Балбын нутагт хийгээд Жагарын оронд зорчсон тэмдэглэл - 10

2025 оны 02 сарын 05

БИЛГҮҮНИЙ ЗҮРХЭН СУДАР БУЮУ ТАС ЦОГЦОЛСОН УУЛНАА

 

“Би бээр ийн хэмээн сонссон, нэгэн цагт Ялж төгс нөгцсөн-Бурхан Багш Ражгирийн Тас цогцолсон уулнаа гэлэн хуврагийн их аймаг хийгээд бодьсадвын их хуврагуудын хамт нэгэн дор залран авай.” гэжээ. Их хөлгөний судрын аймгийн сургаал бүгдийг хутагт Манзушри бээр сонссон учир “Би бээр сонссон” гэж буй. Үүнээс “ийн хэмээн” гэсэн нь “Билгүүний Зүрхэн” судрыг хэлж байна. “Сонссон” гэдэг нь Бурхан Багшийн дэргэд сонссон буюу түүний аман гэгээнээс шууд чихээр сонссоныг хэлж буй. “Нэгэн цагт” гэсэн нь “Билгүүний Зүрхэн” судрыг бусад цаг үед номлоогүй буюу Бурхан Багш Ражгирт эдгээр шавь нарт ганцхан удаа номлосныг илэрхийлж буй... хэмээжээ. Тэгэхээр Ялж төгс Нөгцсөн-Бурхан Багш, газар нутаг нь Ражгирийн Тас Цогцолсон уул, нөхөд шавь нь олон гэлэн, бодьсадва хийгээд их бодьсадва нар бөгөөд эдгээр шавь нарт ямар утгыг айлдсан буй хэмээвээс “Билгийн цаад чинадад хүрэхүй-Билгүүний Зүрхэн” үүнийг номложээ.

 

 

“Ражгирийн” гэсэн нь Бимбисара хааны нөлөөгөөр олонд алдаршсан тухайн нутгийн нэр юм. “Тас Цогцолсон уул” гэдэг нь оройд нь олон шувууд оршдог уулын нэр, “гэлэн хуврагийн их аймаг” гэсэн нь олон хувраг цугласныг илэрхийлж байна. “Бодьсадвын их хуврагууд” гэсэн нь бүгд билгийн цаад чинадад хүрэхүйн бүрэн утгыг илтэд болгоосон, мөн үүгээр билгийн цаад чинадад хүрэхүйд оршсон олон бодьсадва тэнд байсныг илэрхийлж байна. “Нэгэн дор залран авай” гэсэн нь Бурхан Багшийг олон нөхөд тойрон хүрээлж суусныг харуулжээ хэмээн Дээдийн номын тайлбар, дээдэс багш нар өгүүлсэн байдгийг Хутагт хийгээд хоёр лам нар үг бүрчлэн сэргээн санаж хоорондоо ярилцан өндөр уул руу аажимхан өгсөж эхэллээ. Миний бие энэ яриаг утсан дээр буулган авахыг хичээн гар сунган явахын сацуу замын хажуугаар эгнэн суусан гуйлга гуйгсад руу үе үе хараа  тусгаж, бас өгсүүр шатны гишгүүрт онож гишгэх гээд чамгүй тэвдэж явснаа нуугаад яахав...

 

 

Ашгүй дагуулан замчлагч  Хутагт хийгээд лам нар маань  энэ байдлыг ойлгож яваагийнх түр саатаж, бас үе үе тохиох жижиг тавцангуудад сууж амрах боломж олгох нь анх удаа аялагч, настай хижээл биднийгээ бодсон хэрэг байлаа. Бас тэртээ дээрээс  элдүүрт ханасан сур гэмээр шавилхан боловч тэр чигтээ шөрмөс шандас болсон дөрөв дөрвөн эрчүүлээр дамнуулан доош заларч явах янхир европ өвгөн, бэлцгэр данагар ази авгайчуул гурвын зэрэг таарсан нь мань мэтэд далим болж, чанга дуугаар анхааруулах дохио өгөн хадан цохион дээгүүр хөл нүцгэн шогшин уруудаж яваа  дамнуурагчдад  зам тавьж өгөх шалтгаар хэсэг амсхийх далим нэмж олдов. Зориулалтын модон таягнууд ч хэрэг боллоо. Ингэж явсаар орой дээр нь гараад очлоо.

