхийн гэгээнтэн хэмээх Данзанжамц дээдэс (1935 оны долоодугаар сарын 6-нд төрсөн, одоо 90 настай)-Буддын шашны урсгал болох шарын шашны тэргүүн лам бөгөөд төвөд үндэстний оюун санааны удирдагч, Далай ламын арван дөрөв дэх дүр буюу одоогийн амьд сэрүүн дүр юм. Жанрайсаг бурхан (Мэлмийгээр болгоогч)-ы хувилгаан, амьд бодьсадва гэгддэг.
1989 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн тэрбээр хүн болж төрсний хувиар хүний тулгуур мөн чанар болох энэрэн нигүүлсэх сэтгэл, уучлах сэтгэл, уужуу ухааныг, хувраг хүний хувьд шашин хоорондын эв нэгдэл, харилцан ойлголцлыг, Төвөд хүн болохын хувьд Төвөдийн Бурханы шашны хүчирхийлэлгүй, энх амгалан амьдралын соёлыг хадгалан уламжлуулахыг өөрийн гурван гол үүрэг гэж үздэг дэлхийн дахинаа танигдсан нийгмийн зүтгэлтнүүдийн нэг юм.
Түүнийг дөрвөн настайд нь Далай ламын хувилгаанаар тодруулж, 1940 онд Будалин ордонд ширээнд залах ёслол хийжээ. 1959 онд 24 насандаа улс төрийн шалтгаанаар Төвөдөөс дүрвэж Энэтхэгийн Дарамсалад оршин суух болсон. Энэ тухайд бол хүмүүс нэлээд сайн мэдэх байх. Гэсэн ч би зарим мэдээллийг дурдая гэж бодлоо.
Тэрбээр Төвөдийн Амдо газар буюу Хөхнуур мужид төрсөн бөгөөд Лхамдонров гэдэг нэртэй байсан, харин Далай ламаар өргөмжлөгдсөн даруйд нь Ретин ринбүчигээс түүнд Данзанжамц гэдэг номын нэр хайрлажээ.
Дээрхийн гэгээнтэн зургаан настайгаасаа тухайн үеийн томоохон эрдэмтэн лам, ринбүчи нараар ном заалгаж эхэлжээ. Түүний сургалтын хөтөлбөрт нь их, бага таван ухаан багтдаг байжээ. Их ухаанд учир шалтгааны ухаан, Төвөдийн урлаг соёл, самгарди хэл, тэжээхүй ухаан ба Буддын гүн ухаан орно. Үүнээс Буддын гүн ухаан нь мөн дотроо таван аймгаас бүрэлдэнэ. Тэдгээр нь пражнапарамита буюу билгийн чиндад хүрэхүй, мадхъяамака буюу төв үзэл, винай буюу сахил санваарын ёс, абхидхарма буюу метафизик, прамана буюу логик ба танин мэдэхүй болно. Таван бага ухаан нь яруу найраг, хөгжим, драм, одон зурхай, үг зүй, ёгт нэр зэрэг болно гэжээ.
1959 онд буюу 23 насандаа тэрбээр Лхасын Жохан сүмд жил тутмын ерөөл хурлын үеэр дамжаагаа онцгой сайн барьж Буддын гүн ухааны хамгийн дээд, орчин үеийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй дүйцэхүйц лхарамба гэвш мяндаг хүртсэн байна.
Хятадын иргэний дайнд эцэстээ 1949 онд коммунист цэргийн хүчин ялж Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) байгуулагдсанаас 1 жилийн дараа 1950 оны 10-р сард “X Ванчин богдоос урин залсны учир” хэмээх шалтгаанаар Хятадын Ардын Чөлөөлөх Арми Төвөд рүү довтолж зэр зэвсэг муутай Төвөдийн цэргийг төвөггүй ялснаас хойш Төвөд нь БНХАУ-ын нэгэн хэсэг болжээ.
1959 онд Лхаст Хятадын эсрэг хэд хэдэн томоохон бослого болж байх үеэр хүнд байдалд орсон XIV Далай лам дагалдагсдын хамт Төвөдын өмнөд хөрш Энэтхэг рүү дүрвэн гарсан байна. Далай ламын араас Энэтхэг рүү 80 мянга гаруй төвөд иргэн Хятадын эрх баригчдаас зугтан дүрвэсэн байдаг. Энэ үеэс Далай лам хилийн чанад дахь Төвөдийн Засгийн газрыг байгуулжээ.
Дээрхийн Гэгээн XIV Далай лам Данзанжамц өөрийгөө Буддын эгэл лам хэмээн нэрийддэг билээ. Тэрбээр бага насныхаа тухайд, "Миний урьдын дурсамжууд маш энгийн байдаг. Жишээлбэл би зодолдож байгаа хүүхдүүдийн дийлэгдэж буй, хүч муу хүүхдийн талд ордог байсан юм. Би ээжийн хамт тахианы чингэлэгт өндөг түүхээр ороод тэнд хоцрон үлдэж байснаа санадаг. Тахианы үүрэнд сууж эм тахиаг дууриан дугарах явдал надад их таалагддаг байсныг санаж байна.
Миний бас нэг дуртай зүйл бол бага байхдаа цүнхэнд хувцсаа цуглуулан чихээд алс хол аялалд явах гэж байгаа мэт "За би Лхас орно, За Лхас орно доо" гэж үглэдэг байв. Хожим энэхүү баримтын талаар, бас ширээний толгойд суулгаж байхыг үргэлж шаарддаг байсан зэрэг үйл явдлыг дурсацгааж, ирээдүйд агуу их үйл хэрэг бүтээх тухай өөрөө мэдэж байгаагийн зөн билгэ гэж ярьцгаах болсон юм” гэж өгүүлсэн байдаг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нь Бурхан Багш Шагжтүвийн үед амьдарч байсан бярман хүүгээс эхэлсэн Жанрайсиг бурханы 74 дэх дүр гэгдэх бөгөөд энэ талаар: -"Үүнд та үнэхээр итгэдэг үү гэж надаас үргэлж асуудаг юм. Хариу өгөхөд тун амар биш. Гэвч өөрийн одоогийн энэ амьдралын туршлага, мөн буддын шашинтны итгэл үнэмшлийн хувьд ч урьдын арван гурван Далай Лам нар болон Жанрайсиг бурхантай, мөн Бурхан багш Шагжтүвтэй оюун билгийн гүн холбоотой болох баримтыг төвөггүй хүлээн зөвшөөрч байгаа." хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдсан байдаг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ба түүний дагуул хүмүүс Лхасаас гарснаас гурван долоо хоногийн дараа Энэтхэгийн хил дээр хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн торгон цэрэг тэднийг угтан Бомдила хот хүртэл дагалджээ. Энэтхэгийн засгийн газар Далай Ламд болон түүнийг дагагч нарт хорогдох газар олгох зөвшөөрөл өгч байгаагаа аль хэдийнээ урьдчилан мэдэгдсэн байлаа. 1959 оны 3-р сарын 31-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Нерутэй уулзаж Энэтхэг рүү дүрвэн ирсэн Төвөд хүмүүст дэмжин туслах арга хэмжээний талаар ярилцан тохирчээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд хүүхдүүдэд орчин үеийн боловсрол олгох нь чухал гэдгийг ойлгон Энэтхэгийн Боловсролын Яамны дэргэд Төвөдийн дүрвэгсэдийн боловсролын асуудлыг шийдэх тусгай салбар нээх талаар Нерутэй ярилцаж тохиролцсон байдаг. Энэтхэгийн Засгийн газар Төвөд хүүхдүүдийг сургах сургууль нээх, түүний бүх эд хөрөнгийн зардлыг өөртөө хариуцан авчээ.
1960 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн ард түмний бослого гарсны нэг жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл хийхдээ, "Би Төвөд нутагтаа үлдсэн ард түмэнд хандан ирээдүйг харсан алсын бодлоготой байх тал дээр онцгой анхаарал тавихыг хүснэ. Харин цагаачлан гарсан бидний хувьд хамгийн гол зорилго бол шинэ газарт аж амьдарлыг тохинуулахыг хичээж, өөрсдийн уламжлалт зан заншлаа нандигнан хадгалах явдал маш чухал боллоо” хэмээн айлдсан байна.
Үзэсгэлэнт байгаль, шилмүүст ой, царс, нарс модон төгөл дунд хүжсийн анхилуун хийгээд асаж буй шар тосон зулны хурц үнэр холилдон ханхалж, улаан, шар хувцастай лам нар, шагайдаа бараг хүрсэн чува хэмээх нэхий дотортой дээл /одоо бас төвөд залуус шилмэл загварын даавуун гоёмсог чува өмсдөг болсон байна лээ/ уламжлалт хормогч бүхий эмэгтэйчүүд эргэл гороо хийж, залбирал, тарнийн намуухан дуун дуурьсаж байдаг энэ өндөрлөг, харьцангуй бяцхан талбай дэлхийн Буддистуудын ариун нэгэн газар болон оршиж байдаг юм. Учир нь энд Далай багш заларч байдаг билээ.
Далай багш: -Энэ дэлхийд ирсэн өдөр байгаа шигээ буцах өдөр чамд бий. Бурхан багшийн ч зөрчөөгүй үнэн жамтай нүүрэлдэх цагт бусдын үнэлэмж биш, өөрийн чинь уг чанар л хувь заяаг тань шийднэ. Тийм учраас амьдралыг хэрхэн туулах, жинхэнэдээ хэн байхыг хүсэж байгаагаа өөрөөсөө асуу... Тэгээд түүндээ л үнэнч амьдар. Бусдын дээр гарах гэж биш, өөрөө өмнө нь байснаасаа илүү хөгжих гэж хичээгээрэй. Энэ бол хүний амьдралын эрхэм зорилго билээ гэж сургасныг бид санасаар Дарамсалагаас буцаж явна... Тайванбаатар сүсэгтэн маань Далай багшид сүслэн “Бодь мөрийн зэрэг” номоос цээжээр уншин нэгэн ёсны өргөл өргөсөн. Харин би Богд Зонховын зохиосон “БУРХАН БАГШИЙН МАГТААЛ”-ыг бидний аяллыг буян санаж сайн дураар хөтөлж байгаа Н.Цамбанүрдэв ламын орчуулснаар уншиж цээжилж яваагаасаа төгсгөлийн шад шүлгийг нь нийтлэе гэж бодлоо.
Үүнд:
Өдгөөгөөс бодийн шимийг олж,шулмасын өмгийг
Өвч хэзээд ялан дийлэх төдий хүртэл
Үргэлж та бээр эзлэн, дагуулан бариад
Үлэмж зарлигийн рашаанаар би үл ханах болтугай.
Авралт таны ариун лагшин ямар мэт хийгээд
Ариун нөхөд, насны хэмжээ заларсан орон болоод
Эгнэгт дуурьсах суу алдар тань ямар мэт бөгөөс
Эл бид бүхэн тийм эрхэмсэг ариун байх болтугай
Эгнэшгүй танд магтаал залбирал өргөсөн буяны хүчээр
Эрхбиш бидний орчин тойрон, орон дэлхийд өвчин тахал
Эмгэг, үгүйрэл ядуурал, хэрүүл тэмцэл өнөд анирлаж
Эрдэм ном, өлзий хутгийг арвитган адислан соёрх оо... хэмээсэн байдаг бөлгөө.
Ж.Эрдэнэцогт
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл ( 0 )