 

 

Зам зуур хоёр ч агуй, эсвэл хадны хонгил таарсан боловч зүүн өмнөд Азийнхан бололтой мөргөлчид ороод суучихсан, хөтлөгч лам нар нь дуу цацруулагч, жижиг өсгөгч ашиглан домм яамм, дунн намм... гэх маягийн сонин аялгуугаар Бурхны ном уншиж, бусад нь дагалдаж байгаатай тааралдсан, тэд ер яарах шинжгүй, магадгүй тэндээ хоноглодог ч байж мэдэхээр харагдсан шүү. Ямартай ч маш шингэн цагаан цэнхэр, эсвэл саарал өнгийн өмсгөлтэй Вьетнам, Бирм, Тайланд, Индонези, Лаос маягийн лам, энгийн мөргөлчид Бодьгаяа болон Бурхан багшийн ариун газруудын талбай, цэцэрлэг, модны сүүдэр, тавцан сандал бүгдийг хэдэн хоногоор ч юм эзлэн суугаад ном бясалгал хийдэг болчихсон, тэр ч байтугай 50-60-аараа нэг эгнээнд ороод  биеэр төөлж, бүтэн сунаж мөргөөд /ингэхдээ хэн нэгнийхээ өсгий дээр нэг ч гишгэхгүй/ сүм хийдийг гороолж явахыг ч харлаа. Гэхдээ энэ нь тэдний зохион байгуулалтыг биширсэн үг шүү. 

“Тас цогцолсон” хэмээх энэ уулын орой нь тэрүүхэн тэндээ тэгшхэн, алсын харууцтай, ар дээрээ салхи хаасан өндөр хадан цохиотой. Энэ цохионы хойд хормойд нь залбирал бясалгал хийгчид  алсаас ирэх аядуу намуухан салхийг угтан сөхөрч суудаг, бусад нь бол  тусгайлан тохижуулсан тавцан дээрээс  эргэн тойрныг ажиглаж, зураг хөрөг авахуулж, бурхан шүтээнд мөргөдөг юм байна.

Бид чулуун хашлага дотор тойрон суугаад Хутагт болон Цамбаа лам хоёроос ном сонслоо. Тэр хоёр хоёулаа  Монгол багшийн шавь бөгөөд цөөхөн жилийн өмнө ачит багшийгаа дагалдан энэ ууланд ирэх завшаан тохиосон тухайгаа ярьж, улмаар тэр үед багш маань ийн айлдсан гээд сонсож тогтоосноо бидэнд дамжуулан хэлж  өгсөн юм. 

...Бурхан багшийн айлдвар номлол нь бидэнд бичгээр болон багш нараар үе дамжин уламжлагдаж ирснийг “Дээдийн ном” гэдэг билээ. Бурхан багш гэгээрээд номынхоо хүрдийг гурвантаа эргүүлсэн. Анхны удаа Варанасад “Дөрвөн үнэн”-ийг номлож, хоёр дахь удаад Тас цогцолсон ууланд “Ширнэн” буюу “Билгийн зүрхэн” тэргүүтэй судрын аймгийг айлдсан бол гурав дахь удаагаа Вайшали балгаст “Машид сайтар ялгасан” номын хүрдээ эргүүлжээ.

Бурхан багш хоёр дахь удаагийн номын хүрдээ энэ уулан дээр эргүүлж  Билэг барамидийн ном айлдахдаа бусад газар айлдсанаас арай өөр онцлогтой үйлдлийг үзүүлсэн байдаг. Өмнө нь Бурхан багш шавь нарын зассан суудал дээр гарч суугаад номоо айлдчихдаг байсан бол энд болохоор суудлаа өөрөө засаад түүнийгээ гурав тойроод, өмнө нь ирж  мөргөчихөөд тэр суудал дээрээ гарч суужээ. Энд яагаад тийм онцгой зохиолыг үзүүлэв ээ гэсэн чинь яг энэ уулан дээр айлдсан Билэг Барамидийн судар ном  84 мянган цогц номын дундаас хамгийн гол охь шим нь багтсан гол ном нь байсан ажээ. Тодруулан хэлэх юм бол, энэхүү уулын орой дээр Бурхан багш хувь төгөлдөр оюун ухаан хамгийн өндөр түвшний шавь нартаа Билгийн чанадад хүрэхүй буюу Бурханы шашны гол амин мод болох эх болсон хамаг амьтныг нэгэн хүүтэй эх мэт энэрэх бодь сэтгэл, орчлон хорвоогийн зовлон бүхэн гарахын шалтгаан болсон миниймхийлэн барих сэтгэлийн ерөндөг болсон “Бүх юм учир шалтгаантай, өөрийн мөн чанараас бүтсэн юм тоосны төдий ч байхгүй” хэмээх  хоосон чанарын номыг айлдсан бөгөөд энэ билгийн чанадад хүрэхүйн сургаал нь Бурхан багшийн айлдсан 84 мянган сургаал дотроос хамгийн гол, хамгийн дээд, хамгийн чухал сургаал гэж айлдсан гэж Монгол багш маань ярьж өгчээ.

Цаашлаад, Бурхан багш Анандад “миний бусад сургаалийг мартаж болно,  гэвч Ширчэн до буюу Билэг барамидийн сургаалийг нэг үг үсгийн алдаагүй дэлгэрүүл” гэж машид даатгасан бөгөөд “Билэг барамидийн номыг сонсох, санах, бичих тэргүүтэн нь гурван мянган ертөнцийг алт эрдэнэс тэргүүтэн элдэв эрдэнээр дүүргэж Чухаг дээд гуравт өргөхөөс ч илүү буянтай”  гэж айлдсан гэдэг. Мөн Билэг барамидийн сургаалийг айлдаж байхдаа Бурхан багш хувилгаан лагшингаар Балдан брайвун буюу будаа овоолсон суваргад Шамбалын хаан Даваасамбуу тэргүүтэй тэнгэр, хүн, лусын аймгуудад Цогт цагийн хүрдэн буюу Дүйнхор бурханы авшиг хүртээснээр тэдгээр өөр өөрсдийн орондоо очиж дэлгэрүүлсэн гэдгийг ч  Монгол багш маань өгүүлэн айлдсан гэж дурсаад “Ширнэн” номыг уншихад монгол лам нарын хувцас өмсгөл, номын цээж, дуу хоолойг сонирхож биширсэн аялагч мөргөлчид тойрон бүчээд авлаа.

Далай багш нэгэн удаа айлдвартаа “Бурхан Багш Тас цогцолсон уулнаа хоосон чанарын тухай үзэл онолоо айлдсан билээ. Юмс баттай бус, өөрийн мөн чанараараа бүтээгүй болохыг сайтар бодоорой. 

Бид юуны учир зовдог вэ гэвэл юмс үзэгдлийг өөрийн эрхээр бүтсэн, баттай оршиж буй мэт үзэж түүнд мунхагаар шунадагт оршиж буй. Хэрэв юмс үзэгдлийг тав, эсвээс долоон ухааны учир шалтгааны үүднээс нягтлан шинжилвээс энэ, тэр гэх зүйл огт олдохгүй. Юмс үзэгдэл үнэндээ шүтэн барилдлагаар, гагцхүү нэр томьёоны төдийд оршиж буй юм. Юмс үзэгдэл бүхэн ердийн түвшинд бидний хэл авиагаар дамжуулан нэрлэсэн нэр томьёоны төдий юм. Хамаг амьтан бүгдийг энэрч хайрласан энэрэнгүй сайхан сэтгэл болон хоосон чанарыг бодож бясалгах энэ хоёр зарчим дээр үндэслэж бурханы хутгийг олдог. Эндээс л бурханы дүрст лагшин хийгээд номын лагшин төрдөг юм.

 

 

Бодь сэтгэлийг хоосон чанарыг таньсан билиг билгүүнтэй хослуулснаар бид сэтгэлээ жинхэнээр өөрчилж чадна. Тийм учраас би өглөө бүр, сэрсэн даруйдаа бодь сэтгэл болон хоосон чанарыг бясалгадаг. Энэ бол миний хамгийн гол үндсэн дадлага юм шүү. Ядам бясалгах нь маш сайн хэрэг ч эдгээр хоёр үндсэн зарчмыг суурь болгоогүй цагт төдийлэн үр дүнд хүрэхгүй юм шүү” гэснийг олж үзэв, та нартайгаа хуваалцая даа...

 

Үргэлжлэл бий.

Ж.Эрдэнэцогт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu